...
...

Б.Бямба-эрдэнэ: "Би хүүхдээ зодоод гэмтээчихлээ" гээд дагуулаад ирдэг эцэг, эх байдаггүй

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв /ГССҮТ/нь Нийслэл хотын мянга мянган иргэдэд яаралтай тусламж үзүүлж, эрдэнэт хүний алтан амь насны төлөө шаргуу ажилласаар буй. Тус эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламж үзүүлэх тасаг өдрийн 08.00- 24.00 цагийн хооронд 500 гаруй өвчтөнд анхан шатны болон хоёр дахь шатлалын эмчилгээ үзүүлдэг аж. 


Бид тус эмнэлэгт хандаж, хүүхдийн бэртэл гэмтэл ямархуу байдалтай байгаа талаар мэдээлэл авахаар ГССҮТ-ийн хүлээн авах, яаралтай тусламжийн  хүүхдийн эмч Б.Бямба-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа. 

Хүүхдийн түлэгдэлт ямар байдалтай байна вэ?

- Хүүхдийн түлэгдэлт ихэвчлэн эцэг эхийн анхаарал халамж муу байдлаас болж үүсдэг. Хүүхдүүд халуун тогоо, ус буцалгагч, халуун сав зэргийг татсан, дээр нь унаснаас болж түлэгдсэн байх ба дийлэнх хувийг нь халуун тогооны түлэгдэлт эзэлдэг юм. Өмнөх онтой 2017 оны түлэгдэлтийг харьцуулахад түлэгдэлтийн тоо багассан ч энэ төрлийн гэмтэл гарсаар байгаа нь нууц биш. 

Түлэгдсэн үед эцэг эхчүүд анхны тусламж буруу үзүүлэх тохиолдол байдаг. Энэ тал дээр зөвлөгөө өгвөл?

- Энэ их асуудал үүсгэдэг. Янз бүрийн зүйл түрхчихсэн ирдэг юм. Элсэн чихэр, барааны саван, гутлын тос, нохойн цус, нойтон үхрийн баас гэх мэт санаанд оромгүй арга хэрэглэсэн байдаг. Гутлын тос болон өөр бусад зүйл түлэгдсэн арьсны гадаргууд түрхэх нь химийн түлэгдэлтийг нэмж үүсгэж байдаг. Үүнээс шалтгаалж түлэгдэлт хүндэрч ямар нэгэн байдлаар халдвар авах тохиолдол бий. Ерөнхийдөө түлэгдэлт үүссэн үед үзүүлэх хамгийн анхны тусламж түлэгдсэн газраас л холдуулах. Температурыг буулгах буюу хүйтэн усаар 10-15 минут шавшиж өгөх. Гарын дор өвчин намдаах лаа байвал хийх. Үүний дараа эмнэлэгт хандах. Анхааруулж хэлэхэд, хаанаас хэзээ орж ирсэн нь мэдэгдэхгүй тос, элдэв янзын эм хэрэглэхгүй байх шаардлагатай. 

Өвлийн улиралд халтиргаа гулгаа их учраас гар хөлөө бэртээсэн хүмүүс их ирж байна уу?

- Мэдээж улирлаас шалтгаалан энэ төрлийн бэртэл гэмтэл ихэсдэг. Гэхдээ одоогийн байдлаар хичээл сургууль амарсан учраас багассан байдалтай байна. Ихэвчлэн багш, эцэг эх хоёрын хооронд анхаарал муудсан үед сурагчид бэртэж гэмтэх, осолд орох тохиолдол их бий. 

Автомашины осолд бага насны хүүхдүүд их өртдөг. Танай эмнэлэгт ийм бэртэлтэй өвчтөн хэр их ирж байгаа вэ?

- Нарийвчилсан тоон мэдээллийг хэлж мэдэхгүй байна. Хэдэн зуугаараа ирэхгүй ч гэсэн мэр сэр гардаг. Яг ийм тохиолдолд эмнэлэг дээр ирсэн үед өвчтөний биеийн байдал хүндрэх нь гайгүй байдаг. 

Архидан согтуурсан үедээ бага насны хүүхдийг гэмтээж бэртээсэн тохиолдол хэр их гарч байна вэ?

- Энэ мэт хүчирхийллийн хэлбэр далд явагддаг учраас эмнэлэгт хандах нь бага байдаг. Мэдэгдэхгүй байх тохиолдол их. Нэг ёсондоо хүүхдээ зодчихоод "би хүүхдээ зодоод гэмтээчихлээ" гэж хэлээд дагуулаад ирдэг эцэг эх байдаггүй. 

Хэрвээ хүчирхийлэлд өртсөн хүүхэд ирлээ гэж бодоход сэтгүүлч нарт мэдээлэл өгч болох уу?

- Өвчтөний нууцыг хадгална гэдэг зүйл бий. Энэ бол ёс зүйн асуудал. Хууль шүүхийн өмнө л хэлнэ. Бусдаар бол хэлэхгүй. 

Иргэдэд юуг анхааруулж хэлмээр байна вэ?

- Хүйтний эрч чангарсантай холбоотойгоор осголт хөлдөлт нэлээн их ирж байна. Архи согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн үедээ осгох тохиолдол их байна. Иймээс ард иргэд маань архи дарсаа тохируулан хэрэглэж, эрүүл мэндээ анхаараарай. 

А.Тэмүүл

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ