Хүйтний улирал эхлэхээр томуу, томуу төст өвчний тархалт нэмэгддэг. Тэгвэл томуу, томуу төст өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх болон ХӨСҮТ-өөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Томуугийн Үндэсний нэгжийн халдвар судлаач их эмч Д.Оюунгэрэлтэй ярилцлаа.
- Сүүлийн үед томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс нэмэгдлээ гэх мэдээлэл байна. Томуу, томуу төст өвчний оргил үе гэж бий юу?
- Томуу, томуу төст өвчний улирал гэж байдаг. Тухайн оны аравдугаар сараас дараа оны тавдугаар сар хүртэл томуу, томуу төст өвчний улирал гэж үздэг ба өвчний тархалт энэ саруудад зонхилдог. Аравдугаар сараас эхлэн томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж, 1, 2 дугаар саруудад томуу, томуу төст өвчин оргил үедээ хүрч, гуравдугаар сараас өвчний дэгдэлт буурч, тавдугаар сар хүртэл үргэлжилдэг зүй тогтол бий. Жилийн турш томуу, томуу төст өвчин хүн амын дунд эргэлтэнд байж, хүмүүсийг өвчлүүлдэг. Ийм учраас манай Халдвар өвчин судлал үндэсний төв жилийн турш тандалт судалгааг хийдэг. Энэ жилийн байдлаар 10 дугаар сарын сүүлээр өвчлөл нэмэгдэж, 12 дугаар сүүлээр томуу, томуу төст өвчнөөр оношлогдож буй хүмүүсийн тоо огцом нэмэгдэж буй байдал ажиглагдаж байна.
- Томуу, томуу төст өвчнөөр хүүхдүүд хамгийн их өвчилж байна гэсэн мэдээлэл байна?
- Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт амбулаторид ирж үзүүлж буй хүмүүсийн 13,5 хувь, Улаанбаатар хотод 12 хувь, хөдөө орон нутагт 14,5 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна. Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн 25 хувь нь амьсгалын замын эмгэгтэй хэвтэн эмчлүүлж байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 90 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Эдгээрийн 55 хүртэлх орчим хувийг 4 хүртэлх насныхан байна. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 30 орчим хувийг 0-11 сартай хүүхдүүд эзэлж байна. Бид вирүс судлалын тандалтыг тогтмол хийдэг. Энэ жилийн хувьд 11 дүгээр сарын сүүлээс эхлээд улирлын томуугийн H3N2, B вирүс шинжилгээгээр илэрч байна. Энэ жил томуугийн вирүсээс гадна амьсгалын замын синцитиаль вирүс нилээд идэвхтэй байна. Томуу , томуу төст өвчний өвчлөл нь өмнөх оноос болон сүүлийн гурван жилийн дунджаас харахад бага зэрэг өссөн үзүүлэлт ажиглагдаж байгаа нь нэг зэрэг 2 төрлийн томуугийн вирүс, дээр нь синцитиаль вирүс өвчний шалтгаан болж байгаатай холбоотой болов уу гэсэн дүр зураг ажиглагдаж байна.
- Өвчний тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан ХӨСҮТ-өөс ямар арга хэмжээг хэрэгжүүлж байна вэ?
- Олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Томоохон арга хэмжээнээс дурдвал, вакцинжуулалтыг маш сайн хийсэн. Өмнөх онуудад хийгдэж байсан томуугийн эсрэг вакциныг 4-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний вакциныг улсын хэмжээнд хийсэн. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын 150 орчим цэцэрлэгийн 44 мянган хүүхдийн вакцинжуулалтанд хамруулсан байна. 65-аас дээш насны 52 мянган архаг хууч өвчтэй хүмүүс, 32 мянга гаруй эрүүл мэндийн ажилчид, 14 мянга орчим сургууль, цэцэрлэгийн багш, 24 мянга орчим цэрэг, цагдаа гэх мэт онцгой нөхцөл байдалд ажилладаг хүмүүсийг үнэ төлбөргүй дархлаажуулалтанд хамруулсан. Мөн 21 мянган хүн сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамрагдсан байгаа. Томуугийн вакциныг жил болгон хийлгэх ёстой байдаг онцлогтой. Учир нь томуугийн вирүс нь байнга хувьсан өөрчлөгдөж байдагтай холбоотой. Мөн сургалт, сурталчилгааны ажлыг идэвхтэй хийсэн, үргэлжлүүлэн хийсээр байна. Иргэдэд зориулсан сургалт сурталчилгааг сайт, телевизээр цацаж, мэдээлэл түгээсэн ба 14 мянга орчим сургалт, сурталчилгааны материалыг бэлтгэн, хэвлүүлж, эрүүл мэндийн байгууллагуудад тараалаа.
- Томуу, томуу төст хэрхэн халдварладаг вэ. Өвчний үед ямар шинж тэмдэг илрэх үү?
- Томуу, томуу төст өвчний вирүс нь өвчтэй хүнээс эрүүл хүнд шууд болон шууд бусаар дамжин халдварладаг. Шууд зам нь халдвартай хүний нус, шүлс агаарт цацагдаж эрүүл хүнд шууд халдварлах юм. Харин шууд бусаар халдварлахдаа томуугийн вирүс нь ямар нэгэн эд зүйлийн гадаргуу дээр буухад, тухайн зүйлд эрүүл хүн хүрч, гараа угаалгүй нүд, хамартаа хүрэхэд шууд бус замаар халдварыг авч байгаа гэсэн үг юм. Ханиад шуухинаа нь ханиах, толгой өвдөх гэх мэт ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрч байдаг. Тэгвэл томуугийн үед илрэх шинж тэмдэг нь арай өөр. Гэнэт огцом өндөр халуурах, үе мөч, булчингаар шархирч өвдөх, зарим үед бага насны хүүхдүүдэд ходоод гэдэс хямрах, таталт өгөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Амьсгалын замын синцитиаль вирүст халдвар нь ялангуяа 2-оос доош насны хүүхдийг өвчлүүлж, уушгины хатгалгаа, бөглөрөл үүсгэж хүндрүүлэх эрсдэлтэй байдаг.
- Хэрхэн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вэ. ?
- Ханиад томуугаас урьдчилан сэргийлэхэд бидний мэдэх маш энгийн аргууд байдаг. Гэвч бид өдөр тутмын амьдралдаа тэдгээр аргуудыг хэвшил болгож чаддаггүй. Тухайлбал, гараа тогтмол савандаж угаах, ялангуяа ханиаж найтаасны дараа гараа заавал угаах юм. Халдвар авахгүй, халдвар тараахгүйн тулд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх, шаардлагагүй тохиолдолд бага насны хүүхдээ дагуулан хүн ам олноор цугласан газраар явахгүй байх, дулаан хувцаслах, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, нүд, ам, хамар томуугийн халдвар тархах зам учир бохир гараа хүргэхээс зайлсхийх хэрэгтэй. Хэрэв та болон танай гэр бүлийн хэн нэгэн томуугаар өвдсөн бол бусдад халдвар тараахаас сэргийлж, сургууль, цэцэрлэг, ажилдаа явахгүй гэртээ үлдэж, мэргэжлийн эмчид хандахыг зөвлөе. Мөн өвдсөн бол амны хаалт хэрэглэх нь чухал. Амны хаалтыг хоёр цаг тутамд сольж байх шаардлагатай байдаг. Хэрэв өвдсөн бол эмчийн заавраар эмчилгээг хийлгэх хэрэгтэй гэдгийг байнга санах хэрэгтэй.
- Ярилцсанд баярлалаа.
Б.Янжиндулам