...
...

“Бригада” киноны Космосын хүнд хэцүү хувь тавилан

Жүжигчид кино дэлгэцнээ сайн, саар янз бүрийн дүрийг бүтээж байдаг. Ямар дүрд тоглохыг найруулагч, зураглаачид хариуцаж байдаг бол бодит амьдрал харин ямар ч найруулгад орох боломжгүйгээрээ онцлогтой.

“Бригада” олон ангит кино гарсны дараахан Дмитрий Дюжевын алдар нэр Орос орон даяар түгэв. Уг кинонд Космосын дүрийг бүтээсэн жүжигчин залуу олон мянган үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагууллаа. Харин тэдний ихэнх нь Дюжевын хэцүүхэн хувь тавилангийн талаар төдийлөн мэддэггүй байсан юм.

Дмитрийг 18 настай байхад тэдний гэр бүлд хүнд гарз тохиов. 12 настай хайртай дүү охин нь цусны өвчнөөр өөд болжээ. Уй гашууд автсан залуу хүү орчлонгоос өөрийгөө тусгаарлаж, сүмд бүгэхийг оролдсон боловч гэр орныхон нь ятган арайхийн болиулсан аж.

Урлагийн сургуульд суралцаж байхдаа ирээдүйн жүжигчин залуу өөрийгөө бусадтай харьцуулан чамлаж байсны улмаас сургуулиа хаяхад хүрч, түүний эцэг Петр Дюжев хүүгээ шийтгэн дэлгүүрт ажиллуулахаар болсон байна.

Аав нь мөн охиныхоо үхэлтэй эвлэрч чадалгүй, хүндээр шаналсан аж. Ингээд сэтгэлээ тайтгаруулахын тулд архи ихээр хэрэглэдэг болж, эхнэрээ зовоож эхэлсэн байна. Ингээд харамсалтай нь, 2002 онд буюу “Бригада” кино дэлгэцнээ гарахаас ердөө ганцхан сарын өмнө гэр бүлийн ээлжит маргааныхаа дараа амиа хорложээ.

Эцгийнх нь үхлээс нэг жилийн дараа жүжигчний ээж нь зүрхний шигдээсээр таалал төгссөн байна. Ийнхүү Дмитрий Дюжев гэр бүлээсээ цор ганцаархнаа үлдсэн аж. Хорвоогийн хатуу ширүүн хагацал гунигт нэрвэгдсэн жүжигчин залуу ахин сүмд бүгэхийг хүссэн боловч энгийн амьдрал л түүнийг аварч чадна хэмээн лам нар түүнд зөвлөсөн аж.

Залуу эрийн аз жаргалгүй байдал 2008 онд төгсгөл боллоо. Тэрээр хоёрдугаар сард Татьяна Зайцеватай гэрлэн, наймдугаар сард хүү Иван нь төржээ.

2015 онд тэдний гэр бүлд хоёр дахь хүү нь мэндэлсэн бөгөөд түүнийг эцгийнхээ дурсгалд зориулан Дмитрий хэмээн нэрлэсэн аж.

Д.Мигаа

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (7)

Онцлох мэдээ