Аливаа эм, бэлдмэлд үндсэн үйлчлэгч бодисоос гадна туслагч бодисууд (excipients) заавал орсон байдаг. Эдгээр туслагч бодисуудыг тухайн бэлдмэлийн жин буюу массыг нэмэгдүүлэх, шимэгдэлтийг сайжруулах, идэвхээ алдах (тундас үүсэх, ээдэх, задрах) зэргээс сэргийлэх, амт үнэрийг нь тааламжтай болгох зорилгоор ашигладаг.
Фруктоз/fructose, глюкоз/glucose, суркоз/sucrose агуулаагүй бэлдмэлийг сахар агуулаагүй буюу sugar-fee хэмээн хаягласан байдаг.
Хүүхдэд удаан хугацаагаар хэрэглэх бэлдмэл аль болох сахар агуулаагүй байхыг зөвлөдөг гол шалтгаан нь тэдний амны хөндийн ариун цэвэр, шүдний эрүүл мэнд юм. Хэрвээ эмч/эм зүйч сахар агуулсан бэлдмэлийг хүүхдэд зөвлөсөн бол амны хөндий, шүдний эрүүл ахуйн зөвлөгөөг заавал давхар өгөх ёстой.
Түүнчлэн аливаа сахар агуулсан бэлдмэлийг чихрийн шижинтэй, биеийн жингийн илүүдэл/таргалалттай хүнд зөвлөх ёсгүй.
Харин бензилийн спиртыг/benzyl alcohol бэлдмэлийн хадгалалтыг уртасгах (preservative) зорилгоор ашигладаг. Ийм бэлдмэлүүдийг 2 нас хүртэл хүүхдэд хэрэглэхгүй байхыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага зөвлөж байна.
Ялангуяа дутуу төрсөн, нярай, хавсарсан хүнд өвчтэй, эм тариа хэрэглэж байгаа хүүхдэд спирт агуулсан бэлдмэл хэрэглэж болохгүй. Учир нь бензилийн спирт биед нь хуримтлагдан хордлого үүсгэх эрсдэлтэй.
Бэлтгэсэн: А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250