Ливерпулийн оршин суугч, 52 настай Жефф Эдвард дунд сургуульд тааруу сурдаг байсан учраас дээд боловсрол эзэмшээгүй хэдий ч хүүхэд байхаасаа ном унших маш дуртай байжээ. Тэрээр амьдралынхаа ихэнх хугацааг тэнэмэл маягаар өнгөрөөж буй боловч номонд дурлах байдлаа огт орхисонгүй.
Иймээс ч британи хижээл эр саяхан Кембрижийн Их сургуулийн англи утга зохиолын факультетад элсэн орсон тухай Guardian мэдээлсэн байна.
Түүнийг хүүхэд байхад гэр бүлийнх нь бүх гишүүд ном уншдаг байсан аж. Түүний хамгийн анх уншсан сонирхолтой ном нь Шекспирийн “Венецийн худалдаачин” байсан гэнэ.
Дунд сургууль төгссөний дараа Эдвардс хэсэгтээ хөдөөний фермерүүдэд ажилладаг байсан бөгөөд амьдралынхаа үлдсэн хугацааг хэсэж тэнэж өнгөрүүлсэн байна. Британи эр хэдэн долоо хоногоор ч хамаагүй гадаа гудамжинд хоног төөрүүлдэг хэдий ч Кембрижид элсэж чадсан аж.
Оюутан болсон эр сургуулийнхаа номын санд хонон өнжин сууж, ном уншингаа бодит амьдралынхаа хүнд хэцүү байдлыг умартан мартдаг бололтой. Орон гэргүй эр өдөр бүр Кембрижийн сургуулийн гадуур өнгөрдөг байсан бөгөөд нэгэн удаа тийшээ орж үзэхээр шийдсэн явдал түүний амьдралыг эрс өөрчилжээ.
Тухайн үед Кембриж дээр хичээллэж байсан насанд хүрэгчдийн төлбөргүй эрчимт дамжаанд бүртгүүлж, долоо хоногт 40 цагаар гурван жилийн турш хичээллэсэн байна. Ингээд эцэст нь Кембрижийн оюутан болж чадсан аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250