Буэнос Айрос хотоос 547 км зайд орших Эпекуэний рашаан сувилалын тосгон 1920 онд байгуулагдаж, анагаах увидас бүхий давсархаг нуурынхаа ачаар 1970-аад онд алдаршиж иргэд жуулчдын хөлд дарагдсан аялал жуулчлалын гол цэг болж хөгжсөн байна.
Гэтэл 1985 оны 11-р сарын 10-нд олон өдөр дараалан орсон хүчтэй борооны улмаас нуурын ус эргээсээ хальж тухайн үедээ байнгын 1500 гаруй оршин суугчидтай байсан
Эпекуэн тосгон усанд бүрэн автах нь тэр.
Үерийн анхааруулга гарснаар иргэд өнөө маргаашийн хувцсаа л боож баглан, удахгүй гэртээ эргээд ирнэ гэсэн итгэлтэйгээр тосгоноос явсан боловч Эпекуэн тосгон нуурын давстай усанд 25 жилийг өнгөрүүлэх ёстой байжээ. Зуны оргил цагтаа бум бужигнаж, түм түжигнэсэн амралт, аялал жуулчлалын бүс болсон энэ газарт усанд автах үед буюу 1985 онд зоогийн газар, зочид буудал, дэн буудал бусад үйл ажиллагаа явуулдаг 280 гаруй бизнес цэцэглэн хөгжиж байжээ. Хамрах хэмжээгээрээ нүдэнд шууд багтах энэ жижиг сууринд 1950-1970 оны хооронд барагцаа тоогоор дотоод, гадаадын нийлсэн 25 мянган амрагчид ирж, алжаалаа тайлсан байдаг. Ингээд 25 жилийн турш давстай нуурын усанд 10 метрийн гүнд байсан тосгон ус татрахад эргэн ил гарч ирсэн боловч давсархаг усанд идэгдэж, эгээтэй л дэлхий төгсгөл л ийм байлтай гэмээр дүр зургийг бий болгожээ. Сууринд анхны оршин суугчдын нэг болох Пабло Новак гэх өвгөн эргэн очиж амьдарч эхэлснээр өнөөдөр Эпекуэн суурин албан ёсны хүн амын тооллогоор нэг оршин суугчтай гэж бичигддэг. Пабло өвгөний тухай “Паблогийн тосгон” нэртэй баримтат бүтээл 2013 онд хийгдэж, олны хүртээл болжээ. Эргэн тойронд нуурын давсанд идэгдсэн өгөрч хувхайрсан цагаан модод, нурж сүйдсэн барилга байгууламж, орхигдсон эд зүйлс гээд аймшгийн киног санагдуулах энэ сууринд Аргентинчууд What the Waters Left Behind буюу Ус ардаа юу үлдээв нэртэй аймшгийн киног бүтээж, 2018 оны 3 сард нээлтээ хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Цагтаа Аргентин маягийн аз жаргалын бэлэг тэмдэг болж явсан энэ газар өдгөө Аргентины Помпей буюу бодит амьдрал дээрх сөнөсөн Атлантис болон хувирчээ.











Н.Норжоо
Эх сурвалж:Дэлхийн фото танин мэдэхүй
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250