17 настайдаа энэ бүсгүй өөрийг нь коллежид элсүүлэхээс татгалзсан хариу авчээ. 25 хүрэхэд нь ээж нь өвчнөөр бурхан болж, хорвоо дээр санаж сарвайх өмөг түшгээ алдсан байна. 26 настайдаа анхны хүүхэд нь хорвоо дээр мэндлэхийн алдад зулбаж, бас нэгэн хагацал тохиожээ. Зовлон шаналалд бууж өгөөгүй бүсгүй 27 настайдаа хайртай залуутайгаа аз жаргалтайгаар гэр бүлээ батлуулсан ч гэрлээд удаагүй нөхөр нь түүнийг үргэлж хавчиж хянаж, зоддог болжээ. Энэ бүхний хажуугаар тэд анхны охиноо өлгийдөн авчээ. Зодуур, доромжлолыг тэсэж гарахад дэндүү хэцүү байсан учраас бүсгүй 28 насандаа гэрлэлтээ цуцлуулж, эмч түүнийг мэдрэлийн хэт ядаргаанд орсныг оношилсон байна. 29 нас хүрэхдээ бүсгүй нийгмийн халамжаас өөр орлогогүй, ганцаардсан, ганц бие ээж болсон байв. Ядарч, шаналсаар 30 хүрэхдээ амиа хорлох тухай хэд хэд бодоод амжсан байлаа. Гэвч бүсгүй бусдаас илүү чаддаг ганцхан зүйлдээ бүх эрч хүчээ зориулахаар шийдсэн юм. Тэр чадвар нь бичиж, туурвих авьяас байлаа. 31 настайдаа бүсгүй анхны номоо хэвлүүлсэн байна. 35 настайдаа 4 дэх номоо хэвлүүлж, оны тэргүүн зохиолч болж өргөмжлөгдөв. 42 нас хүрэхдээ гаргасан ном нь эхний өдрөө 11 сая хувь борлогдож, 12 жилийн өмнө амиа хорлох тухай бодож явсан ганцаардмал бүсгүй “дэлхийд данстай зохиолч” болсон байв. Энэ эмэгтэй бол бидний сайн мэдэх Харри Поттер цувралын зохиолч Жэй Кэй Роулинг юм. Түүний бүтээсэн Харри Поттер зохиол өнөөдөр дэлхий даяар 15 тэрбум ам.доллараар үнэлэгдэх брэнд болон өргөжжээ. Өнөөдөр Жэй Кэй Роулингийн хувийн хөрөнгө нь 1 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Энэхүү фото зураг дээр алдар нэрд гарч, 1 тэрбумын хөрөнгөтэй болно гэж зүүдлээ ч үгүй явсан Роулингийн залуу ахуйн төрх буужээ.
Н.Норжоо
Эх сурвалж:Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250