Регги хөгжмийн домог Боб Марли урлагийн замналынхаа ид үед буюу цэл залуухан 36 насандаа арьсны хорт хавдар өвчнөөр өвдөж, 1981 онд төрөлх Ямайк руугаа буцаж явах замдаа бие нь муудаж, Миамигийн эмнэлэгт таалал төгссөн.
Марли растафариан шашны үнэнч дагагч байсан учраас регги хөгжмийн үүсэл гарал ч энэ шашинтай салшгүй холбоотой гэдэг. Растафариан шашин нь Этиопын эзэн хаан Хайле Селассег цорын ганц бурхан гэж үздэг төдийгүй бурхан өнгөт арьстай хүний дүрээр дэлхийд буусан гэдгээс бусдаар христийн шашинтай төстэй шашин бололтой. Гол нь яагаад шашинг нь чухалчилж яриад байна гэхээр Марлиг анх арьсны хорт хавдартай гэдгийг нь эмч нар оношлоод хавдар үүссэн байгаа хөлийн хуруугаа тайруулахад амь насанд нь аюулгүй гэж үзэж байсан ч үс сахалаа хусуулахгүй, арьс махаа зүсүүлэхгүй гэж номолдог шашинтай нь харшилсан учраас хүн төрөлхтний түүх тэр дундаа хөгжмийн ертөнцийн домгуудын нэг болсон энэ эрхэм цэл залуухан насандаа өвчний улмаас хорвоог орхижээ. 171 см өндөр байсан Марли 1981 онд нас барах үедээ ердөө 40 кг хүрэхтэй үгүйтэй жинтэй болж эцэж турсан байсан гэдэг. Марли амьд ахуй насандаа олон хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлийн тэргүүн байсан. Өдгөө 8 хүүхэд нь Ямайк төдийгүй Америкт урлагийн салбарт зүтгэж байна. Тэрээр Германд эмчлүүлэхээр очоод нэгэнт оройтсоноо мэдээд, эх нутагтаа ясаа тавина гэж зөрөн Ямайк руу гарсан ч замдаа бие нь муудаж Миамид буун, 1981 оны 5-р сарын 11-нд таалал төгсчээ. Эмнэлгийн орон дээрээс хүү Зиггидээ “Мөнгөөр амьдралыг худалдаж авч болдоггүй юм” гэж хэлсэн нь алдарт дуучны сүүлийн үг байсан гэдэг. Энэхүү гэрэл зургийг Марлигийн амьдралын сүүлийн өдрүүдийн нэгэнд нь даржээ.
Н.Норжоо
Эх сурвалж:Дэлхийн Фото танин мэдэхүй
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250