...
...

Нохойныхоо төлөө шоронд орсон зохиолч

Хүүхэд насандаа танилцсан нэгэн гайхалтай найрагчтайгаа олон жил уулзаагүй ч саяхан тааралдаж, ном солилцон, ярьж суув. Тэрээр өнгөрсөн он жилүүдийнхээ тухай хуучилж сууснаа “Ах нь бүр шоронд хүртэл сууж үзлээ” гээд доорх түүхийг ярьсан юм.

Хэдэн жилийн өмнө тэр Дарханаас нүүж ирээд, хоёр ч айлд оногдох том сайхан газар Гачууртад худалдан авч, байшин барьж эхэлжээ. Гэтэл гэнэт мөнгөний хэрэгцээ гарч, хашаа байшингаа зарахаар шийдэв. Нэгэн хуульч эр авахаар болж гэнэ. Тухайн үеийн ханшаар 2 сая төгрөгөөр зарахаар тохиролцсон ч эхний 500 мянгыг нь өгчихөөд л, үлдсэн сая 500 мянгаа өнөөх эр өгсөнгүй. Тэгэхээр нь Батзаяа ах ч газрын гэрчилгээгээ өгсөнгүй. “Мөнгөө гүйцээж өгөхөөр чинь баруун зүүнээрээ солилцоно оо” гээд...

Нэг өдөр хашааг нь авсан хүн халамцуу хүрч ирээд, үл хөдлөхийн гэрчилгээг нь нэхэж, хэрүүл шуугиан үүсгэжээ. Гэтэл хэзээ ч, хэн рүү ч дайрч, догширч байгаагүй номхон нохой нь эзнээ өмөөрөн, зуугаад авч! Аз болоход хүнд шарх үүсгэсэнгүй. Өнгөцхөн урсан (арьсыг нь зурсан төдий) байж. Гэвч өнөө хүн Батзаяа ахыг шүүхэд мэдүүлэн, зарга үүсгэж “Зориуд над руу нохойгоо турхиран, ТУУ гэж хашгирч байгаад уруулсан” гэж гүтгээд сая 500 мянган төгрөг нэхэмжилчих нь тэр! Шүүхийн ажилтнууд дүгнэлт хийхдээ Батзаяа ахын талд байв. Гэвч хууль бол хууль! Тэжээсэн нохой нь хүн гэмтээвэл ялтай... Нэг өдөр шүүхийн ажилтан Батзаяа ахыг дуудаад “Энэ хохирогч гэх хүнд шарх гэхээр юм бараг алга. Тэгэхээр хохирол бараг үгүй гэсэн үг. Тиймээс та зүгээр л тэр нохойгоо үгүй хийчих! Бид очоод, шүүхийн шийдвэрийн дагуу тэр нохойг чинь буудчихъя, тэгээд л гомдол барагдана” гэжээ.
Батзаяа найрагч харин зөвшөөрсөнгүй.

“Үгүй. Нохойгоо алуулахгүй. Гэрт очоод шалга даа. Манай нохой ТУУ гэдэг үг ч мэдэхгүй. Хөөрхий муу нохойгоо алуулснаас өөрөө шоронд орсон нь дээр”.

Ингээд 40 хоног хоригдох ял авчээ. Уг нь 30 хоног хорих гэж байж л дээ. Гэвч Батзаяа найрагч шүүх хурлын үеэр өнөөх “хохирогч”-ийг шоолж инээснээс болоод “шүүхийг хүндэтгээгүй” гэдэг шалтгаанаар ахин 10 хоног нэмүүлчихэж.
Ганц худагт байхад нь Батзаяа найрагчийн ямар хэргээр суусныг мэдсэн хоригдлууд ихэд гайхаж, хүндэтгэнэ.
“Тэнд намайг ӨВГӨН гэж дууддаг байсан. Ах нь олон хоригдолд өргөдөл бичихэд нь тусалсан тул надад их сайн хандацгаана. Тиймээс ах нь элдэв муу юм үзээгүй ээ. Хоригдохдоо би зуны гуталтайгаа яваад оччихсон юм. Гэтэл тэнд байхад цас орчихсон. Гадаа салхилж зогстол хоригдлууд хөл рүү минь харчихаад дуу алдаж “Өвгөнд дулаан гутал олж өгцгөөе!” гээд сүйд болсон шүү. “Өнөөдөр гэрээс маань өвлийн гутал ирнэ ээ, хэрэггүй, хэрэггүй” гэж худал хэлэн, арай гэж болиулсан. Тэгээгүй бол, нэг сайхан залуу надаас болж гутлаа дээрэмдүүлэх гээд байсан юм” гэж найрагч ах хуучлав.

Батзаяа найрагч сүүлийн хэдэн жил дунд сургуулийн сурагчдад зориулсан шүлгийн дугуйлан ажиллуулж байгаа аж.
“Ах нь хичээлээ эхлэх болгондоо ингэж хэлдэг: 
ШҮЛЭГ БИЧИХИЙГ ЗААДАГГҮЙ
ШҮЛЭГ БИЧИХИЙГ ЗААЛГАДАГГҮЙ. 
Одоо манай шавь нар намайг оронгуут нэгэн дуугаар энэ өгүүлбэрийг хэлж угтдаг шүү, ёстой хөөрхөн” гээд жаргалтай инээв.

 

Н.Норжоо

Эх сурвалж: Цахим ертөнц

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ