Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Францын нийслэл Парист үргэлжилж байгаа бөгөөд дөрөв дэх өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 48, 53, 60, 69 кг-ын жингийн барилдаан боллоо. Энэ өдөр манай улсаас 2014 оны Азийн АШТ-ий мөнгө, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн алт, хүрэл, Польшийн нээлттэй тэмцээн ОУТ-ий нэг алт, хошой мөнгө, Сассаригийн ОУТ-ий алт, Чувашийн Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын нээлттэй тэмцээний хүрэл, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ-ий хүрэл, “Mongolia Open” ОУТ-ий хошой мөнгө, гурван хүрэл медальт, улсын гурван удаагийн аварга ОУХМ Баатаржавын Шоовдор шагналт тавдугаар байрт оров.
Гурав дахь удаагаа ДАШТ-д зодоглосон Б.Шоовдор Парисын дэвжээнд хэсгийг тэргүүлэн барилдсан бөгөөд эхлээд гоц мөргөсөн. Харин 1/8 шигшээ барилдаанд “Рио-2016” олимпийн наадмын аварга Японы Рисако Кавайд 2:6-гаар ялагдсан ч өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар дагах барилдаан хийсэн юм. Дагах барилдаанд эхлээд энэ жилийн Европын аварга ОХУ-ын Любовь Овчароватай барилдах байсан ч орос бүсгүй эхний тойрогт Японы бөхтэй барилдах үеэр бэртэл авснаар дэвжээн дээр гарч ирээгүй. Улмаар өнгөрсөн жилийн Будапештийн ДАШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн аварга Канадын Линда Мораисыг цэвэр дарж, хүрэл медалийн төлөөх барилдаанд “Москва-2010” ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга Шведийн Йоханна Матссонд 3:8-аар ялагдлаа.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250