“Парис-2017” ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн эхний өдөр Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хошой аварга, Бакугийн “Алтан Гранпри”-гийн мөнгө, Парисийн “Алтан Гранпри”-гийн хүрэл, Испанийн Гранпригийн алт, Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга, Монгол Улсын хошой аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс долоо дахь алтан медалийг авчирч, эх орон, элэг нэгт монгол түмнээ баярлуулав.
Тэрбээр Парисын дэвжээнд эхлээд 2012 оны ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Энэтхэгийн Шилпи Шераныг оноогоор цэвэр яллаа. Тэрбээр “Москва-2010” ДАШТ-ий хүрэл медальт, 2012 оны Европын аварга Шведийн Хенна Йоханссоныг 6:2-оор, 1/4 шигшээд Африк тивийн долоон удаагийн аварга Нигерийн Блессинг Оборудудуг цэвэр, хагас шигшээд “Бээжин-2008”, “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, Пан Америкийн наадмын алт, хүрэл медальт, Пан Америкийн дөрвөн удаагийн аварга Колумбийн Жаклин Рентериа Кастильог оноогоор цэвэр (13:0), алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт, Европын хошой аварга Украины Юлья Ткачийг 6:3-аар ялснаар Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандуулав.

Өдгөө 24 настай П.Орхон чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монгол Улсын тав дахь тамирчин болсон юм. Түүнээс өмнө хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдов “Стамбул-1974, Минск-1975”, Хорлоогийн Баянмөнх “Минск-1975”, Соронзонболдын Батцэцэг “Москва-2010”, “Лас Вегас-2015”, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд “Ташкент-2014”-д дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртэж байв.
Дашрамд дурдахад өчигдөр 58 кг-д “Рио-2016” олимпийн наадмын аварга, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт АНУ-ын алдарт бөх Хелен Марулис үнэхээр онцгой байлаа.