...
...

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЧАНАРЫГ ЭРХЭМЭЛСЭН 20 ЖИЛ

Эрүүл мэндийн тогтолцооны судлаач, Анагаах ухааны доктор А. Дамдинсүрэнгийн санаачлагаар тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Ш. Зоригийн тушаалаар 1997 онд Улсын хэмжээний Төв болон Аймаг, Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд Чанарын менежер эмч ажиллаж эхэлсэн түүхтэй. Эмнэлгийн байгууллагуудад Чанарын менежер эмч ажиллаж эхлэх үедээ эмч, эмнэлгийн ажилтны ажлын алдааг гарсан хойно нь хөөцөлдөж, шийтгэх, алдааг багаар бус хэн нэг хүнд тохох хандлага давамгайлж байлаа. Энэхүү сөрөг хандлага нь тусламж, үйлчилгээний чанарын доголдол даамжирч, эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд эрүүл мэндээрээ хохирох, өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлж чадахгүй байхад хүрч байлаа. Нөгөө талаар эмч, ажилчдын дунд чанарын менежер эмчид хандах хандлага муу байлаа.

Чанарын менежер эмчийн гүйцэтгэх үүрэг, эрх хэмжээ, тогтвор сууршилтай ажиллуулах эрхзүйн орчин бүрдээгүй, эмнэлгийн ажилчдыг алдаа, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого үгүйлэгдэж байв. Монгол Улсын их хурал 2011 онд Эрүүл мэндийн тухай Монгол Улсын хуулийг баталсан билээ. Тухайн үед энэ хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барих үйл явцын ажлын хэсгийн ахлагч нь УИХ-ын гишүүн асан Д.Очирбат, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа нар байв. УИХ-н гишүүн асан Д. Очирбат эрүүл мэндийн салбарын тогоонд чанагдан ажиллаж байсан эмч хүн болохоор чанарын тогтолцооны эрхзүйн орчинг сайжруулах шаардлага байгааг мэдэрсэн байх.  Энэ хууль батлагдан гарснаар Чанарын албаны эрх, гүйцэтгэх үүргийг өргөжүүлж,  хараат бус, бие дааж ажиллах, орчин нөхцлийг бүрдүүлснээрээ ололттой байв. Нөгөө талаар эмнэлгийн ажилтнууд, үйлчлүүлэгчдийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд гарсан ноцтой алдаанаас сэргийлэх, мэргэжлийн хяналтын шалгалтаар илэрсэн зөрчлийг эмч, мэргэжилтнүүдтэй хамтарч арилгах, торгуулахаас сэргийлэх замаар тэднийг санхүүгийн дарамтанд өртөхөөс хамгаалах том түлхэц болсон юм. Монгол улсын эрүүл мэндийн салбар хөгжлийн үзүүлэлтээрээ ижил төстэй улс орнуудтай харьцуулахад тогтолцоо нь зөв гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тодорхойлсон. Эх болон нярайн эндэгдэл, халдварт өвчний бууралтаараа ДЭМБ–ын Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлсэн дэлхийн найман орны нэг болж чадсан бахархмаар амжилт нь бор зүрхээрээ ажиллаж байгаа салбарын, эмч ажилчдын хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг онцлох нь зүйтэй.

Өнөөдөр олон улсын чанарын шаардлага хангасан стандарт, хөтөч, удирдамжаар хангах, эмч, ажилтнуудын ажлын гүйцэтгэлд хяналтын хуудас нэвтэрч эхэлсэн, олон улсын чанарын шаардлага хангасан оношлогоо, эмчилгээний бодлогын хэрэгжилтийг хэрэгжүүлсэн гээд ололт амжилт нь эрүүл мэндийн салбарын үе, үеийн эмч, ажилтнууд, төрийн бодлогыг тодорхойлж байсан, хэрэгжүүлж ирсэн хүмүүсийн нөр их хөдөлмөрийн үр дүн нь чанарын хяналтын тогтолцоо чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Монгол улсын эрүүл мэндийн салбарт 1997 онд Чанарын менежер эмч ажиллаж эхэлсэний 20 жилийн ой тохиож, эрүүл мэндийн салбарын хамгийн залуу чанарын алба байгуулагдах эхлэл болсон юм. Чанарын алба нь эмнэлгийн стандарт, удирдамжийн хэрэгжилт, үйлчилгээний чанарт дотоод хяналт тавих, алдаа зөрчлийг бүртгэх, ижил мэргэжилтний үзлэг хийх, эрсдэлийг бүртгэх, дүн шинжилгээ хийх, эмнэл зүйн алдааны товхимол гаргах, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах олон улсын туршлагыг нэвтрүүлэх, магадлан итгэмжлэлд хамруулах, үйлчлүүлэгч болон эмч, мэргэжилтний аюулгүй байдалд онцгой анхааран, аюул эрсдлээс хамгаалах, эмнэлгээс шалтгаалах халдварт өртөхгүй байх бүхий л арга хэмжээг авч ажиллах гээд  гүйцэтгэх үүрэг их юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ