2008 оны 08-14 энэ өдөр Монголын түүхэнд тодоос тод, гялалзан бичигдэх гайхамшигт ялалтыг Н.Түвшинбаяр 44 жилийн дараа авчирсан юм.
Монгол улсын анхны олимпын аварга , анхны хос медальтан, жүдоч, Монгол улсын хөдөлмөрийн баатар бөгөөд гавьяат тамирчин Найдангын Түвшинбаяр 1984 оны 6 сарын 1-нд Монгол улс -ын Булган аймгийн Сайхан суманд эцэг Т. Найдан, эх Д. Цэнд-Аюуш нарын долоон хүүхдийн отгон нь болон төржээ.

Монгол хөвүүдийн жишгээр үндэсний бөхөд дуртай, зүтгэлтэй байсан Түвшинбаяр 2002 онд өсвөр (16 нас) бөхийн УАШТ-д түрүүлж, 2003 онд идэр (17-18 нас) бөхийн УАШТ-ээс хүрэл медаль зүүж, удалгүй Булган аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цолтой залуу хүчтэн болов.

Булган аймгийн арван жилийн II дунд сургуулийг төгсөөд Улаанбаатарт ирж, "Аварга" биеийн тамирын дээд сургуульд элсэн жүдогоор хичээллэж эхэлжээ.

2006 оноос улсын шигшээд багтаж олон улсын тэмцээнд 100 кг жинд барилддаг болсон. 2007 онд Эль-Кувейтийн ААШТ-ээс мөнгө, 2008 онд Чэжүд болсон ААШТ-ээс хүрэл медаль хүртэв. Намар нь болсон олимпийн наадaмд таван учраагаа дийлж Монгол улсын түүхэнд анхны алтан медалийг авчирсан юм.

Ингэхдээ Японы Сүзүкиг давхар хамж цэвэр, Германы Берлаг юүко үнэлгээгээр, Өмнө Солонгосын Чанг коока үнэлгээгээр, Азербайжаны Миралиевийг цаг сунгаж юүкогоор, эцэстээ Казаxын Житкеевийг ваза-аригаар хожжээ.
2012 оны олимпод дөрөв ялж, Оросын Тагир Хайбулаевтай үлдээд мөнгөн медаль хүртэж олимпийн хос медальтан болжээ.
2008 оны 8-р сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Найдангийн Түвшинбаярт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одон, Алтан гадас одон, Монгол Улсын гавьяат тамирчин цол шагнасан юм.
Бэлтгэсэн: А.Тэмүүл