...
...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГТЭЙ БОЛЛОО.

 

Чингэлтэй дүүрэг орчин үеийн дэвшилтэт эмчилгээний тоног төхөөрөмж бүхий жишиг өрхийн эмнэлэгтэй боллоо. Дүүргийн 12 дугаар хороонд орон нутгийн хөгжлийн сангийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар жишиг өрхийн эмнэлгийг барьж өнөөдөр тууз хайчлан албан ёсоор нээлээ.

Нээлтийн ажиллагаанд Улсын Их хурлын гишүүн Д.Ганболд, Улсын их хурлын гишүүн Ө.Энхтүвшин, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Төсөл хариуцсан Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, иргэд оролцлоо.

Уг өрхийн эмнэлгийг барихаар дүүргийн хөрөнгө оруулалтаар зураг төсвийг тусгайлан боловсруулж, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд жишиг эмнэлэг болгохоор зорилт тавьсан юм.

Эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг баазыг бэхжүүлэхэд дүүргийн зүгээс анхаарал хандуулж 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн орчин үеийн аппаратаар тоноглолоо.

Тухайлбал, хамгийн сүүлийн үеийн Япон улсад үйлдвэрлэгдсэн дижитал рентген аппарат, шүдний иж бүрэн тоног төхөөрөмж, лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулан иргэдэд үйлчилгээ үзүүлж эхлээд байна.

Жишиг өрхийн эмнэлэг 1050 метр квадрат ашигтай талбайтай, стандартад нийцсэн 32 өрөө, шүд, эхо, рентген, сэргээн засах бие даасан танхимтай юм.

Чингэлтэй дүүрэг 2017 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Тийм ч учраас иргэдийг өвдсөнийх нь дараа эмчлэх бус, өвчин эмгэг тусахаас нь урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн анхан шатны, нийгмийн эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиглэлийг барьж ажиллаж байна.

Мөн өнөөдөр дүүргийн зүгээс 7-19 дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдээ автомашинтай болгож байна. “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар иргэддээ тусламж үйлчилгээгээ түргэн шуурхай үзүүлэх, эх, нярайн гэрийн эргэлт, ахмад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа сувилгааны чанар, хүртээмж, давтамжийг нэмэгдүүлэх зорилгоор ийнхүү суудлын автомашиныг албан хэрэгцээнд нь хүлээлгэн өгч байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Сэтгэгдэл үнэхээр өндөр байна. Манай дүүрэгт их ажил хийгдсэн, хийгдэж ч байна. Ялангуяа тохижилтын ажлууд нь чанартай материалаар сайн хийгдэж хүүхэд хөгшчүүл ойр орчиндоо амарч зугаацаж чадаж байгаа. Сонгуультай холбоотойгоор энийг бичих гээгүй юм шүү. Зүгээр л дүүргийхээ удирдлагуудад талархах гэсийм. Нэг санаа нэг зорилготой ажилсаг хамт олонд цаашдын ажилд нь амжилт хүсье.

Онцлох мэдээ