...
...

“БУЯНТ –УХАА 2” ХОРООЛОЛД 240 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

 

Засгийн газраас хэрэгжүүлж буй бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах зорилтот хөтөлбөрийн хүрээнд Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар, Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Буянт –Ухаа 2” хороололд 250 дугаар цэцэрлэгийн нээлт 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр боллоо.


Тус хороололд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 800 гаруй хүүхэд байдаг бөгөөд 250 дугаар цэцэрлэг нь 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай юм.

250 дугаар цэцэрлэгийг товч танилцуулахад  нэг давхарт нь бага, дунд бүлгийн 5 өрөө, унтлагын 5 өрөө, хувцас солих өрөө, эмчийн үзлэгийн өрөө, ариун цэврийн өрөө, түр хэмтүүлэн эмчлэх өрөө, агуулах, гал тогоо зэрэг өрөөтэй. Харин хоёр давхарт ахлах, дунд бүлгийн 5 өрөө, унтлагын 5 өрөө, хувцас солих өрөө, эрхлэгчийн өрөө, аж ахуйн өрөө, ариун цэврийн өрөө, дуу хөгжмийн өрөө, багш, ажилчдын өрөөтэй юм байна. Орчин үеийн стандарт хангасан, цэвэр усны эх үүсвэрт холбогдсон, халуун хүйтэн устай, цэвэршүүлэх септик технологи бүхий ариун цэврийн байгууламжуудыг барьж байгуулсан байна.  

“Буянт-ухаа 2”хорооллын 240 хүүхдийн цэцэрлэгийн нээлтэд ХУД-ийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй, Засаг даргын орлогч А.Аамартүвшин, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо болон бусад албаны хүмүүс оролцож, цэцэрлэгийг хүлээлгэж өглөө. 


Дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хэлсэн үгэндээ “2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан “Аз жаргалтай гэр бүл” зорилтыг амжилттай хэрэгжүүлээд явж байна. Тус зорилтынхоо хүрээнд дүүргийнхээ хүүхэд багачуудынхаа сурч боловсрох орчныг бүрдүүлж тэднийг эрүүл аюулгүй нөхцөлд амьдрах боломж бололцоог хангах зорилготой олон үйл ажиллагаа зохион байгуулж хийж хэрэгжүүлсээр байна. Энэхүү 240 хүүхдийн багтаамжтэй цэцэрлэгийг барихад иргэд та бүхний санал, санаачилгын үр дүнд боссон гэдгийг онцлон хэлмээр байна. Ийм сайхан цэцэрлэг баригдсан нь та бидний хамтын ажиллагааны үр дүн юм. Цаашид олон сайхан цэцэрлэг ар араасаа нээгдэж Хан-Уул дүүргийн бүх хүүхэд багачууд маань сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломжтой болох болтугай”  хэмээлээ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ