...
...

Тэсэхгүй нь ээ, тэнгэр ч, би ч...

Уг нь би, энэ хаврын ууган, надад хаягласан отгон номнуудын тухай хосмолжин тэмдэглэл бичье гэж бодсон юм. С.Бэрцэцэгийн “Чиний зүг ниснэ” болон Ц.Намуундарийн “Тэнгэр” номын тухайд. Гэвч одоо тус тусад нь бичихээр шийдлээ. Ингээд отгон номнуудын отгон нь болох Ц.Намуундарийн “Тэнгэр” номыг энэ удаад онцлов.

Эхлээд нэг л сайн уншигдахгүй байлаа. “Ер нь гүйлгээд харчихдаг ч юм билүү, мэдрэмж сэрхүйг нь гүйцэхгүй бол заавал мэдрэх гэж хичээгээд мөр шадаар нь мөшгөөд байх хэрэг байна уу” гэсэн бодол минь 13 дугаар хуудасны шүлэг дээр бахардаж унав. Сэтгэлгээ гэхээсээ сэтгэл, үнэн хоёрт дулдуйдан таашаагч надад тэр шүлэг таалагдав, нүдэндээ төсөөлж харав. (гэхдээ энэ удаад эшлэхгүй)

“Хэн ч таашаалаа л дагадаг” гэж яруу найрагч Х.Нямхишиг сүүлд хэвлүүлсэн “Алхах тоолонд элс нурнам” номондоо бичсэн байхтай санал нийлсэнийг ч хэлэх үү, цааш дахин нухацтай уншлаа. Тэгээд ийм шүлэг олов.

“Мөчрийг нь тайрчихсан моддод

Цас тогтох ч үгүй нь өрөвдөлтэй

Ядаж байхад

Хамгийн гунигтай дуугаар

Хаалга чахрах нь

Хөндүүрийг хөндөж орхино

Бүх бурууг цасанд өгөөд

Цонх руугаа нуруугаа харуулж зогсох сон

Гомдоллож байгаа нь тэр л дээ

Гэхдээ чадахгүй

Хайртай гэж хэлдэггүй ч

Тэврэлтээс чинь мэдрэх шиг

Чиний тухай олон бодол цас шиг жингүйддэг

Зүгээр л цас орж байгаа нь чухал.

Үүнээс өөрийг цас ч, би ч хийж чадахгүй...”

(“Сэтгэгдэл” 17 дугаар тал)

Цасны цаад утгыг анзаарав уу? Бас л нарийн урлал юм. Хэн нэгнийг хүлээж байгаа хүн, өөр юу хийж ч чадах билээ дээ, нээрэн. Нээрэн болохоор санаа алдам. Тэгтэл бас өхөөрдөм шүлэг ч гараад ирлээ.

“Эхнэрээ болгоно гээд итгэчихсэн чинийхээ

Энэ хүслийг хаашаа нууж зүрхлэх вэ

Хатуу л гэх юм даа хүүхэд шиг хорвоог

Хаана нь би хамгийн зөв амьдрах бол доо

Хүлээж суух уу, хөтлөлцөөд алхах уу?

Хамт өтлөх үү, хэзээ үхэх вэ?

Миний өмнөөс эргэцүүлчихсэн бол

Мөн ч их хайртай байх нь, наддаа

Ээвэр дулаахан энгэрийн чинь

Энхрийлэх зай багадчих вий дээ

Эхлээ ч үгүй их хүсэлтэй чинь

Эн зэрэгцээд алхана шүү, би

Ээ дээ,  тэгээд нэг л зүйл

Эрхийн балайг минь сайн санаарай

Ээждээ ховлож мэдэх л хүн шүү ” (19 дүгээр тал)

Хэрсүү хэрнээ гэнэхэн сэтгэлийг нь бодохоор инээд хүрнэ. Хэзээ үхэхээ төлөвлөж чаддаг улс байх нь...  “Өдрийн сонин”-ы нийлэлч П.Хашчулуун “Залуу хосууд бие биедээ эхлээд муугаа хэл, дараа зэс нь цухуйхаар нэгнээ жигших нь бага” гэсэн шүү утгатай бичил нийтлэл бичиж байсан нь ч санаанд оров. Зөв л дөө, одоо өхөөрдөм гэсний минь учрыг ойлгосон бол цааш үргэжлүүлье.

“Заримдаа надад

Охидын бошинзны хормой дэрвэх нь

Навчис хийсэх шиг гунигтай санагддаг

Дотор руу нь хэн нэгэн гараа дүрчихсэн юм шиг

Урт үстэй охид, охид биш юм шиг харагддаг...” (21 дүгээр тал, хэсэглэн авав)

Брендээр хувцаслаж, тренд үгээр ярих дуртай, хоосон дүр эсгэсэн үеийнхээ зарим охидоос тэр өөр. Өөр нь юу гэвэл мэдрэмжээ байнга чагнаж байдагт байгаа юм. Танд ч бас ёг хийлгэм мэдрэмж төрж, санаашрал цээжнээс тань түрж байна уу. Тийм гэж найдъя. Тэр гэхийн тэмдэггүй харуусал, гуниг ч юм  шиг. Бодох тусам санаа алдмаар. Энэ зуурт, номыг нь “эх барьсан” Ойдвын Содномпил эрхэм шавийнхаа номын өмнөтгөлд “...Юмны гадна талыг, өөрөөр хэлбэл өнгө зүсийг үл тоогч зан нь магадгүй шүлэг бичүүлсэн биз...” хэмээсэн нь тун ч гярхай ажиглалт гэлтэй.

Цаашлавал,  Ц.Намуундарийн шүлгүүдэд үнэхээр торгон мэдрэмжүүд цогцолжээ. Торго гэснээс, үй олон хүр хорхойг тарчлаан зовоосны эцэст шүлсээр нь торго нэхдэг юм гэсэн. Тэгэхээр түүний торгон мэдрэмж илэрхийллүүд ч гунингуй, бас гудиггүй.        

“Надтай зэрэг уйлах гээд хүлээгээд байх шиг энэ тэнгэр

Нүд рүү минь эгцэлж ч харахгүй

Муур, хулгана руу гэтэх шиг сэмээр сэмээрхэн бүрхсээр л байна

Зүрхтэй чинь л ойрхон явахын тулд

тэврэх гэж оролддог,

тэндээс ямар нэг зүйл олох гэж тэвэрдэг...

...Зовхи загатнаад эхлэх чинь

сэтгэлд царцаахай үй олноороо дэвхцэх шиг

одоо яг асгарлаа...

тэнгэр ч, би ч...

...Муур, хулгана руу гэнэт дайрах шиг

Залгиж тэсэхгүй нь ээ, тэсэхгүй нь

Тэнгэр ч, би ч... (37 дугаар тал “Тагтнаасаа нисгэсэн тагтаа”) Энэхүү шүлэгнээс нь л номоо яагаад “Тэнгэр” гэж нэрлэснийх нь учрыг тунгааж болох мэт. “Тэнгэр”- түүний “сэтгэл” аж.

Ц.Намуундарийн “Тэнгэр”-ээс би

“Цонхны тавцан зүрний зовиур шиг их цастай

Цэглэж гишгэсэн мөр нь

Болжмор, та хоёрынх...” (92 дугаар тал) гэх мэт олон олон яруу найргийн ул мөрийг олж үзлээ.  Хорин настай, хонгор зүстэй түүний сэтгэл хийгээд сэтгэлгээ хаврын тэнгэр шиг л цэцэглэн дэлгэрч байнам. Гэвч “Харвын тэнгэр хайш яйш” гэдэг. Яруу найргийн ертөнцийн “цаг агаар” ямар байхыг маргааш, нөгөөдрийн  “тэнгэр” л мэднэ. Хаврын тэнгэр- Охин тэнгэр болтугай.

За ингээд боллоо.   Овгийн эхний үсгийг орхиж, нэрийг минь тасчин бичсэнд нэг их гомдож, ядахнаа л зөв бичих зүйн дүрмээр дүрэмдэн зэмлэх гэснээ ч болилоо.

Г.Лхагвадорж  

Эх сурвалж Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ