...
...

Г.Өсөхбаяр А.Сүхбатын өмнө эрэмбэлэгдэх нь ийм учиртай

МҮБХ-ныхон өнөөдөр Монгол бөхийн өргөөнд хэвлэлийн бааг хурал зарлалаа. Тус хурлаар сэтгүүлчдэд өгсөн мэдээллийг хүргэе.

Нэг. Бөхийг эрэмбэлэх субъект, дүрмийн тухай.

Аливаа асуудлыг ардчиллын замаар шийдэх хоёр арга байдаг. Энэ бол:

1.Хууль, дүрэм, журмыг баримтлах,

2.Хууль, дүрэм, журам байхгүй бол эрх бүхий байгууллагын эрх бүхий хүмүүс хуралдан олонхийн саналаар шийдэх явдал юм.

Тэгвэл хоёр дархан аваргыг хэрхэн эрэмбэлэх асуудал нь тов тодорхой дүрэмтэй тул МҮБХ энэ дүрмийг баримтлан өнгөрсөн жилийн наадмаар тэднийг эрэмбэлсэн билээ.

Энэ бол Засгийн газрын 2003 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 164 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм” юм. Уг дүрмийн 3.5-д “Бүртгүүлсэн бөхчүүдийн цол болон амжилтаар нь эрэмбэлсэн жагсаалтыг Монголын үндэсний бөхийн холбоо тус тус гаргах бөгөөд энэ жагсаалтанд ороогүй бөхийг барилдуулахгүй” гэж заасан байдаг. Энэ заалт бол бөхийг эрэмбэлэх үүрэгтэй субъект нь МҮБХ мөн болохыг хуульчилсан заалт юм.Өнөөдрийн байдлаар бөхийг эрэмбэлэх эрх бүхий МҮБХ-ноос өөр субъект, бөхийг эрэмбэлэх талаар дээрх дүрмээс өөр хууль, дүрэм, журам алга байна.

Энэ дүрмийн 3.6.1-д: ”Ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэхүү нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг эхэнд нь ... эрэмбэлнэ” гэж заасан байна. МҮБХ энэ заалтуудыг  баримтлан бөхөө эрэмбэлсээр ирсэн бөгөөд 2014 оны наадмаар хоёр шинэ дархан аваргыг ч ингэж л эрэмбэлсэн болно.

Дүрмээр олгосон эрх бүхий мэргэжлийн байгууллага дүрмийн дээрх тодорхой заалтыг баримтлан Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарыг өнгөрсөн жил эрэмбэлсэн атал А.Сүхбат энэ эрэмбийг хүлэээн зөвшөөрөхгүй маргаан үүсгэсэн, Г.Өсөхбаяр ард түмнээ хүндлээд баруун талаас гарснаар хууль ёсны эрэмбээ эдэлж чадаагүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015.07.03-ны өдөр Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх даргатай Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүдийг хүлээн авч баяр наадмын бэлтгэл ажилтай танилцах явцдаа энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулж хоёр дархан аваргыг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль, дүрмийг баримтлан(цолны үнэмлэхийн дугаарыг баримтлан гээгүйг анхаарна уу)эрэмбэлж, Үндэсний их баяр наадмыг үймээн самуунгүй зохион байгуулах талаар чиглэл өгсөнд гүнээ талархаж байгаагаа энэ ялдамд илэрхийлж байна. Ерөнхийлөгч хоёр бөхийн эрэмбийн тухайд өөрийн байр суурийг ийнхүү нэгэн утгатай илэрхийлснээрээ А.Сүхбатын өөрт нь өгсөн өргөдөлд хариу өгсөн хэрэг юм.

Ерөнхийлөгчийн өгсөн энэ чиглэл, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Бөхийн салбар хорооноос МҮБХ-нд өгсөн үүргийг хэлэлцэхээр тэргүүлэгчдийн хурлаа 2015.07.07-ны өдөр хийсэн болно. Энэ хурлаар дээрх чиглэл, үүргүүдийг  Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарт танилцуулахын тулд аваргуудад 2015.07.06-ны өдөр албан тоотоор тэргүүлэгчдийн хуралд ирэхийг мэдэгдсэн боловч А.Сүхбат ирээгүй. МҮБХ тэргүүлэгчдийн энэ хурлаар хоёр дархан аваргыг “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 3.6.1 заалтыг баримтлан амжилтаар нь эрэмбэлэхээ албан ёсоор нотолсноо Үндэсний бөхийн салбар хороонд уламжилсан. Даян аварга цолтой байхдаа Г.Өсөхбаяр А.Сүхбатын өмнө эрэмбэтэй байсан бөгөөд амжилтын хувьд Г.Өсөхбаяр 3 удаа 8 давсан амжилтаараа 8 даваагүй А.Сүхбатаас илүү тул эхэнд эрэмбэлэгдэх нь нэн ойлгомжтой билээ. Гэтэл Зоригтбаатар гэгч хоёр бөхийн зөвхөн 2006 оноос өмнөх амжилтыг харьцуулаад “Амжилтаар нь эрэмбэлсэн ч А.Сүхбат илүү байна” гэж байгаа нь 7 жил илүү барилдсан бөхийн амжилт, хөдөлмөрийг орхисон хэтэрхий гэнэн санаа юм.

Хоёр. Цолны болзол хангасан оныг баримтлахгүй байгаа тухай

1.Дээрх дүрмийн 3.6-д “...2003 онд цол хүртсэн бөхчүүдээс эхлэн үзүүлсэн амжилтаар нь дараах үзүүлэлтээр эрэмбэлэн жагсаалтанд оруулна” гэж зааснаас өөрөөр буюу цолны болзол хангасан оныг харгалзан эрэмбэлнэ гэсэн ямар ч заалт алга байна.

2. Үндэсний их баяр наадмын тухай Молнгол Улсын хууль гарсан 2003 оноос хойш 2014 хүртэл 12 жилийн турш наадам бүрээр нэг өдөр, ижил цол авсан бөхчүүдийг энэхүү дүрмийн 3.6.1 заалтыг баримтлан эрэмбэлсээр ирсэн болно.

3.Яг өнөөдрийнхтэй адил нөхцөл байдал 2004 онд бий болсон байна.  Монгол Улсын Ерөнхийлөгч 2004 онд зарлиг буулган улсын харцага, гарьд цолны болзлыг 2003 оноос өмнө хангаад байсан бөхчүүдэд эдгээр цолыг нөхөн олгожээ. МҮБХ шинээр цол нөхөн авч байгаа 4 гарьд, 25 харцагыг дээрх дүрмийнхээ заалтыг баримтлан амжилтаар нь эрэмбэлсэн. Гарьдуудаар жишээ авахад 2000 онд болзол хангасан Б.Гантогтох гарьдуудыг толгойлж, 1990 онд уг болзлыг хамгийн эхлэн хангасан Д.Баяраа амжилтаараа хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн байна.

Эдгээр бөхчүүдээс хэн нь ч ямар нэг маргаан дэгдээлгүй, дүрмээ хүндэтгээд тогтоосон эрэмбээр барилдацгаасан. Өөрөөр хэлбэл энэ асуудал одоогоос 10 гаруй жилийн өмнө шийдэгдэж нэг мөр болон Монгол бөхийн амьдралд хэвшин тогтсон зүйл юм.

4.Ерөнхийлөгчийн 2004 оны зарлигт “Д.Баярааг 1990 онд,  П.Сүхбаыг 1991 онд,... гарьд цолны болзол хангаснаар тооцон улсын гарьд цол олгосугай” гээгүйтэй яг адилаар  Ерөнхийлөгчийн 2014 оны зарлигт “А.Сүхбатыг 2004 онд, Г.Өсөхбаярыг 2009 онд дархан аварга цолны болзол хангаснаар тооцсугай” гэж заагаагүй байна. 2004 оны зарлиг, 2009 оны зарлиг адилхан л Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, адилхан нэг нэг өдөр гарсан, адилхан олон бөхөд цол нөхөн олгосон, адилхан заалттай учраас хоёр аваргыг оноор нь биш, амжилтаар нь эрэмбэлж байгаад эргэлзэх зүйлгүй юм.

Гурав. Дархан аваргуудыг эрэмбэлэдэггүй тухай

Дархан аварга цолтныг эрэмбэлэхгүй байгаа тухайд 2003 онд гарсан хуулинд дархан аварга цолтой болж нэгэнт дархлагдаад байсан бөхчүүдийн хуучин эрэмбийг хэвээр үлдээхээр хуульчилсан бөгөөд хоёр бөх нэг өдөр дархан аварга болж байгаа энэ удаагийн нөхцөлд тэднийг эрэмбэлэх нь зүйн хэрэг. Харин энэ хоёр бөх цаашид барилдан амжилт нь ямар ч байдлаар өөрчлөгдлөө гэхэд энэ удаад тогтоосон эрэмбийг дахин өөрчлөх ёсгүй юм. Иймд тэднийг 1966 онд дархан аварга болсон Ж. Мөнхбат, 1971 онд  дархан аварга болсон Х.Баянмөнх нартай адилтган ярих нь утгагүй хэрэг билээ.

Эцэст нь өгөх нэмэлт мэдээлэл байна.

Энэ бол дархан аварга А.Сүхбатын хийсээр байгаа мэдэгдлүүдэд өгөх няцаалт юм. Дархан аварга А.Сүхбат “Цензургүй яриа”, “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлгүүдээр ярихдаа хэд хэдэн оргүй худал зүйл ярьснаас дараах хэдэн зүйлийг онцгойлон авч няцаалт өгч байна.

1.Өөрийнхөө зодог тайлсан шалтгааныг “Монголын үндэсний бөхийн холбооны дарамтаас болсон, Х.Баянмөнхийн хүргэн болсноос хойш дарамталж эхэлсэн” гэж ярьж байна. Гэтэл үнэн байдлыг нь Та бүхэн дүрс бичлэгээс харна уу?

МҮБХ-нд А.Сүхбат гэдэг залуу бөхийг юуны тулд яаж дарамталсан байж таарах вэ? Баянмөнх гуай МҮБХ хоёр яасан гэж дайсан байж таарах вэ? МҮБХ байгуулагдсан даруйдаа хамгийн анх Х.Баянмөнх аваргаа хөдөлмөрийн баатарт тодорхойлж баатар болгосон бөгөөд аварга найран дээрээ “Намайг МҮБХ маань, энэ Нямдорж маань намайг тодорхойлж баатар болголоо. Би их баярлаж байна” гэж хэлж байсан билээ.

МҮБХ 25 жилийн турш нутгаар талцах үзэгдлийн эсрэг тэмцсээр ирсэн түүхтэй байгууллага юм. МҮБХ-ны зүгээс А.Сүхбатыг дарамталсан, түүний тухай таагүй үг хэлсэн, бичсэн нэг ч өгүүлбэрийг хаанаас ч олохгүй. Харин түүнийг магтсан магтаалыг Бөх сонины хуудаснаас хэдэн арваар нь үзэж болно.

2. “Миний аав улсад хоёр удаа дөрөв давсан, нэг удаад нь тавын даваанд Ж.Чойжилсүрэн арсланд унасан” гэдэг нь оргүй худал юм. Агваансамдан гэдэг хүн улсын наадамд нэг ч удаа дөрөв даваагүй, Ж.Чойжилсүрэн арслан 3-5-ын даваанд Агваансамдан гэдэг хүнтэй огт барилдаагүй юм.

3.“Би шударга барилддаг, допинг хэрэглээгүй” гэдэг нь худлаа юм. А.Сүхбатаас анхудаа 2002 онд допинг илэрсэн билээ. Тэр үед хууль гараагүй байсан бөгөөд манайх дүрмэндээ заасан ёсоор арга хэмжээ авахаар тэргүүлэгчид цуглаад хуралдах гэж байтал А.Сүхбат шүүхийн захирамж, дараа нь ШШБГ-ын тогтоол авчирч хурлыг зогсоосон хүн. Энэ тухай баримт хангалттай байна. Тэрээр 2006 онд допингийн шинжилгээ өгөлгүй зугтсан. Үүнийг олон улсын жишгээр допинг хэрэглэсэнд тооцдог журамтай.

4.”Намайг 10 даван түрүүлэхэд цол ахиулан олгоогүй” гэж байна. А.Сүхбатыг 2001 онд 10 давж түрүүлэхэд хууль гараагүй байсан бөгөөд манай дүрэм л үйлчилж байсан цаг. Уг дүрэмд “...арслан цолтон түрүүлбэл аварга цол...олгоно” гэсэн заалт байсан юм. Өөрөөр хэлбэл 10 даван түрүүлсэн бол цол ахиулан олгох тухай заалт байгаагүй юм. Манай дүрмийг 67 гишүүнтэй Цэцдийн зөвлөл маш нухацтай хэлэлцэн баталдаг. Энэ 67 хүний 50 орчим нь манай алдар цуутай бөхчүүд байдаг. МҮБХ дүрмийн энэ заалтыг л баримталсан болохоос А.Сүхбатыг хавчин хяхаагүй, зориудаар дараагүй билээ. Өөрөөр хэлбэл энэ үед А.Сүхбатад далай аварга цол олгох дүрмийн боломж даанч байсангүй. 

Гэтэл 2003 онд гарсан хуулийн 7.1-д: “...улсын арслан цолтон түрүүлбэл улсын аварга, улсын аварга цолтон түрүүлбэл улсын далай аварга цол,....олгоно” гэж заажээ. 2006 онд Д.Сумъяабазар 10 давж түрүүлэхэд түүнд аварга цол олгоод  дараа нь хуулинд “Арслангаас доош цолтон 9 давбал арслан цол олгоод, улмаар түрүүлбэл аварга цол олгоно” гэсэн өөрчлөлт оруулсан юм. Энэ хуулиар бол арслангаас дээш цолтон 10 давж түрүүлбэл цол ахиулан олгох бололцоогүй байгаа боловч А.Сүхбатын гомдлоор энэ өөрчлөлтийн логикоор(яг үгээр биш логикоор шүү)А.Сүхбатад далай аварга цол олгосон түүхтэй юм.

5.А.Сүхбат нас барсан бөхийн ясыг өндөлзүүлэн “П.Сүхбатад арслан цол олгоогүй” гэж байна. 1990 онд Цэцдийн зөвлөлийн  анхлан баталсан барилдааны дүрэмд ”Онцгой ойн жил гэдэг үндэслэлээр дутуу даваатай бөхөд цол ахиулан олгохгүй” гэсэн маш шударга заалт оруулсан байдаг юм. Онцгой ойн жил нь улс төрийнхөө хувьд чухал боловч наадамд барилдсан бөхийн чанар тооны хувьд бусад жилээс ялгаагүй билээ. Ийм дүрэмтэй үед 1991 онд П.Сүхбат үзүүрлэсэн тул дүрмийн ёсоор түүнд арслан цол олгох боломжгүй байсан юм.  Харин Д.Мөнх-Эрдэнийг 3 удаа үзүүрлэхэд ард түмний зүгээс маш их шахалт дарамт ирсэн үед Цэцдийн зөвлөл(ЦЗ)дүрэмд өөрчлөлт оруулан байж түүнд арслан цол олгосон түүхтэй. Харин 1999 онд дахин дүрэмд өөрчлөлт оруулахдаа энэ заалтыг хассан байна. Энэ нь ЦЗ-ийн гишүүн эрхэм алдарт бөхчүүдийн маань нухацтай хэлэлцэж гаргасан хамтын шийдвэр болохоос ганц нэг хүний санаан зоргын шийдвэр биш билээ. Энэ дүрмээр улсад  хожим 3 удаа 8 давсан Б.Гантогтоход арслан цол олгох боломжгүй болсон юм. ЦЗ 1999 онд дүрэмд өөрчлөлт оруулахдаа улсын заан Б.Гантогтох 2000, 2002, 2004 онд улсад 8 давахыг урьдчилан мэдээд түүний эсрэг заалт оруулаагүй нь ойлгомжтой.

6.А.Сүхбат өөрт нь дархан аварга цол олгосон Ерөнхийлөгчийн зарлигт “А.Сүхбатыг 2004 онд, Г.Өсөхбаярыг 2009 онд цолны болзол хангасан тул” гэсэн үг байгаа мэтээр худлаа ярьж байна. Төрийн тэргүүний зарлигийн үг үсэг, агуулгыг хүртэл ингэж өөртөө ашигтайгаар өөрчлөн ярьж болох уу?

Эцэст нь дархан аварга А.Сүхбат Үндэсний их баяр наадмын тухай Монгол Улсын хуулийн 10.4- д “Баяр наадамд оролцож буй бөх үндэсний бөхийн барилдааны дүрэмд заасан үүргийг биелүүлу, цээрийг сахих үүрэг хүлээнэ” гэж заасан заалтыг чандлан сахиж төр, ард түмнээ хүндэтгэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байна.

У.БОДОЛ

 www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ