...
...

Б.Нарангэрэл: Үл мэдэгдэх шингэнээс болж хордсон хүмүүсийн биеийн байдал хүнд байна

Үл мэдэгдэх шингэн хэрэглэснээс болж амь насаа алдсан хэрэг энэ сарын 24-нд гарсан. Энэ тухай ЭМЯ-ны шуурхай удирдлагын хэлтсийн дарга Б.Нарангэрэлээс тодрууллаа.

-    Энэхүү хэрэг яг хэзээ, хаана гарсан бэ?

- Энэ сарын 24-ний орой өвчтөн Г нь махны агуулахаас таван литрийн канистртай шингэн авч 250 миллетр усанд хийж шингэлэн хоёр, гурав балгасан байна. Маргааш нь тодорхой хэмжээгээр найз нөхдүүдтэйгээ хувааж уужээ. Шингэнийг уусны дараагаар хүмүүсийн ам цангаж, толгой эргэх шинж тэмдэг илэрч эхэлсэн. Үүний улмаас нэг хүн газар дээрээ нас барж, хоёр өвчтөн эмнэлгийн тусламж авахаар явах үедээ, нэг нь эмнэлэгт хүргэгдээд эмчилгээ авахгүй байсаар нас барсан. Үүнээс хойш 15 хүн эмнэлэгт хүргэгдээд байна. 

- Өвчтөнүүдийн биеийн байдал хэр байна. Өөр шингэн уусан хүн байхгүй юу?

-  Одоогоор таван хүний биеийн байдал хүндэрч эрчимт эмчилгээний тасагт, 10 хүн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Бүх өвчтөнүүдэд шингэний дутагдалд орсон шинж тэмдэг илэрч байгаа. Эрүүл мэндийн яамны шуурхай мэргэжлийн баг хэргийн голомтод ажиллаж байгаа юм. Өдөрт 2-3 удаа цахим хурал хийж, өвчтөнүүдийн эмчилгээнд зөвлөгөө өгч байна.  

-    Бусад ажилчдаас ямар нэгэн хордлогын шинж тэмдэг илэрсэн үү?

-  Нийт 23 хүн найруулсан үл мэдэх шингэнээс уусан байх магадлалтай байна. Үүнээс шингэн уусан шинж тэмдэг илэрсэн 18 хүн, мөн таван хүн энэ орчинд байсан гэх мэдээлэл бий. Гэхдээ шингэнээс хэрэглээгүй гэж мэдэгдээд байгаа. Тэнд байсан нийт  212  хүнийг эрүүл мэндийн шинжилгээнд хамруулсан. 

-    Тус шингэнийг хэрэглэсэн хүмүүс хаана ажилладаг вэ?

- Дорнод аймгийн Халх гол суманд байрлах “Петрочайна  Дачин Тамсаг” уурхайн гэрээт ажилчид  юм. 

-    Шингэнийг хаанаас авсан бэ?

-  Махны агуулахад ажилладаг хүн авсан юм билээ. Яг ямар байдлаар авсан шалтгааныг одоогоор тодруулаагүй байна. Энэ хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. 

-   Эмнэлэгт эмчлүүлж байгаа иргэдэд цаашид эрсдэл үүсэх магадлалтай юу?

-   Магадлалтай. Цаашдаа ямар ч байдлаар хүндэрч болно. 

-    Шингэнийг юунд хэрэглэдэг, яг ямар зориулалттай юм бэ?

-  Энэхүү шингэнийг газийн плитка цэнэглэх, гал асаахад хэрэглэдэг. Ерөнхийдөө техникийн төрлийн спирт юм. Өнгөгүй, амтгүй, цагаан шингэн. Усаар шингэлээд уухад хэл ам дарвигнаж, хоолой гашуун оргисон гэж өвчтөнүүд мэдүүлсэн. 

-     Өмнө нь ийм бодис ууж хордсон тохиолдол гарч байсан уу?

-   Өмнө нь ийм төрлийн бодис хулгайд алдагдаж байсан. Гэхдээ анх удаа л архины оронд хэрэглэж, уусан тохиолдол гарч байна. 

-   Амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй нь уулзсан уу?

-  Дорнод аймгийн удирдлагууд болон ажиллаж байсан байгууллагаас нь ар гэрийнхэнтэй нь уулзаж байгаа. 

-   Цаашид ийм хэрэг гаргуулахгүй байхын тулд ямар арга хэмжээ авах вэ?

-  Манайд гамшгийн үед хэрэгжүүлэх бэлэн байдлын төлөвлөгөө гэж байдаг. Энэ төлөвлөгөөнийхөө дагуу арга хэмжээ авч байна. Гол асуудал нь хүмүүс яагаад баталгаагүй шингэнийг хэрэглэв гэдэгт байгаа юм. Энэ бол хувь хүний хариуцлаггүй байдлаас гарч байгаа хэрэг. Мөн иргэдийн дунд мэдээлэл харьцангуй дутмаг байгаагийн улмаас юм. Тиймээс энэ талын мэдээллийг иргэдэд өгөх ажлыг эрчимтэй хийнэ.

Эх сурвалж: Breakingnews.mn

Б.Янжиндулам

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • газийн плитка цэнэглэх, гал асаахад хэрэглэдэг shingen boloh ni yag togtoogdson yum uu??? Ul medegdeh shingen geed baisnaa iim shingen bolood yavchihlaa, oilgomjgui yaria baina. Unen bol yamar aimaar yum be???

Онцлох мэдээ