...
...

Бичин жил яагаад ЗУД болдог вэ?

Сүүлийн үед цочир хүйтрэх тухай Ус цаг уур, орчны шинжилгээний газраас иргэд, малчдад сануулах болсон.

Энэ сарын 17-25-ны хооронд ойрын 10 жилд байгаагүйгээр буюу -47 хэм хүртэл хүйтрэх тухай ч мэдээлж байна.

Өвлийн эхэн сар гараад удаагүй, ес ч эхлээгүй байхад ийн хүйтэрч, иргэд, малчдыг сандаргаж буй нь үнэхээр бичин жилийн зуд болохын дохио мэт. Гэхдээ амны билгээс, ашдын билэг гэдэг дээ.

Зуд ган зэрэг байгалийн гамшиг тодорхой мөчлөгтэй давтагддаг агаад, түүний давтамж өсөх хандлагатай байгаа нь сүүлийн 60 жилийн статистик судалгаагаар гарчээ.

  • Жишээлбэл, 1944 оны бичин жилийн зуд 150 хоног үргэлжилж, 9,2 сая,
  • 1956 оны бичин жилд 2,2 сая мал,
  • 1968 оны бичин жил 165 хоног үргэлжилж, зудад 4,4 сая мал хорогджээ.

1970-1990 оны хооронд өмнөх жилүүдийн адилаар ган, зуд цөөнгүй тохиолдсон боловч түүний эсрэг тэмцэх бэлтгэл, нөөц харьцангүй сайн байсан тул хохирол багатай гарсан байна. 

Сүүлийн жилүүдэд дэлхийн цаг уурын дулааралт, экологийн орчны өөрчлөлттэй холбоотойгоор ган зудын давтамж ойртож, байгалийн гамшгаас учруулах хохирол буурахгүй байгаа аж.

1999-2000 онд 12 аймгийн 157 сумын олон сая мал зудад нэрвэгдсэнээс 2,4 сая мал хорогдсон. 2000-2001 онд 20 аймгийн 192 сумын хориод сая мал зудад нэрвэгдсэнээс 3,5 сая мал хорогдож таван мянга орчим өрх малгүй болжээ.

Чухам яагаад бичин жилд зуд болдог тухай тодорхой мэдээлэл алга.

Гэхдээ зуд, ган зэрэг байгалийн үзэгдэл нь тодорхой цаг хугацааны мөчлөг дээр давтагддаг гэдэг нь дээрх жилүүдээс харагдаж байна. Магадгүй энэ нь бичин жилд тохиодог байж ч болох юм. 

Энэ оны тооллогоор малын тоо толгой 73 саяд хүрсэн тухай ХХААЯ-наас мэдээлсэн. Харин 13 саяыг дотоодын хэрэгцээ, экспортонд бэлтгэснээр 153 мянган малчин өрхийн 60 сая мал өвөлжих гэнэ. Мөн долоон сая мал бэлчээргүйн улмаас отроор өвөлжихөөр болжээ. Өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай байгаа тухай Улсын онцгой комиссоос мэдээллээ.

2015 оны зунаас “Бичин жилийн зуд болох уу” гэсэн таамаг бүхий мэдээ, нийтлэлүүд тавигдах болсон.

Харин жинхэнэ бичин жилийн өвөл 2016 онд тохиохыг хүмүүс тэр бүр мэдсэнгүй. Ерөнхийлөгч хүртэл “Иргэд зах замбараагүй олон малаа цөөлж, ашиг шимтэй, тарга хүчтэйг нь авч үлдээд, бусдыг нь заазалж, зарах хэрэгтэй” гэсэн саналыг дэвшүүлж байсан. Харин жинхэнэ бичин жилээ өнтэй давж чадах болов уу.

Малчид малынхаа тоо толгойг өсгөхийн тулд хөгширч байгаа малаа нядлалгүй, өвлийн хахирган цагт алдах нь энүүхэнд. Гэвч бичин жил зүгээр ч нэг өнгөрчихдөггүйг хашир малчид мэдэх учраас хувьдаа ч, төрөөс ч нэлээд анхаарал хандуулж намаржжээ.

Дээрээс нь энэ жил зуншлага сайхан байсан учир хадлан тэжээлээ ч сайн бэлтгэсэн сурагтай. Гэхдээ манайхнаас илүү Хятадууд л бичин жилийн өвөлд нэлээд бэлдэх шиг болсон. Цаг хэцүүдээд ирэхээр импортолж авсан өвсөө буцааж манайд нэг боодлыг нь 5000-6000 төгрөгөөр худалддагийг захын малчин мэднэ.

Хадлан тэжээл элбэгтэй байсан Зүүн аймгуудын нутгаар өвөлжилтийн байдал хүндэрсэн тухай мэдээ байна.

10 дугаар сарын дундуур орж эхэлсэн цас зудын хэмжээнд очоод байгаа тухай нутгийн удирдлагууд ярьж байна. Тэгэхээр цаг аль хэдийн хүндрээд, малчид хадлан тэжээлээ бараад эхэлжээ. Энэ байдлаараа хаврын цагт улам л хэцүүднэ. 2010 оны тавдугаар сард хүртэл зуд болж Монгол Улс 10 сая малаа алдаж байсан гашуун түүх бий. Цаашид юу болохыг хүлээх л үлдэж дээ.

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (17)

Онцлох мэдээ