Өмнөговь аймгийн ИТХ- ын төлөөлөгч, тэргүүлэгч, МАН- ын хорооны Хэрэг эрхлэх газрын дарга, Даланзадгад сумын МАН-ын хорооны дарга Т.Алтансүхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ, аймгийн ИТХ-ын сонгуульд та бүхэн амжилттай оролцож үнэмлэхүй ялалт байгуулсан. Иргэд сонгогчиддоо хандаж хэлэхэд?
-Юуны өмнө МАН-аас нэр дэвшигчдийг дэмжиж саналаа өгсөн говьчууд, түүний дотор Даланзадгад сумынхаа иргэд сонгогчдод талархал илэрхийлье. Бид найман жилийн дараа аймгаа удирдах эрхийг ард түмнийхээ итгэлээр олж авлаа. Та бүхнийхээ итгэл, дэмжлэгийг зүтгэлээр хариулж ажиллах болно.
-Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн хувьд ямар хүлээлттэй байгаа вэ?
-Өмнөговь аймгийн МАН- ын хороо УИХ-д хоёр гишүүнтэй, АИТХ-д 19 төлөөлөгчтэй болсон. Тиймээс Өмнөговь аймгийн МАН-ын хорооноос одоогийн орон нутгийн сонгуульд буюу аймгийнхаа 15 суманд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, сумдын засаг даргын үйл ажиллагаа, төлөвлөсөн хөрөнгө оруулалт, иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх боломж Улсын Их Хурал болон Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын түвшинд нээлттэй болсон. Тиймээс, бид энэ удаагийн орон нутгийн сонгуульд маш чухал ач холбогдол өгч байгаа. Эрх баригч хүчнээс ийм хүчирхэг дэмжлэгтэй аймагт МАН-ын хороо ялалт байгуулахгүй бол сумдын ажил унаж магадгүй шүү гэсэн анхааруулгыг иргэд, сонгогчдын зүгээс бидэнд байнга өгч байгаа. Тиймээс аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчийн хувьд ч, Даланзадгад сумынхаа МАН-ын хорооны даргын хувьд ч нөхөдтэйгээ нягт хамтран ажиллаж сонгуульдаа нэлээд чамбай бэлтгэлээ. Манай нэр дэвшигчид иргэд рүүгээ чиглэсэн бодлого хэрэгжүүлэх үүднээс “Амьдрал цэцэглэсэн ногоон Даланзадгад” гэсэн уриатай мөрийн хөтөлбөрөө боловсруулж орон нутгийн сонгуульдаа оролцож байна.

-Танай сумын нэр дэвшигчдийн онцлог нь юу вэ?
-Бид энэ удаагийн сонгуульд ард түмний төлөөлөл болж чадахуйц 31 нэр дэвшигчээ тодруулсан. Нэр дэвшигчдийн маань дийлэнх нь ид хөдөлмөрлөх насны эрч хүчтэй залуучууд байна. Нөгөөтэйгүүр амьдралын их туршлагатай ахмадууд, эмэгтэйчүүд гээд нийгмийн бүхий төлөөллийг манай нэр дэвшигчдээс харж болно.
Маш энгийнээр хэлбэл, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг бол тухайн сумын нийт иргэдийн төлөөллийн байгууллага шүү дээ. Даланзадгад хотын маань 12 мянган иргэний төлөөлөл цуглаад асуудлаа ярилцдаг, хотынхоо хөгжлийн бодлогыг тодорхойлдог нэг л гэр бүлийн гишүүд. Энэ байгууллагад ямар ч мэргэжилтэй, насанд хүрсэн Монгол улсын иргэн ороод ажиллах боломжтой. Гэхдээ эрдэм боловсролын хувьд чамбайрсан, ажлын тодорхой туршлага хуримтлуулсан, бусад нэр дэвшигчидтэйгээ нэгэн цул баг болоод ажиллаж чадах хүмүүсийг нэр дэвшүүлэх зорилго тавьсан.
Аливаа улс төрийн шийдвэрийг олуулаа нийлж гаргах тусмаа оновчтой болдог. Хамт олны эв нэгдэл, олон гишүүдийн итгэл, хүсэл зорилго нэгдэж гэмээнэ сонгуульд амжилттай оролцох, цаашлаад төрийн ажлыг чанартай гүйцэтгэх баг бүрдэнэ шүү дээ. Тиймээс Даланзадгад сумын МАН-ын хорооны гишүүд бид олон талаас нь ярилцаж, олон нөхцөл байдлыг тооцож байж нэр дэвшигчдээ тодруулсан. Хамт олноо төлөөлж чадах, төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж чадах хүмүүсээ нэр дэвшүүлсэн гэдэгт бид итгэлтэй байна.
-Та намынхаа мөрийн хөтөлбөрийг товч танилцуулаач. Хэрэгжих боломжийг нь та яаж үнэлж байна?
-Өнөөдөр та бидний өмнө Даланзадгад сумын маань өмнө тулгараад байгаа олон бэрхшээлийг бид шийдвэрлэхийн тулд энэхүү мөрийн хөтөлбөрийг сонгогч түмэндээ танилцуулж байгаа юм. Манай намын мөрийн хөтөлбөр хэрэгжих бүрэн боломжтой гэж бид үзэж байна. Бид мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа Даланзадгад сумын иргэн бүрийг хамруулж санаа бодлыг сонссон учир ард түмний ахуй амьдралаас босч ирсэн гэж ойлгож болно. Нөгөөтэйгүүр УИХ, Аймгийн ИТХ-ын түвшинд манай нам эрх барьж байгаа энэ үед бид мөрийн хөтөлбөр 100% хэрэгжүүлэх сайхан боломж бүрдсэн. Хамгийн гол нь мөрийн хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадах чадварлаг боловсон хүчнүүд бидэнд байна. Тиймээс бид энэ удаагийн сонгуульд олон чухал шийдлүүдийг зоригтойгоор дэвшүүлэн тавьсан.
-Сонгогч түмэндээ хандаж юу хэлэх вэ?
-“Эвт шаазгай буга барина” гэж ардын маань сайхан үг байдаг. Энэ удаагийн сумын ИТХ-ын сонгууль аймгийн ИТХ-ын сонгуулиасаа салж болж байгаагаараа ихээхэн онцлог. Сумынхаа хөгжлийг ирэх дөрвөн жилд урагшуулахын төлөө МАН-аас нэр дэвшиж байгаа 31 нэр дэвшигчийг багаар нь дэмжиж сонгохыг уриалъя. Бид та бүхний итгэлийг дааж, ирэх дөрвөн жил УИХ-ын хоёр гишүүн, АИТХ-ын 19 төлөөлөгчтэйгөө нягт хамтран ажиллан Даланзадгад хотынхоо хөгжлийг нэг алхам урагшуулна гэдгээ илэрхийлэхэд таатай байна. Та бүхний сонголт мэргэн байх болтугай.
Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn
Худал чалчиж худал мэдээлэл тараахаа болих хэрэгтэй. Танай боловсон хүчний хомсдолд ороогүй юм бол яаж байгааг Сүхбаатар дүүргийн ИТХ-д танхайн хэргээр шүүхээс ял авч байсан этгээдүүд нэр дэвшүүлдэг юм.