...
...

Н.Энхтуяа: Сургуулийн маань анхны захирал одоо ч бидэнтэй ажилладаг

 Дэлхийн болон Монголын багш нарын өдөр өчигдөр  тохиосон билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан БСШУЯ 2016 оны тэргүүний багш, сургууль, цэцэрлэгүүдийг тодруулсан. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Н.Энхтуяа захиралтай Орхон цогцолбор сургууль улсын тэргүүний сургуулиар шалгарсан юм. Ингээд тус сургуулийн  захирал Н.Энхтуяатай  цөөн хором ярилцаж баярын сэтгэгдлийг нь сонслоо.

-Юуны өмнө танд Дэлхийн болон Монголын багш нарын өдрийн баярын мэнд хүргэе. Баярын өдрөө танай сургууль улсын тэргүүний сургуулиар шалгарлаа шүү дээ. Сэтгэгдлээ хуваалцана уу?

-Манай хамт олон энэ сайхан өдөр улсын тэргүүний сургуулиар шалгарсандаа баяртай байна. Аймгийн боловсролын байгууллагаа  төлөөлж  улсын тэргүүний гурав дахь сургуулиар тодорлоо.

-Улсын тэргүүний сургууль  болоход танай сургуулийн  ямар үзүүлэлт нь чухал нөлөө болсон  гэж бодож байна вэ?  “Орхон” цогцолбор сургуулийг танилцуулна уу?

-Манай сургууль анх 1957 онд байгуулагдсан. Сургуулийнхаа 60 жилийн босгон дээр улсын тэргүүний  сургууль боллоо. Сургуулийг маань анх байгуулсан хамгийн анхны захирал мөн хамгийн анхны багш хоёр өдгөө нас сүүдэр наяыг зооглоод биднийхээ дунд ажиллаад явж байна. Хоёр буурлынхаа эхлүүлсэн үйл хэргийг амжилттай үргэлжлүүлээд явж байна гэдэг маш том бахархал.

“Орхон” цогцолбор сургууль маань 1000 гаруй сурагч, 100 гаруй багштай.  Цэцэрлэгтэй дунд сургууль гэдгээрээ нэлээд онцлогтой. Цэцэрлэгтэй дунд сургуулийн загварыг   улсын хэмжээнд зөвхөн манай сургууль л нэвтрүүлсэн. Үүнийхээ үйл ажиллагааг баталгаажуулсан тул энэ амжилтыг маань үнэлсэн гэж ойлгож байна. Нөгөө талаар бид хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхдээ сурагчдын гэрийн даалгаврын ачааллыг бууруулж, сурлагын амжилтыг 15 хувиар ахиулсан. Тухайлбал, бага ангийн сурагчдад гэрийн даалгавар огт өгдөггүй. Ингэхдээ гэрийн даалгаврыг эцэг эх аль эсвэл багштайгаа хамтран хийдэг болсон. Харин дунд, ахлах ангийн сурагчид гэрийн даалгавраа сургууль дээрээ багаараа хамтарч хийдэг энэ тогтолцоог  манай хамт олон  хэрэгжүүлж эхэлсэн. Энэ маань маш үр дүнгээ өгч байгаа бидний брэнд ажил гэж тодотгож болно.Түүнчлэн сургалтын таатай орчин бүрдүүлснээс гадна сурагчдынхаа авъяас чадварыг нээх, хөгжүүлэх тал дээр ихээхэн анхаарч зөв, ёс зүйтэй хүүхдийн есөн дадлыг хэвшүүлж эхэлсэн.

-Тухайлбал дээрх есөн дадалд юу юу орох вэ?   

-Үүнд эрүүл байх, зөв байх, зөв шударга зан чанартай байх зэрэг дадлууд орно.

-Сурагчдын гэрийн даалгавраас яагаад татгалзах болов?

-Эцэг эхчүүд, сурагчдаасаа судалгаа авсны үндсэн дээр дээрх шийдвэрт хүрсэн л дээ. Судалгаагаар юу харагдсан бэ гэхээр гэрийн даалгавар  сурагчдыг маш их стресстүүлдэг болох нь харагдсан. Ингээд хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш эцэг эх, сурагчдын дунд дахин судалгаа явууллаа. Эцэг эхчүүд үүнийг  “маш зөв хөтөлбөр байна. Хүүхдүүд маань гэртээ очоод тоглодог, улмаар өөрийгөө хөгжүүлэх өөр зүйлд цаг заваа зарцуулдаг болсон"  гэж ихэнх нь хариулсан” байдаг.

-Цэцэрлэгтэй дунд сургууль гэдгээрээ онцлог гэж дээр ярилаа. Энэ тухайд дэлгэрүүлж яривал?

-Сургууль, цэцэрлэгийн хоорондын залгамж холбоог ойртуулах зорилготой юм. Цэцэрлэг нь  бага ангитайгаа, бага анги нь дунд ангитайгаа гэх мэт уялдаа холбоотой ажиллахыг хэлж байгаа юм л даа. Энэ хэрээрээ цэцэрлэгийн багш нар болон хүүхдүүд бусад цэцэрлэгийн хүүхдүүдээс илүү чадваржиж байгаа. Яагаад гэвэл бага, дунд ангийн орчин өөр өөр байдаг тэгвэл дээрх байдлаар ажилласнаар нэгдмэл байдлыг бий болгож байгаа .

-Сурагчдынхаа авъяас чадварыг хөгжүүлэх тал дээр сургуулийн зүгээс хэрхэн анхаарч байна?

-Хичээлээс гадуур сонгон, дугуйлан ажиллуулах нь  маш чухал зүйл. Бид энэ тал дээр анхаарч ажилладаг. Тухайлбал нийтдээ 27 төрлийн дугуйлан хичээллэдэг. Үүнд давхардсан тоогоор 1800 гаруй хүүхэд хамрагдаж байна.Үүнээс онцолж хэлэхэд, хайчилбар, сийлбэрийн дугуйлан, эсгий,  морин хуур, хөөмий, гоёл чимэглэлийн дугуйлан тус тус явагддаг. Тиймээс бид ирэх арваннэгдүгээр сарын 5-нд урлаг, урлалын тайлан тоглолтыг Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулахаар ажиллаж байна.

-Элсэлтийн ерөнхий шалгалтад танай сургуулийн сурагчид  амжилттай оролцдог шүү дээ?

-Тийм ээ. Манай төгсөгчид  аймаг, улсын дунджаас өндөр хувьтай оролцдог. Өнгөрсөн жилийн ЭЕШ-ын тухайд нийгмийн ухаан, газарзүй, математикийн хичээлүүдэд дээгүүр байр эзэлсэн. 

-Сайн шавийг сайн багш л төрүүлдэг. Багшаа хөгжүүлэх, чадавхжуулах тал дээр хэрхэн анхаарч байна?

-Тэгэлгүй яахав. Энэ тал дээр хэд хэдэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.Тухайлбал, "Багш хөгжил”-ийн хөтөлбөр, “Бүтээлч багш” хөтөлбөрүүдийг нэрлэж болно. Түүнчлэн багаараа хамтарч хөгжих мөн бусдаасаа туршлага солилцох зэрэг ажлуудыг нэлээдгүй өрнүүлдэг.

-Та боловсролын салбарт хэчнээн жил ажиллаж байна вэ? Манай уншигчдад өөрийгөө танилцуулбал?

-Би боловсролын байгууллагад өдгөө 26 дахь жилдээ ажиллаж байна. 15 жил захирал, долоон жил сургалтын менежерээр, дөрвөн жил нь багшийн мэргэжлээр тус тус ажилласан. Өнгөрсөн энэ хугацаанд чин сэтгэлээсээ хүүхдийн төлөө ажилласан бид бүхний  хөдөлмөрийг   үнэлж 2016 оны тэргүүний сургуулиар шалгаруулсан явдалд маш их талархаж байна.

-Улсын хөгжил сумаас эхлэлтэй гэдэг. Тэр дундаа хөдөө орон нутагт боловсролын салбар хамгийн чухал салбар.  Хэр хүртээмжтэй хүрч чадаж байна, дутагдалтай зүйл юу байна вэ?

-Хэдий хөдөө орон нутагт  дутагдах гачигдах зүйл их байдаг ч гэлээ манай боловсролын салбарынхан чин сэтгэлээсээ ажилдаа ханддаг. Сургалтын таатай орчныг  бүрдүүлэх, болоод бусад тал дээр төсөв мөнгөний хүндрэл их гарна Тухайлбал, урсгал засварын зардал гэхэд сая төгрөг л төсөвлөгддөг. Үүгээр бид дотуур байр,  мөн хичээлийн байруудаа засварлахад хаанаа ч хүрдэггүй. Түүнчлэн хичээл практикийн зардал маш хомс. Жишээ нь дуу хөгжмийн хичээлийн тухайд хөгжим, техник технологийн хичээлд багаж хэрэгсэл дутагдана. Гэхдээ энэ бүхэнд төр засгаа хараад байхаасаа илүүтэй сургуулийнхаа үе үеийн төгсөгчид рүүгээ хандаж хандив туслалцаа эрэх цаашлаад олон улсын төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж  аль болох бид  боломжоороо шийддэг.

-Багшийн  мэргэжлийн хамгийн сайхан нь?

-Чин сэтгэлээсээ хүүхэдтэй ажиллах нь  багш хүний хамгийн эрхэм үүрэг. Багш нар шавиараа гоёдог, шавь нар нь багшаараа бахархдаг болов уу гэж би хувьдаа ойлгодог.  Шавь нараасаа “багшдаа баярлалаа” гэж хэлэхийг сонсох нь багшийн  мэргэжлийн хамгийн сайхан нь юм даа.

-"Орхон" цогцолбор  сургуулийн онцлогийг цөөн үгээр илэрхийлбэл?

-Бүтээлч, эвсэг хамт олныг бүрүүлж чадсан сургууль. Мөн үе үеийн мундаг төгсөгч, багш нар олонтой. Тэдэнтэйгээ хамтарч ажилладаг онцлогтой гэх үү дээ.

-"Тэргүүний сургууль" хэмээх энэ том алдар хүндийг дагаад хариуцлага нэмэгдэх нь дамжиггүй. Та бүхний цаашдын зорилго төлөвлөгөөг сонирхвол?

-Энэхүү амжилтаа бататгаж, ихийг хийхийн төлөө мөн хүүхдийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л манай хамт олны  зорилго. 

Ярилцсанд баярлалаа. Эрдэм түгээх их үйлсэд  нь улам их амжилтыг хүсье.

 

Б.Алтжин

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ