...
...

Т.Насанбат: Шавь нараа сайн явахыг харах багш хүний хамгийн том аз жаргал

Ерийн малчны хотноос

Ертөнцийн дэвжээнд гаргасан

Ерхөг найгасан талаас

Есөн гаригт хүргэсэн

 Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм

 Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм. Тиймээ  энэ сайхан шүлгийн эздийн баяр энэ өдөр болж байна.

 Дэлхийн болон Монголын багш нарын өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан БСШУЯ өнгөрсөн хичээлийн жилд ажлын амжилт, Хүүхэд бүрийг хөгжүүлэх их үйлсэд бусдыгаа хошуучлан ажилласан шилдгүүдээ тодруулан, тэдэнд хүндэтгэл үзүүлж, тэдний туршлагыг бусдад нь хуваалцах ажлыг зохион байгууллаа. Тухайлбал, Өмнөговь аймгийн Д.Оюунчулуун захиралтай лаборатори нэгдүгээр сургууль Улсын тэргүүний сургуулиар тодорсон юм. Ингээд тус сургуулийн технологийн багш Т.Насанбаттай цөөн хором ярилцаж баярын сэтгэгдлийг нь сонссон юм.

-Юуны өмнө танд Дэлхийн болон Монголын багш нарын өдрийн баярын мэнд хүргэе. Баярын өдрөө танай сургууль улсын тэргүүний сургуулиар шалгарлаа шүү дээ. Баярын сэтгэгдлээ хуваалцана уу?

-Монголын багш нарын 50 жилийн ой, мөн Дэлхийн багш нарын 22 жилийн ойн баярын энэ сайхан өдөр манай Өмнөговь аймгийн Д.Оюунчулуун захиралтай лаборатори нэгдүгээр сургууль маань улсын тэргүүний сургуулиар шалгарлаа. Энэхүү арга хэмжээнд хамт олноо төлөөлөөд  оролцож байгаадаа баяртай байна.

-Танай сургууль анх удаа улсын тэргүүний сургуулиар шалгарч байна уу?

-Манай сургуулийн 90 жилийн ой ирэх жил болно. Ойн босго дээрээ Улсын тэргүүний сургууль боллоо. Сэтгэгдэл маш өндөр байна.

-МҮОНРТВ-ийн “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлэгт танай сургуулийн хүүхдүүд амжилттай оролцож байсан шүү дээ? Технологийн багшийн хувьд  энэ тухай яривал?

-Тиймээ. Манай сургууль  нь улсын хэмжээний лаборатори 40-н сургуулийн нэг. Сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс  гадна бидний брэнд гэж хэлж болох хэд хэдэн уламжлал болсон ажлууд байдаг л даа. Тухайлбал, сурагчдынхаа авъяасыг нээх, улмаар хөгжүүлэх зорилгоор "Хөх тэнгэрийн говийн хүүхдүүд " ТББ -ийн дэргэдэх  клубыг үүсгэн байгуулж 2010 оноос хойш тэргүүнээр нь ажиллаж байна. Энэхүү дугуйлангийн хүүхдүүд маань аймгийн болон улсын олон уралдаан тэмцээнд амжилттай оролцдог. Энэ амжилтаа улам бататгаж  90 жилийн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтах зорилготой ажиллаж байна.

-Таны хувьд багшлаад хэдэн жил болж байна. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Т.Насанбат гэдэг. Дизайн технологийн багш мэргэжилтэй. МУБИС-ийг төгссөнөөс хойш өдгөө 26 дахь жилдээ багш хэмээх эрхэм  сайхан мэргэжлийн эзэн болоод явж байна. Энэ хугацаанд олон сайхан шавь нар төрүүллээ. Шавь нараараа бахархана гэдэг бидний мэргэжлийн хамгийн сайхан нь шүү дээ.

-Багш мэргэжлийн хамгийн сайхан нь?

-Сайхан асуулт байна. Би шавь нартаа “багш нь Монголын аль ч өнцөг буланд очсон ч хоосон хонохгүй” гэж  хэлдэг юм. Багш мэргэжлийн хамгийн сайхан нь энэ. Мөн шавь нараа  сайн явахыг харах багш хүний хамгийн том аз жаргал .

 "Миний урлан"  DVD-г та гаргаж байсан шүү дээ. Энэ тухайд яривал?

-Тиймээ Танин мэдэхүйн боловсролыг олгох зорилгоор "Миний урлан" DVD гаргаж байсан. Үүнийгээ орон нутгийн "Алтан говь" телевизээр "Миний урлан" телевизийн танин мэдэхүйн хичээл зааж,түүнийгээ DVD болгон аймгийнхаа сургууль цэцэрлэгүүдэд үнэгүй тарааж байсан . Энэхүү хичээлээс ахуйн хэрэглээний маш их зүйлийг сурч мэдлээ гэж олон хүн талархлаа илэрхийлсээр байдаг юм.

Ярилцсанд баярлалаа. Эрдэм түгээх их үйлсэд нь сайн сайхныг хүсье.

Б.Алтжин

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ