Өнөөдөр Дэлхийн багш нарын 22 дахь өдөр. Мөн монголын багш нарын баярын 50 дахь өдөр тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсан билээ.
Тэгвэл уг өдрийг тохиолдуулан БСШУЯ “Монголын багш нарын баярын 50 дахь өдөр”-ийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг УДЭТ-т зохион байгууллаа. Уламжлал ёсоор “Оны тэргүүний багш, Улсын тэргүүний цэцэрлэг, сургууль”-ийг шалгаруулж, шалгарсан багш, байгууллага хамт олны ажлын амжилт, үр дүнг үнэлж, урамшуулах, тэднийг үнэлэмжийг дээшлүүлэн алдаршуулах, улс орон даяар тэдгээрийн тэргүүлэх туршлага, шинэ санал санаачлага, багшийн шилдэг заах арга зүйг сурталчилан таниулж байгаа төдийгүй НҮБ-ээс дэвшүүлсэн “Багшийн үнэлэмж, статусыг нэмэгдүүлэх, сайжруулах” зорилготой зайлшгүй уялдаж байгаад тус арга хэмжээний ач холбогдол орших юм.
Тус үйл ажиллагаанд БСШУСЯ-ны сайд Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, Ерөний сайдын ахлах зөвлөх Б.Энхбаяр болон үе үеийн багш нар оролцов.
Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь багш нарт хандан хэлэхдээ “БСШУСЯ нь боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар, багшийг хүний хөгжлийн тулгуур хүч гэх үзэл баримтлалд тулгуурлан багш нарын хөгжил, нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулж, яамны бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, зорилт болгон ажиллах болно”
Ингээд 2016 оны тэргүүний багш, Улсын тэргүүний цэцэрлэг, сургууль”-ийг танилцуулж байна.
“Оны тэргүүний багш”-аар:
- Сэлэнгэ аймгийн дөрөвдүгээр сургуулийн биологийн багш Г.Цолмон
- Улаанбаатар хотын Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн бага ангийн багш Б.Ундрал
- ХААИС-ийн тэнхмийн эрхлэгч Д.Баатархүү
- АШУҮИС-ийн багш Н.Баясгалан
- Шихихутаг их сургуулийн багш П.Түвшинтөгс
“Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр:
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын С.Алимаа эрхлэгчтэй дөрөвдүгээр цэцэрлэг
- Хэнтий аймгийн Хэрлэн сумын Б.Энхтуяа эрхлэгчтэй дөрөвдүгээр цэцэрлэг
- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ж.Ариунаа эрхлэгчтэй “Гацуурхан” цэцэрлэг
“Улсын тэргүүний сургууль”-иар
- Өмнөговь аймгийн Д.Оюунчулуун захиралтай лаборатори нэгдүгээр сургууль
- Увс аймгийн Н.Бүрэн захиралтай лаборатори нэгдүгээр сургууль
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын Н.Энхтуяа захиралтай Орхон цогцолбор сургууль тус тус шалгарч батламжаа гардан авлаа.
“Оны тэргүүний багш”-аар шалгарсан Шихихутаг их сургуулийн багш П.Түвшинтөгс “Монголын нийт багш нартаа тэр дундаа Шихихутаг их сургуулийн эрдэмтэн багш нартаа “Монголын багш нарын 50 дахь өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Мөн үргэлж намайг дэмжиж байдаг хайртай гэр бүл, сургуулийн хамт олон, шавь нар найз нөхөддөө баярлалаа гэж хэлмээр байна” гэлээ.
“Оны тэргүүний багш”-аар шалгарсан АШУҮИС-ийн багш Н.Баясгалан “Өнөөдөр энэ нэр хүндтэй шагналын эзэн болж байгаадаа туйлаас баяртай байна. үргэлж намайг дэмжиж урамшуулдаг хайртай ээж, аав, эрдэмтэн олон багш нартаа, анагаахийн сургуулийн хамт олон, оюутнууддаа баярлалаа гэж хэлмээр байна.
“Оны тэргүүний багш”-аар шалгарсан ХААИС-ийн тэнхимийн эрхлэгч Д.Баатархүү “Монголын нийт багш нартаа тэр дундаа ХААИС-ийн багш нартаа баярын мэнд хүргэе. Сургалтын таатай орчинг бүрдүүлж өгсөн ХААИС-ийн тэр дундаа цахи лгаан хангамж, электроникийн тэнхмийн хамт олны минь шагнал юм гэдгийн хэлмээр байна. Цааш цаашдаа манай тэнхмийн хамт олон нийгмийн эрэлт хэрэгцээнд шаардлага нийцсэн боловсон хүчин бэлтгэх их үйлсэд үр бүтээлтэй ажиллах болно. Мөн намайг төрүүлж өсгөсөн аав ээждээ, халамжит ханьдаа баярлалаа гэж хэлмээр байна” гэв.
Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn