...
...

Э.Урангоо: Монгол бүсгүй юу хийж чаддаг, ямар авьяастай, хэн бэ гэдгээ л харуулна

Монголд анх удаа 60 орны мисс, Украйны “Амьд барби” Валерьяа Лукяновагаас эхлээд загварын шилдгүүд нэг дор цугларах “Face of beauty international” олон улсын миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн Э.Урангоо оролцохоор шалгарсан билээ. Ингээд түүнтэй тус тэмцээний талаар  болон дотоод ертөнцөөр нь аялсан юм.

-Хүүхэд насныхан тэр гэгээн дурсамжаас хоёулаа яриагаа эхэлье.  Хүүхэд нас нь хэрхэн өнгөрөв. Ямар хүүхэд байв? 

- Өөрийнхөө тухайд танилцуулахад намайг Энхтайваны Урангоо гэдэг. Улаанбаатар хотод төрсөн. Нэг эгчтэй, ам бүл дөрвүүлээ. Айлын бага.  Урлагийн гэр бүлд өссөн. Багадаа бүжиглэнэ, дуулна гээд л явж байдаг урлагт хайртай хүүхэд байсан. Аав маань бас дуучин, барималчин, зураач хүн байдаг. Залуудаа Варьете чуулгат дуучин байсан. “Чи миний хайртай цэцэг”  гэдэг дуугаар нь хүмүүс их мэддэг. Ээж маань гоо сайханч, сайхан эмэгтэй бий. Аавын хүмүүжлээр өссөн охин. Ер нь их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Спортод их дуртай. Мөн улсын шатрын аваргад гуравдугаар байранд орж байсан. Хувцас дизайн их сонирхдог.

  Мөн амьтанд хайртай гэрээрээ дүүрэн амьтан тэжээдэг хүүхэд байсан.  Тийм ч учраас 2005 онд цэвэр цагаан хоолтон болсон. Одоо болтол цагаан хоол идэж байна. Цагаан хоолтон болоход маш олон зүйл ухамсарт нөлөөлсөн л дөө. Энүүхэн биеэ тэжээх гэж мах идэх албагүй гэдгийг ухаарсан. Хүмүүс цагаан хоол Монголчуудад зохихгүй, сульдаа болдог зэргээр ярьдаг. Гэвч огт тийм биш.

-Ямар мэргэжилтэй вэ?

-“Сити” дээд сургуулийг Маркетинг, менежментийн чиглэлээр төгссөн. Одоо СУИС-ын дуулаачийн ангид суралцаж байгаа. Энэ хавар сургуулиа төгсөнө.

-Хэсэг хугацаанд телевизэд хөтлөгчөөр  ажилласан байх аа?

-Тийм ээ. Үүнээс өмнө анх 2008 онд аавтайгаа хамт танин мэдэхүйн чиглэлийн телевиз нээж байсан. Телевиз маань хоёр жил үйл ажиллагаа явуулаад хаагдсан л даа.  Энэ хугацаанд өөрөө нэвтрүүлгээ хөтлөдөг байсан болохоор камертай хэрхэн харьцах вэ зэрэг олон зүйлийг сурч мэдэж авсан. Тэгээд дараа нь UBS телевизэд хоёр жил ажилласан. Үүний дараа “Их эзэн хаан” театрт дуучин, бүжигчнээр ажиллаж байсан.

- “Universe best songs” наадамд оролцож байсан. Анх тус наадамд орох болсон тухайгаа эргэн дурсвал?

-Энэ наадамд орох саналыг аав маань анх тавьсан. Би энэ наадмаас зөндөө зүйл сурсан. Дуун дээр их цаг гаргаж ажиллах ёстойг, нарийн нугалаа, нарийн мэдрэмжүүд рүү төвлөрч ажиллах хэрэгтэй тууштай байх гээд л. Тэгээд  мөн кинонд тоглох санал аваад бас “Мартагдашгүй намар” киноныхоо дууг  өөрийнхөөрөө дуулахыг хичээсэн.  Тэрний дараа найруулагч Чингүүний “The Call”  аймшгийн уран сайхны кинонд мөн  “Нарны жим” олон ангит кинонд тоглосон.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн  сонин  сайхан юу байна?

“Рэкeт” кинонд  гол дүр бүтээж байна. Киноны зураг авалт одоо үргэлжилж байгаа. Сүүлд нэлээн хэдэн киноны санал ирсэн. Түүн дундаас “Рэкeт” киноны зохиол нь таалагдсан учраас тоглохоор болсон.

-Ажил, амьдралдаа баримталдаг зарчим нь юу вэ?

-Аливаа зүйлд тодорхой байхыг л чухалчилдаг. Тодорхой байна гэдэг өөрт ч тэр өрөөлд ч амар шүү дээ.  

Найз нөхөд гэж  таныхаар хэн бэ. Дотны найз хэр олонтой вэ?

-Найзууд  олон бий. Найз гэдэг хүнд байх ёстой хамгийн үнэт зүйлсийн нэг.  Найзын хайр ямар ч хариу нэхэлгүй байдаг. Сүүлийн үед найзууддаа цаг зав гаргаж чадахгүй жаахан шүүмжлүүлээд л байгаа. Нээрээ, гурван жил дараалан  архи, тамхигүй шоу зохион байгуулж байсан. Тухайн үед тамхины хууль батлагдаагүй хүнд байсан ч залуус идэвхтэй ирж сайхан болж байсан. Заавал архинаас хамааралтай байж хүн бүжиглэх албагүй. Өөрийнхөө эмоциор л байхад болно гэж боддог шүү.

Аялах дуртай гэж сонссон. Хамгийн сүүлд хаагуур аялав.  Энэ зуныг хэрхэн өнгөрөөсөн бол?

-Энэ зуны хувьд кино зураг авалттай байсан учир хөдөө гадаа явж чадсангүй.  Аялалын тухайд гэвэл   Монголынхаа сайхан газруудаар зөндөө аялж байсан.  Европын ихэнх орнуудаар аялсан. Мөн Ази, Америкийн хэд хэдэн хотуудад очиж үзсэн.

-Хувийн бизнес  эрхлэж байгаа гэлээ? Ямар бизнес вэ?

-Ээжтэйгээ хамтарч салон ажиллуулдаг. Анх салоноо бий болгох гэж нэлээд их гүйсэн шүү.

-Урангоогийн урт үс нь бүсгүйчүүдийн атаархлыг багагүй төрүүлдэг болов уу? Үсээ урт ургуулахад гол нууц нь юунд байв?

-  Урт ургуулахын тулд сайн, чанартай гэсэн үсний олон бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсэн  л дээ. Гэвч төдийлөн үр дүнгээ өгөөгүй. Тэгээд явж явж Монголынхоо халгай шампунь дээр тогтсон. Монголын уур амьсгалд тохирсон. Үсийг хурдан ургуулдаг. Салонд орлоо ч гэсэн халгайгаа бариад л ордог.  Гадны шампунудад  гоё үнэрийг гаргахын тулд химийн бодис их орсон байдаг. Урт үсний маань нууц ердөө л энэ гэх  үү дээ.

-Эх орондоо зохион байгууллагдаж буй  “Face of beauty international” олон улсын миссийн тэмцээнд  60 орны мисстэй өрсөлдөхөөр боллоо. Юуны түрүүнд энэхүү хүндтэй эрхийг авсанд баяр хүргэе. Тэмцээний бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Монголчууд бид анх удаа олон улсын миссийн тэмцээнийг  эх орондоо  зохион байгуулах нэр төрийн болоод  хариуцлагатай үүргийг хүлээж байна. Миний хувьд эх орноо төлөөлөн 60 орны мисстэй өрсөлдөх болсондоо туйлын баяртай байна. 60 орноос ирж буй миссүүд Монгол улс ийм юм байна, тэгвэл мисс нь ямар бол гээд л  дүгнэн харах байх. Тиймээс маш том үүрэг  хариуцлагыг  надаас шаардах нь тодорхой.  Амжилттай оролцохын тулд хичээх болно гэдгийг хэлмээр байна. Өмнө нь би дэлхийн миссийг сурвалжилж байсан л даа. Түүнээс  хойш сурвалжлагч  охин нь өөрөө орохгүй яасан юм бэ  гэдгийг олон хүнээс сонсож байсан. Тухайн үед би энэ тухай огтхон ч боддоггүй байв.  Тэгвэл энэ жилийн хувьд  санаанд  багтсан. Нөгөө талаас өөрийгөө өөр зүйлд сорьж үзмээр санагдсан л даа. Мөн олон улсын миссийн тэмцээн маань “Мазаалайг аваръя” уриатай зохион байгуулагдаж байгаа учраас маш сайхан санагдсан.  Би 11 жил цагаан хоол идэж байна. Амьтныг хайрлах амьдралын зарчим маань тэмцээний уриатай нийцэж байгаа болохоор  энэ нь сонголтод нөлөөлсөн байх гэж бодож байна.

- Таны хувьд 60 орны гоо бүсгүйчүүдээс  ямар байдлаараа ялгарна гэж бодож байна?

-Мэдээж орон орны бүсгүйчүүд өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй  дахин давтагдашгүй. Миний зүгээс монгол бүсгүй юу хийж чаддаг, ямар авьяастай, хэн бэ гэдгээ л харуулна даа.

-Миссийн тэмцээнд урлагийн  ямар үзүүлбэр үзүүлэх бол?

-Энэ талаар их бодсон. Олон үндэстний миссүүд хуран цугларч байгаа учраас үндэснийхээ урлагийг харуулсан үзүүлбэрийг бэлтгэж байна.  Бяцхан нууцыг задлахад ардын болон, уртын дууг  хөөмийтэй мөн бүжигтэй  хослуулана.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгчид аль орны миссүүд байх бол? Тодорхой хэмжээгээр өрсөлдөгчүүдээ судалсан л болов уу?

-Тийм ээ. Хэд хэдэн хүчтэй өрсөлдөгчид бий. Тухайлбал, Англи, Унгар, Америк зэрэг улсын  миссүүдийг дурдаж болно.

-Эх орныхоо нэрийн өмнөөс оролцох гэж буй хүний хувьд тус  тэмцээний ач холбогдолыг хэрхэн харж байгаа бол?

-Энэ зун Монголчууд АСЕМ-ыг маш амжилттай зохион байгууллаа. Дэлхийн улсууд хэдийнээ биднийг анзаарч эхэлсэн болов уу. Тэгвэл АСЕМ-тай энэ зэрэгцэхүйц түвшний олон улсын миссийн тэмцээн  мөн л хэдхэн хоногийн  дараа Монгол улсад зохион байгуулагдах гэж байна. Энэ өдрүүдэд олон улс манай улс руу анхаарлаа хандуулснаар бид дэлхийд улсаа сурталчилах томоохон боломж  болно гэж харж байна. Түүнчлэн говийн мазаалай баавгайг хайрлан хамгаалахад  миссүүдээрээ дамжуулж дэлхийд сонордуулах, цаашлаад аялал жуучлалаа хөгжүүлэх зэрэг тэмцээний  ач холбогдол мэдээж өндөр.

-Урангоог найз залуутай эсэхийг нь залуус их сонирхож байгаа болов уу?

-Найз залуутай.

-Ээж болох талаар төлөвлөсөн үү?

-Одоохондоо төлөвлөөгүй байна. Ойрын  үед уран бүтээл тал руугаа анхаарч байна.

-Мөрөөдлөөсөө хуваалцвал?

 -Хэнээс ч хамааралгүй уран бүтээлч болохыг  мөрөөддөг. Дууныхаа шүлгийг нь өөрөө зохиогоод дуулах ч юм уу.

-Сурталчилгаанд тоглох санал хэр их ирж байна?

-Саналууд ирдэг. Гэхдээ  энэ талд маш бодлоготой ханддаг.Өөрийнхөө нүүр царайг хадгалж байя гэдэг үүднээсээ тийм их олон рекламанд тоглоогүй.

-Биеийнхээ аль хэсэгт нь илүү дуртай вэ?

-Нүдэндээ дуртай. Бурханаас заяасан энэ биедээ би сэтгэл хангалуун шүү.

-Гоо сайхны мэс заслыг олны танил эмэгтэйчүүд хийлгэх нь их болсон. Тэгвэл таны хувьд гоо сайхны мэс заслыг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Миний хувьд  хүн байгалиараа байж байж л  өөрөө бусдаас ялгарна гэж боддог. Гэхдээ  гоо сайхны мэс засалд зайлшгүй орох шаардлагатай бол үүнийг үгүйсгэх аргагүй. Тухайн хүний  эрхийн л асуудал. Өөртөө таалагдана гэдэг хамгийн чухал.

 

-Хэлэх дуртай үг?  

-Зүгээр л өөрийнхөөрөө байя л гэж хэлэх дуртай.

 -Эцсийн мөчийг танд үлдээе. Нутгийн дэвжээ ээлтэй  байж эх орныхоо тэнгэр дор тэргүүн титмийн эзэн болох болтугай.

-Баярлалаа. Монгол түмэн маань намайг дэмжээрэй.  Та бүхнийхээ урмаар тэтгэгдэж тэмцээндээ амжилттай оролцохын төлөө хичээнэ ээ.

 

Б.Алтжин

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ