...
...

Нэг сая рублиэр хүүхэд худалдаж авч болно

Москва хотын шүүх тээгч эх, хөлслөгчдийн хооронд үүссэн маргааныг захиалагч эхийн талд шийдсэн нь нийгэмд талцал үүсгээд байна. Моквагийн нэгэн банкны ТУЗ-ын гишүүн, бизнес хатагтай Ольга Миримская Крымээс ирсэн Светлана гэх эмэгтэйгээс төрсөн охиныг өөрийнхөө охин гэж үзэн шүүхэд ханджээ. Тэрбээр Светлана хүүхдээ надад өгөхөөр амалсан, түүнийхээ шанд сая рубль авсан гэж зарга мэдүүлсэн байна.  Шүүх хэргийг хянан хэлэлцээд хүүхдийг “захиалсан” эхийн талд өгөхөөр шийдсэн юм. Хэргийн гол учир нь эцэг, эх тогтоох шинжилгээгүй, хүүхэд тээж төрүүлэх гэрээ ч ч хийгдээгүй байхад захиалагч гэж хатагтайн талд шийдвэр гаргаж, төрүүлсэн эхийг нь “Хүүхэд худалдаалсан” хэрэгт унагах шахсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлэх гол шалтгаан болжээ. Мөнгө төгрөг авахаар тохирсон гэх гэрээний эх хувилбар олдоогүй, Ольга, Светлана хоёрын тохироог гэрчлэх цорын ганц хүн болох эмч нь эмийн тун хэтрүүлсэн гэсэн оноштойгоор нас барсан байв. Ийм тодорхойгүй нөхцөлд шүүх “захиалагч” эмэгтэй хүүхдийг авах эрхтэй хэмээн шийдсэн нь олон нийтийн дургүйцлийг ихээр хүргэж байгаа юм.      

Тээгч эх гэдэг ойлголт оросуудын хувьд нээлттэй сэдэв хэвээр байна. Хэдийгээр тээгч эх, хөлслөгч гэр бүлийн хооронд гэрээ байгуулагдаж, хүүхэд төрдгөөрөө төрсөөр байгаа боловч хууль эрхзүйн орчныг улам боловсронгуй болгох шаардлагатай гэдгийг энэ удаагийн хэрэг дахин нотлов. “Тула мужийн”, “Омскийн” хэмээн нэршсэн хоёр шүүх хурал өмнө нь тээгч эхийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж байжээ.     

Тулагийн хэрэг нь Зинаида Ракова хэмээх эмэгтэйтэй холбоотой. Тэрбээр нэгэн гэр бүлтэй холбогдож, тээгч эх болсныхоо хариуд мөнгө авахаар тохиролцжээ. Ингээд шилэн лонхонд бүрэлдсэн үр хөврөл эмэгтэйн хэвлийд суугдаж, эрүүл саруул хүүхэд төрсөн байна. Гэтэл яг энд асуудал үүсчээ. Тээгч эх нь төрүүлсэн хүүхдээ авахаар шүүхэд хандах нь тэр. З.Ракова шүүхэд гаргасан өргөдөлдөө “Хүүхдээ анх хараад л салж чадахгүй юм байна гэдгээ ойлгосон” гэх зэргээр бичсэн байв. Шүүгчдийн хувьд хүнд асуудал тулгарлаа. Хүүхдийн ген нь эх эцгээсээ. Өөрөөр хэлбэл, түүнд  З.Раковагаас юу ч байхгүй. Гэтэл нөгөө талаас тээж төрүүлсэн гэдгээрээ З.Ракова эх нь мөн гэмээр. Төрсөн эцэг, эх нь мэдээж тээгч эх бол зүгээр л хөлсний хүн гэж ойлгуулахыг хичээж байв. Шүүх хэргийг З.Раковагийн талд шийдсэн юм.

Омскийн хэрэг нь болохоор, захиалагч эцэг эхийн талд шийдэгдсэн. Тээгч эх болсон нэгэн эмэгтэй “Захиалагч тал төлбөрөө төлөөгүй учраас хүүхдээ авна” хэмээн шүүхэд ханджээ. Харин шүүхээс “Хүүхэд бол бараа таваар биш учраас төлбөрийн хэрэгсэл болгож болохгүй” гэж шийдсэн байдаг. Дээрх хоёр тохиолдол бүрт тээгч эх болох гэрээ, эцэг, эх тогтоох шинжилгээ гээд шаардлагатай бүх баримт бичгүүд нь байсан юм. Харин сая Москвад шийдэгдсэн хэрэг шинжилгээ, гэрээний аль, аль нь байхгүй байхад нэхэмжлэгчийн талд шийдэгдсэн. Олон нийт үүнийг “Хүний тээж төрүүлсэн хүүхдийг шүүхийн шийдвэрээр огт танихгүй эмэгтэйд өгч болно” гэсэн шийдвэр гаргаж авлигад идэгдсэнээ нотоллоо хэмээн шүүмжилж байгаа бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хэн нэгнээс хүүхэд худалдаж авахад сая рубль байдаг юм байна. Москвагийн шүүх энэ үнийг тогтоож баталгаажууллаа” гэхчлэн бичиж байгаа юм.  

 

С.Алдар

Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ