...
...

“Эрдэнэт” үйлдвэрийн Лондон дахь хөрөнгийг битүүмжилжээ

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувь,  экспортын бүтээгдэхүүний 20 гаруй хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 30 гаруй хувийг  үйлдвэрлэдэг “Эрдэнэт” үйлдвэрийн нэр хүнд олон улсын зах зээл дээр эрсдэлд орлоо. Учир нь тус үйлдвэр Лондоны биржид зэс болон бусад металл арилжих боломжгүй болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Лондон хотын шүүхээс Швейцарийн “MRI trading AG” фирм болон Монгол Улсын зэс олборлогч “Эрдэнэт” үйлдвэр хооронд урт хугацаанд үргэлжилсэн маргааныг хэлэлцэн шийдвэрлэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн Их Британи дахь хөрөнгийг царцааж, битүүмжлэх шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийн Их Британи дахь 12 худалдааны компани болон банкны дансанд байгаа 7.115 сая ам.доллар болон 637.818 фунт стерлингээр хадгалсан 814 мянган ам.долларын хөрөнгийг царцаахаар шийдвэрлээд байгаа аж.

Шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгө байршиж байгаа худалдааны компани болон банкуудын нэрийг тодорхой хэлээгүй бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрээс “MRI trading AG” фирмд өгөх ёстой төлбөрөө бүрэн төлж барагдуултал ийнхүү хөрөнгийг царцаах юм байна. “MRI trading AG” фирм нь металл худалддаг компани юм. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэр Лондоны биржид зэс болон бусад металл арилжиж, борлуулах боломжгүй болж байна.

Энэ нь түүхий эдийн үнийн уналтын улмаас хямралд автаж, хөрөнгийн улмаас уул уурхайн төслүүд нь саатаад байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд том цохилт байх нь гарцаагүй гэж тус мэдээлэлд өгүүлжээ.

“Ройтерс”-т бичсэнээр Эрдэнэт үйлдэрийн 40 мянган тонн зэсийн баяжмалыг “MRI trading AG” фирмд нийлүүлэхээр 2009 онд гэрээ байгуулсан ч Эрдэнэт үйлдвэрийн зүгээс гэрээгээ биелүүлээгүй байна. Үүний дараа “MRI trading AG” фирмээс тус үйлдвэрийг Лондоны Арбитрын шүүхэд өгсөн бөгөөд үүнтэй холбоотой маргаан одоог болтол үргэлжилж байгаа аж. Эх сурвалжид мэдээлснээр “Эрдэнэт” үйлдвэрийн давж заалдах эрхийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Д.Ирээдүй

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (9)

Онцлох мэдээ