...
...

О.Байгаль: Сонгодог урлаг хүний нөөцдөө анхаарах болсон

Авьяаслаг залуу уран бүтээлч, хийлч О.Байгальтай ярилцлаа. Тэрбээр Сингапурт суралцаж байгаа бөгөөд зуны амралтаараа эх орондоо ирээд байгаа юм. Хийлч бүсгүй буцахаасаа өмнө сонгодог хийл хөгжмийн  тоглолт хийх тухайгаа сонирхуулав. 

-Хийлч О.Байгаль маань Сингапурт сурч байгаа гэсэн. Та хэзээ ирэв?

-Зун ирээд, амарч байгаа. Сингапурт ажил гайгүй байсан учраас эх орондоо зуны амралтаа өнгөрүүллээ. Монголд ирээд амарсан гэхээсээ илүү олон ажил амжуулсан гэж хэлж болно. Энэ  зун болсон АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалтын хүрээнд Сингапурын Ерөнхий сайд анх удаа Монголд айлчилсан. Мөн өнгөрсөн жил Монгол, Сингапур хоёр орны дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиосон. Энэ хугацаанд Сингапур улсаас Монголд төрийн дээд хэмжээний айлчлал хийж байгаагүй юм билээ. Уг айлчлалын үеэр өөрийнхөө зүгээс зохион байгуулалтад нь оролцсон. Би Санхүү эдийн засгийн дээд сургуулийн бизнес менежментийн докторант. Цаашдаа соёл урлагийн, бодлогын хэрэгжилтийн менежментын сэдвээр судалгааны ажлаа үргэлжлүүлэх бодолтой байгаа. Нэг хэсэг Сингапурын хөрөнгө оруулалтын компанид ажиллаж, судалгааны ажлаасаа түр завсарласан юм.

-Таны судалгааны сэдэв анхаарал татаж байна. Урлагийн салбарт менежментийн шинэчлэл хийх хэрэгтэй гэсэн үг үү?

-Манай орны хувьд сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд өрнийн соёл урлагийг маш сайн нутагтуулсан. Тэр дундаа сонгодог урлагийг цэвэр хуучны ЗХУ-ын дэмжлэгтэйгээр хөгжүүлж ирсэн. Тухайн үеийн соёлын бодлого маш мундаг байгаагийн илрэлүүдийг одоогийн Улсын дуурь, бүжгийн эрдмийн теарт, Улсын драмын эрдмийн театраас харж болно. Гэтэл 1990-ээд оноос манай орон ардчилсан нийгэм рүү шилжсэн.  Нийгэм шинэчлэгдээд ирэхээр тухайн нийгэмдээ зохицсон соёлын бодлого байх хэрэгтэй болдог. Тэгэхээр манай өнөөгийн урлагийн салбар социлизмын үеийн маш хүчтэй соёлын бодлогоор өнөөдрийг хүртэл явж байна. Одоо бид соёлын бодлогоо эргэн харж, шинэчлэх цаг болсон.

-Шинэчлэл хийхэд юу хэрэгтэй вэ?

-Сонгодог урлагийн салбар хүний нөөцийн асуудалдаа анхаарах хэрэгтэй байна. Бид дуурийн театрт үзэгчдийг ирүүлэхээс илүүтэйгээр хэн тэнд тоглох вэ гэдэг асуудал үүсээд байна. Ер нь Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын филармони, Хөгжим бүжгийн коллеж зэрэг урлагийн байгууллагад ажиллаж буй хүмүүс дунд тэтгэврийн насныхан олон байна. Учир нь тэр хүмүүсээс өөр ажиллах хүн алга. Тасралтгүй үргэлжлэх залгамж халаа тасрах ёсгүй. Нэг тасарвал  буцааж, нөхөх их хугацаа шаардана.  Дуурийн театрт дутагдалтай байгаа хөгжимчнийг Хөгжим, бүжгийн коллежид бэлтгэх ёстой шүү дээ. Тиймээс урлагийн байгууллагуудын уялдаа холбоо хэрэгтэй байна.

-Сингапурт сурахынхаа хажуугаар уран бүтээлээ хийсэн үү. Өөрийн оролцсон концертуудаасаа сонирхуулахгүй юу?

-Миний хувьд Сингапурт амьдраад хоёр жил орчим болжээ. Сингапурт ажиллаж, амьдарч байх хугацаандаа гурван ч тоглолтод оролцсон юм байна. Тэнд тансаг зэрэглэлийн автомашин эзэмшигчдийн “Феррари” клубын гала үдэшлэгт урилгаар оролцсон.Мөн Малайзын Куала Лампур хотод өнгөрсөн зургадугаар сард тоглолтод оролцоод ирсэн. Үүний дараагаар төгөлдөр хуурч Б.Оюу найзтайгаа хамтран Сингапур, Монгол улс хоорондын дипломат харилцаа үүссний 45 жилийн ойн арга хэмжээнд өөрсдийн уран бүтээлийн дээжийг толилууллаа.

-Энэ удаа Москвагийн Филармоний гоцлол хийлч Павел Милюковтоглолтыг зохион байгуулж байгаа юм байна. Түүний тоглолт таны анхны бие даасан тоглолт дээр эгшиглэсэн И.Брамсын хийлийн гоцлолыг тоглоно гэж дуулсан?

-Ер нь сонгодог урлагийн өндөр зэрэглэлийн хөгжимчид байнга л чихэнд ойр байдаг. Ялангуяа ОХУ-ын сонгодог хөгжмийн хөгжимчид дэлхийд өндрөөр үнэлэгддэг. Энэ хийлч маань бидний үе тэнгийн уран бүтээлч. Түүний ур чадварын хувьд үнэхээр гайхалтай, шинэ цагийн гарамгай хийлчдийн нэг гэж хэлж болно. Миний хувьд Павел Милюковын тоглолтыг сонирхон интернетээр харж байснаас өөрийнх нь тоглолтыг үзэж байсангүй. Манай Хөгжим бүжгийн эрдмийн театрын нэг ангийн найз Б.Анар маань “Гранат” музик продашкныг байгуулж, урлагийн тоглолтуудыг зохион байгуулдаг. Тэгээд Б.Анар маань энэ жил хоёр дахь алдартай уран бүтээлчээ Монголд урьж, тоглолтыг нь зохион байгуулж байна. Миний хувьд ангийн найзыгаа дэмжиж оролцож байна.

Энэ хийлчийн тоглох И.Брамсын хийл хөгжимд зориулсан концертыг 30 гаруй жилийн өмнө Б.Алимаа хийлж тоглож байсан гэж ярьдаг юм билээ. Түүнээс хойш монголд тоглогдож байгаагүй. Би 2012 онд анхны бие даасан тоглолтоороо анх удаа энэ концертыг Дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжимтэй, УГЗ Н.Туулайхүү удирдаачаар удирдуулж, Л.Алтанчимэг багшийн удирдлага дор зөвхөн хоёр, гуравдугаар ангийг тоглож байсан. Алдарт хийлч маань энэ удаа гурван бүтэн ангийг тоглох гэж байгаа.

-Уран бүтээлийн ойрын төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?

-Удахгүй Сингапуртай ойр бусад орнуудад тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа. Мөн эх орныхоо сонгодог үдшийг тэнд зохион байгуулна. Ингэснээр монгол уран бүтээлчид болон Монгол, Сингапурын соёлын харилцаанд өөрийн хувь нэмрээ багахан ч гэсэн оруулна байх гэж бодож байна. Мөн Сингапур явахын өмнө ангийн найз төгөлдөр хуурч Б.Анартай хамтран тоглолт хийхээр ярилцаж байгаа.

-Хоёр жилийн дараа эх орондоо тоглолт хийх нь ээ. Хийлч О.Байгаль хэр өөрчлөгдсөн бол?

-Хөгжимчин хүнийг бага наснаас нь эхлэн 15 жил бэлтгэдэг.  Энэ урт хугацаанд хөгжимчин мэргэжлийг эзэмшсэн хүмүүс бол маш тэвчээртэй хүмүүс. Миний хувьд 24 жил хийл хөгжим тоглосон. Тийм учраас энэ хөгжмөө хэзээ ч орхихгүй. О.Байгалийг хийл хөгжимгүйгээр төсөөлөхгүй. Миний хувьд хоёр жил Монголд тоглолт хийгээгүй учраас өмнөх тоглолтуудаас арай өөр хөг аялгуу гарч магадгүй. Надаас илүү ухаажсан аялгууг мэдрэх байх гэж бодож байна.

-Та 18 настайдаа “Топ Кристал” компанийг байгуулсан. Одоо тус компаниа хариуцаж байгаа юу?

-Манай гэр бүлийн “Топ Кристал” компани маань байгуулагдаад 10 гаруй жил өнгөрчээ. Одоо тус компанийг төрсөн дүү маань хариуцдаг. Миний хувьд энэ компанийн ажлаа орхигдуулдаггүй. Миний ажлын төлөвлөгөөнд байнга багтдаг.

-Энэ их ажлын хажуугаар найз залуутай болж амжсан  уу?

-Хүмүүст би нэг л аз жаргалгүй байгаа хүн шиг харагддаг юу уу, “Яагаад гэр бүлтэй болохгүй байна, оройтлоо” гэдэг. Зүгээр дээ, одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай яваа. Би хайр дурлал, сэтгэл хөдлөлд итгэдэг. Тийм учраас сайхан учралыг хүлээж байна. Гэр бүлтэй болох гэж яараагүй, зугтаа ч үгүй л байна. Цаг нь болохоор эвлүүлдэг тоглоом шиг эвлэх биз ээ.  

-Эх орондоо ихийг хийж бүтээх олон зорилго өвөртөлжээ. Сингапур руу хэзээ буцах вэ?

-Би аравдугаар сарын дундуур Сингапур явна. Мөн Австрали явах бодолтой байгаа. Миний хувьд Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн танхим хэмээх байгууллагын гишүүн. Энэ байгууллага нь олон улсад бизнес эрхэлж буй байгууллагуудыг хооронд нь холбон зуучилж, дэмждэг байгууллага юм. Тийм учраас тэнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцоно. Магадгүй эх орондоо тус байгууллагын салбарыг нээн, ажиллуулахыг зорьж байна. 

 

Эх сурвалж:News.mn

А.Цээсүрэн

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ