...
...

Эрдэнэ: Нандиагийн шоуг үзэхээс өмнө би өөрийгөө цорын ганц гэж боддог байлаа

Энэ удаагийн ярилцлагад маань транс залуу Эрдэнэ /хувь хүний нууцлалын үүднээс нэрийг өөрчилсөн болно/ оролцсон юм. Тэрээр Монгол болоод Ази тивд самбо, жудогийн төрлөөр олон алт, мөнгөн медаль хүртэж байсан спортын хүн юм. Түүний түүх бол хэдийгээр орон нутагтаа гадуурхагдаж байсан ч өөрийн хүсэл зоригийн дагуу спортоор хичээллэж, өөрийгөө нээж хөгжүүлэх явцдаа транс гэдгээ ойлгож мэдрээд түүнийхээ дагуу ямар алхмуудыг хийж өөрөөрөө амьдарч буй тухай сонирхолтой түүх юм.

А: Сайн байна уу, та өөрийгөө танилцуулна уу?

Э: Намайг Эрдэнэ гэдэг. Архангай аймагт төрсөн, айлын 14 дэх хүүхэд буюу айлын бага.Нас 34. Хотод анх 14 насандаа орж ирсэн. Анх орж ирээд оёдлын үйлдвэрт ажилд орж байсан. Жил гаруй хугацаанд ажилласны дараа 15 насандаа Эрдэнэт рүү явж тэндээ анх самбо, жудогоор хичээллэж эхэлсэн. 16 настайдаа хотод ирээд бэлтгэл хийж Улсын аваргад түрүүлж Азийн аваргынхаа эрхийг авсан. 1997 оны Азийн аваргаар өсвөр үеийнхний төрөлд мөнгөн медаль авч анх спортын гараагаа эхлүүлж байсан. 2004 он хүртэл барилдаж байгаад гэмтэл авсны улмаас спортоо орхиод бие хүн гэдэг рүүгээ илүү гүнзгий төвлөрч эхэлсэн ч спортоо бүрмөсөн хаяагүй бэлтгэлээ хийсээр байгаа.

А:Та анх өөрийгөө хэдэн настайдаа бусдаас өөр гэдгээ мэдэрсэн бэ?

Э: 5 настайдаа.

А: Ямар тохиолдлоор тэгж мэдэрсэн бэ?

Э:Тэр бол ойлгоход маш энгийн байсан. Эмэгтэй хүүхэд бол цэцэг, барби хүүхэлдэйгээр тоглодог байхад би буу, шийдэм, машин тэрэг сонирхож тоглодог байсан.

А: Ах нарынхаа тоглоомоор их тоглодог байв уу?

Э: Ах нарт тийм ч их тоглоом байдаггүй байсан. Ерөнхийдөө гадуур тоглодог байсан. Намайг жаахан байхад дээд, доод ,урд тал, хойд талын гудамжныхан нийлээд Маантаг тоглодог байсан. Маантаг гэдэг нь одоогийнхоор бараг бэйсболл байсан юм шиг санагдаад байдаг юм. Тийм л тоглоом тоглож өссөн дөө.

А: Хүмүүс эмэгтэй хүүхэд байж яагаад эрэгтэй хүүхдийн тоглоом тоглодог юм гэж асуудаг байсан уу?

Э: Тэр үед эрэгтэй, эмэгтэй хамааралгүй л тоглодог байсан. Анх сургуульд 1-р ангид ороод  надад их хэцүү байдаг байсан. Яагаад гэвэл тэр үед арван жилийнхэн бүгдээрээ форм өмсдөг байсан юм. Тэгээд эмэгтэй хүүхэд бол заавал ч үгүй эмэгтэй форм өмсөх шаардлагатай, тэр нь надад их хүнд тусдаг байсан. Эмэгтэй формд чинь сарфанчик гээд юпка байдаг байсан, тэрийгээ сургуулиас гарахдаа өмднийхөө дотуур хийгээд сургууль руу орохдоо багш захирлынхаа нүдэн дээр ил гаргаад унжуулсхийгээд явдаг байсан. Тэгж жил гаран явсан байх, дараа жилээс нь ардчилсан нийгэм рүү шилжих хөдөлгөөн үүсч хүүхдүүд сургууль завсардах үзэгдэл ихээр гарч байсан. Би бас сургууль завсардсан, 4-р анги хүртлээ сураад тэрнээс хойш сургууль завсардсан.

А: Яг 4-р ангид чинь ардчилсан хувьсгал гарсан гэсэн үг үү?

Э: За бараг л тийм байх.  Тэр үеэр сургуулиа хаяаад хөдөө мал дээр гарсан. Тэгэхгүй бол надад их хэцүү байдаг байсан, хүүхдүүд их дарамталдаг эр юм уу, эм юм уу гэж байнга асууна. Хүүхдүүд болохоор намайг дандаа эр эмийн эрлийз гэж дууддаг байсан. Энэ нь надад их хүндээр тусч зүрхэнд шар ус хуруулдаг байсан л даа. Энэ мэтийн дарамтуудаас болж хичээл завсардаж хичээлдээ явах их дургүй болсон. Тэгээд 14 насандаа хот руу орж ирсэн дээ.

А: Хот руу орж ирэх шалтгаан юу байсан юм бол?

Э: Нэгдүгээрт, би байнга мал дээр байхыг хүсээгүй. Хоёрдугаарт, би өөрийгөө нээе гэж бодсон. Яагаад гэвэл би өөрөө барилдах их сонирхолтой байсан. Тэгээд манай хүргэн ах өөрөө барилддаг байсан юм л даа. Надад ах маань эмэгтэй хүүхдүүд их барилддаг гэж хэлж байсан. Хотод тэр чиглэлийн сургууль ч байгаа гээд нэг сургууль зорьж хот руу анх орж ирээд бүтэн жил ажил хийж байгаад хүргэн ахындаа очиж бэлтгэл хийж байгаад барилдаад гэнэт цоороод гараад ирсэн гэх юмуу даа. Тэгээд нэлээн олон жил барилдсан. Би чинь Самбо бөхийн 5 удаагийн Дэлхийн аварга, Ази тивийн 3, 4 удаагийн аварга улсын 10 гаруй удаагийн аварга шүү дээ.

А: Тухайн үед таны амьдарч байсан нийгэм орон нутагт их хаалттай, мэдээлэл дутмаг үе байсан шүү дээ. Өөрийгөө өөр гэж мэдээд хаана хандах боломжтой гэж бодож байсан бэ?

Э: Би жаахан хүүхэд байхдаа тэр талаар сайн мэддэггүй байсан. Яахав өөрийгөө өөр гэж мэдрээд яг хэнд хаана хандах талаар мэдэхгүй, тийм байгууллага энэ тэр байгаагүй учир зүгээр л урсгалаараа л явдаг байсан. Хотод орж ирээд тамирчин болоод л хэдэн он байсан билээ дээ, 98 билүү 99 онд сонин дээр нэг мэдээлэл гарсан байсан. Эмэгтэй хүн хүйсийн шилжилтэнд орсон тухай. Яг тэр үед тэр мэдээллийг олж уншаад надад их сонин мэдрэмж төрж байсан. Тэр үед манай тамирчид бас хамт уншиж байснаа “Паа эмэгтэй хүн бас ингэж болно айн, энэ бас арай хэтэрнээ, тэнэг юм аа” гээд, тэгэнгүүт нь би тэд нарт хэлсэн: “Хэрвээ надад ийм боломж нь байгаад, мөнгө нь байгаад, ийм аз завшаан олддог юм бол би шууд солиулна” гэсэн. Тэрхэн үедээ тэд нар намайг шоолж инээгээд л өнгөрч байсан. Зарим нь бол мэдээж хүндээр хүлээж авсан. Заа чи угаасаа ийм тийм гээд. Тэгээд би хэлсэн. Яадаг юм би өөрийгөө өөрчилнө, өөрчлөхөд ч бэлэн байна гэж хэлсэн. Тэгээд яг тэр мэдээллийг олж уншаад тэрнээс хойш мэдээлэлгүй байж байгаад 2004 онд спортоосоо гараад цөөнхийн асуудал дээр ажилладаг А-тай анх 2009 билүү 2010 онд танилцах хүртлээ өөрийнхөөрөө яваад л, их хэцүү хүнд байсан л даа. Ямар нэгэн шилжилтэнд орохгүй бол дуу хоолой бүдүүрээд, бие хаа хүртэл өөрчлөлтөнд ороод сонин болоод тэрийг хүртэл байнгын дардаг, нуудаг өөрийгөө нэг дөрвөлжин хайрцганд хашчихдаг байсан. Дулаан ороод зун болоод ирэхээр хүссэн хувцсаа ч өмсөж чадахгүй, ялангуяа транс залуучуудын хувьд ийм явдал их хүнд байдаг. Өвөл нь бол хамаа алга, зузаан хувцас өмсөөд хамаагүй шүү дээ. Зун бол их хэцүү, тэгээд ер нь нэг их  дэлгүүр хоршоо ордоггүй, ер нь л тийм нийгмийн амьдралаас их хол, найзуудынхаа найзуудтай уулзана, танилцана гэж байхгүй. Уучлаарай тэд нар намайг ойлгохгүй юм чинь би тэд нартай уулзаад яахав дээ л гэдэг байлаа. Тэгж байгаад манай найз охин NTV телевизээр NANDIA’s TALK SHOW үзэж таараад, утасных нь дугаарыг тэмдэглээд авсан юм байна лээ. Тэгээд А-ийн дугаарыг олох гэж бид 2 нилээн юм болсон шүү. Бараг дөрвөн газар луу утасдаж байж олсон. Эхлээд лавлах руу утасдаад, НҮБ-ын утсыг аваад, НҮБ-аас А-ийн утсыг авах гэсэн өгдөггүй юм байна лээ. Та нар яах гэж байгаа юм? Ямар учиртай хүмүүс юм? Нэр хаягаа бичүүлж учраа тайлбарлаж байгаад авсан.  Аргагүй л дээ хувь хүний мэдээллийг. Яг тэр үед чинь Даяар монгол гээд бүлгэм чинь бид нар шиг хүмүүсийн эсрэг үйл ажиллагаа явуулаад эхэлчихсэн байсан үе. Тэгээд арайхийж  А-ийн утсыг олж аваад. Тэгээд учраа тайлбарлаад би ийм хүн байгаа юмаа өөртэй нь уулзаж ярих гэсэн юмаа гээд дугаарыг нь авч уулзсан юм. Анх Нандиагийн шоуг үзэхээс өмнө би их уур бухимдалтай, гутранги үзэлтэй яг юунд уурлаад байгаагаа мэдэхгүй тийм хүн байсан. Тэгээд ядаж байхад гадуур дотуур явангууд хажуугаар зөрж байгаа хүмүүсийн шивнэж байгааг сонсдог байсан. Тэр нь надад хэцүү, дарамттай байдаг байсан. Тэгээд л хүмүүс эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу гэх жишээний. “За мөрийцье” гээд л. Нэг ёсондоо хүний бооцоо, тоглоом болоод байгаа юмуу яагаад байгаан хаана ч очсон дандаа тийм байдаг байсан. Тэгээд хоорондоо “За мөрийцье. Яг санасандаа шүү” гээд л над руу ирдэг байсан. Тэгхээр нь би шууд хэлдэг байсан: “Та нар намайг юу гэж харж байна тэрүүгээрээ л ойлго”. Аягүй уур хүрээд “Та нарын юу гэж бодох надад хамаа байхгүй, зайл цаашаа” гээд л явдаг байсан. Тэгээд ерөнхийдөө Нандиагийн шоуг үзэхээс өмнө би өөрийгөө цорын ганц гэж боддог байлаа. Би ердөөсөө ганцаархнаа цорын ганц ийм болоод төрцөн гээд маш их бачимддаг, ганцаарддаг арай ч дээ нээрээ намайг ийм хүн болгож төрүүлээд яахав дээ, нээрээ авъя гээд авч болохгүй, хаях гээд хаяж болохгүй гэдэг шиг л үхье үхэж болохгүй амьдарья амьдарч болохгүй, дундуур нь яваад байдаг. Хаашаа хальтрах нь мэдэхгүй. Тэгээд дараа нь А-тай уулзаж миний бүх юм нээгдсэн. А-тай танилцаад ярилцаж суугаад тэгсэн А: “За чамд ямар ямар асуудал байна?” гэж асуусан. Тэгсэн би А-д шууд хүнд хэлбэрээр нь “Би хүйсийн шилжилтэнд ормоор байна” гэж хэлсэн. Тэгсэн А маань хөхөрч унаад “За наадах чинь тийм амар асуудал биш ээ, маш олон шат дамжлага дарааллыг дамжиж байж болно бас аягүү их мөнгө төгрөг орно” гэж надад хэлж байлаа. “За яахав мөнгө төгрөг яаж ийж байгаад болгоно. Ямар ч байсан би өөрийгөө л өөрчилмөөр байна. Энэ байдлаас би салмаар байна. Энэ байдалтай би удаан баймааргүй байна. Ийм байдалтай удаан байвал би бараг боож үхэх юм шиг байна” гээд тэгээд цаашдаа А-тай ойр ойрхон уулздаг болсон.  А тэр үед яг одоо бид хоёрын хэрэглэж байгаа тариаг шууд идэвхтэй судалж эхэлсэн. А тэр үед бас өөрийгөө мэдээгүй байсан юм шиг байна лээ. Надтай уулзаж, танилцаад тэр дотоод мэдрэмж нь нээгдээд хамтдаа цуг хүйсийн шилжилтэнд оръё гээд би бас өөрийгөө өөр гэж мэдэрлээ гэж байсан.

А: Та хоёр тэгэхээр нэг нэгэндээ их түлхэлт болж өгсөн юм байна.

Э: Тэгээд бид 2 тариагаа оллоо, тариа маань их үнэтэй байлаа онцлог нь.

А: Гаднаас оруулж ирдэг байсан уу?

Э: Моносд оруулж ирдэг байсан, гэхдээ Монос аягүй өндөр үнэтэй оруулж ирдэг юм байна лээ.  Тэр үед 280,000 төгрөгөөр оруулж ирдэг байсан. Дараагаар нь 300,000 болоод дахиад 320,000 болоод дараагаар нь  345,000 болоод хамгийн сүүлд 380,000 төгрөгөөр авч хэрэглэсэн. Тариагаа хэрэглэж эхлээд эхний нэг сар нэг их юм мэдрэгдээгүй 2, 3 дахь сарын тариаг хийлгэж эхлээд ерөнхийдөө надад мэдрэгдэж эхэлсэн. Яг юу гэж тайлбарламаар юм, ерөнхийдөө бол тариа хийлгэхээс өмнө ууртай уцаартай байсан бол бүгд байхгүй болсон. Ямар ч стрессгүй, маш тайван болоод уурлах юм байсан ч би ердөөсөө уурладаггүй, маш тайван болоод юмыг маш тайвнаар хүлээж авдаг болсон. Тариа хийлгээд 2 жил болоод ……… эмнэлэгийн Оюу эмч дээр очиж уулзаад өөрийнхөө саналыг тавиад учир шалтгаанаа тайлбарлаад надад туслаач гэж хүссэн. Тэгсэн Оюу эмч за яахав манай эмнэлэг чамд хавдартай хүнд хагалгаа хийдэг тарифаар хагалгаа хийж өгөх буюу 1500$-оор хийж өгөхөөр тохироод бичгээ би аваад би “Хатагтай” эмнэлэг рүү явсан. “Хатагтай” эмнэлэг дээр Отгонболд гээд ерөнхий эмчтэй нь уулзаад өөрийнхөө саналыг тависан: “Би бол зөвхөн сав, хоёр өндгөвчөө л авхуулна. Бусдаар бол оролдохгүй” гэхэд “Tэр бол асуудалгүй ээ, хамгийн гол нь чи надад өргөдөл бичиж өгөх ёстой бас гэрээсээ заавал ч үгүй нэг хүнтэй ирэх ёстой” гэсэн .

Хагалгааны явцад ямар нэгэн байдлаар хүндрэл гарлаа гэхэд гэр бүлийн нэг гишүүн чинь Гомдолгүй гэсэн өргөдөл бичиж өгөх ёстой гэсэн. Эхлээд “Хатагтай” эмнэлэг дээр хагалгаанд орсон, ерөнхийдөө бараг 2 сая төгрөг болсон байх аа. 14 хоногийн дараагаар сар арай болоогүй байх, ……….. эмнэлэг дээрээ очоод уулзсан надаа нэг хүндрэл гарсан. Тэр нь юу вэ гэхээр, сэтгэцийн эмнэлэгээс бичигтэй ир гэсэн. Ямар нэгэн байдлаар надад сэтгэцийн өвчин байхгүй гэсэн оноштой магадлагаа авч ир гээд сэтгэцийн эмнэлэгээр явах болсон. Тэгсэн нөгөө эмч нь надад бичиг хийж өгдөггүй ээ, учраа тайлбарлаад хэлсэн чинь чиний наадах чинь харин сэтгэцийн өвчин гээд тэгэхээр нь миний уур хүрээд “Та юу яриад байгаа юм бэ? Би эрүүл хүн гэхдээ би өөрийгөө ингэж мэдэрдэг ийм хүн, энэ эмнэлэгт хагалгаанд орох гэсэн надад сэтгэцийн эмчийн магадлагаа хэрэгтэй байна” гэсэн чинь “Тэгвэл бид нар өгөхгүй” гээд тэгэхээр нь нөгөө эмчтэй чинь “За эмч ээ, та намайг ойлго. Та өөрийгөө миний оронд тавиад үз. Би энэ хорвоо дээр хүн болж төрснийх өөрийнхөөрөө амьдарч үзмээр байна. Надад өөр шунаж хүсээд байх юм алга” гэсэн чинь “За яахав хүн тэгдэг юм, гэхдээ чи энэ хагалгааны дараа дахиад өөр хагалгаанд орохыг хүсээд, шунаад байвал яах вэ?” гэсэн.  Тэгээд би “Үгүй ээ, үгүй надад тэгж дахиад шунаж бариад байх юм байхгүй” гээд шалсаар байгаад эмчээсээ алгын чинээхэн цаас аваад очив оо. Тэгээд эмчдээ бичгээ өгөөд нэг эгчтэйгээ хамт очсон юм. Тэгээд баахан шинжилгээ өгсөн. Учир нь тэгж ойр ойрхон хагалгаанд ордоггүй юм байна лээ. Би ямар нэг байдлаар “Хатагтай”-д хагалгаанд орж байгаад элэгний B, C вирус ч юм уу ДОХ авчихсан байгаад тэр нь гурвансарын дараагаар илэрч, гарж ирдэг болохоор хүлээх хэрэгтэй байдаг юм байна лээ.  Тэгээд би чинь тэр 3-н сар нь дуусаагүй байхад дахиад ……………. эмнэлэгт хагалгаанд орчихож байгаа болохоор аль эмнэлгээс халдварласан нь мэдэгдэхгүй болчихно гэж ………. эмнэлэгийн эмч нар тайлбарлаж өгсөн л дөө. Тэгээд би за дүүрсэн хэрэг, шууд шийдье гээд эмнэлэг дээрээ очсон. Нөгөө эмнэлэг дээр маань бас бөөн маргаан болоод, 1500 $ байсан хагалгаа маань гэнэтхэн 3500 $ болоод тэгээд би чинь за энгээд өнгөрлөө гээд аягүй хүнд цохилтонд ороод эмчийнхээ өрөөнд шоконд ороод салгалаад сууж байтал эмч маань “Манайд өөр ямар ч арга байхгүй” гээд тэгэхээр нь би шууд чичирхээс өөр арга байхгүй учир “За эмч ээ, та надад тусал. Хэрвээ та надад туслахгүй гэвэл яг энд ингээд миний амьдрал дуусч байна. Та надад анхнаасаа 1500 $ гэж хэлсэн би яг тэр мөнгийг чинь бүх юмаа шавхаж байгаад олоод ирлээ. Би яг тэр мөнгөтэй чинь тулаад л явж байна. Надад өөр ямар ч арга байхгүй, та надад тусал” гээд л гуйсан нөгөө Оюу эмч маань хэсэг жоохон сууж байснаа “За за, яахав чи ийм хагалгаанд орох гэж байгаа анхны хүн. Би чамд туслая, харин дараа дараачийн ирж байгаа хүмүүст бид нар ийм юм байхгүй” гэсэн тэр үгэнд би бүр баярлаад байдаг юм. Би өөрийгөө боддог юм. Их хувьтай хүн гэж, анхны ингээд хагалгаанд орсон хүн гэхэд гомдох юм байдаггүй ээ. Оюу эмч их мундаг эмч, чадварлаг ч хамт олонтой. Хагалгаанд анх 2013 онд орсон. Тэрнээс өмнө тариагаа хоёр жил хийлгээд шууд хагалгаанд орсон. Тэр тариа чинь болохоор ерөнхийдөө өндгөвчний үйл ажиллагааг шууд нам зогсоодог, нэг ёсондоо эр гормон л гэсэн үг. Өндгөвчинд хоёроос дээш жил сав өндгөвч хоёрыг авахгүй болохоор их асуудал учирдаг гэдэг тэр утгаараа ч тэгээд хагалгаандаа орсон доо. Тэгээд л “Хатагтай”-д очсон юм, эмч нар нь их сайхан хүмүүс байдаг. Би ч тэгээд маш их хагалгаанд орсон доо, үрийн хагалгаанд Болгарт орж байсан, дараа нь дөрөв, таван хагалгаанд орж байсан. “Хатагтай”-д хагалгаанд орсны дараагаар сав, өндгөвч маань таван настай хүүхдийнхээс жижиг байна гэж эмч нар нь их гайхаж байсан. Нас биед гүйцсэн эмэгтэй хүнийх арай том байдаг байтал минийх их жижиг байсан.

А: Тэрийг та тарианых гэж бодож байна уу?

Э: Яахав тарианы нөлөө ч байгаа гэхдээ миний гормон эр талдаа илүү давамгай байсан юм байна лээ.

А: Та анх хэнд ил гарч байсан бэ?

Э: Найз нөхөд бол намайг байгаагаар минь л хүлээж авдаг байсан. Гэр бүл ч мөн адил. Би өөриийгөө яг ийм тийм гэж хэлж байгаагүй манай гэр бүл, найз нөхөд бүгд намайг мэддэг хүндэлдэг байсан.

А: Ямар нэгэн зөрчилдөөн байгаагүй юу тэ?

Э: Байгаагүй, гол нь би энэ хагалгаанд орохдоо ах, эгч нартаа хэлж байгаагүй ерөөсөө л нууцаар ордог байсан. Сүүлд нь тэд нар бүгдээрээ мэдээд гадарласан байсан. Одоо бол тэгээд ихэнх нь мэддэг. Гэхдээ зарим нь мэдэхгүй байгаа байх. Намайг ямар нэгэн байдлаар буруутгах чи ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн дарамт шахалт гэр бүлийн зүгээс байдаггүй. Харин шилжилтэнд орохоос өмнө тамирчин байх үед чи ингэж хувцаслах ёстой тэгж байх ёстой гэсэн зүйлс сонсогддог байсан. Яг тэр үед эгч нар үсээ ургуул, насаараа ийм байх гээд байгаа юмуу гээд л загнадаг байсан тэгээд л би яадаг юм насаараа ийм явна гээд л мууддаг байлаа.

А: Ер нь бол тэгээд зөнгөөрөө явж байгаад л хүмүүс хүлээн зөвшөөрчихсөн юм байна тийм үү?

Э: Ер нь бол тийм бага багаар нэг, нэг шат ахиж явсаар дасгасан гэх юмуудаа тэрнээс бол гадаадууд шиг шууд өөрчлөгдөж гэнэт гарч ирч солигдоогүй, бага багаар явсаар гарч ирсэн учир ямар нэгэн үзэн ядах ийм тийм юм байхгүй ээ. Найз нөхдийн хүрээнд гэх юм бол тийм олон найз байхгүй, ганц л найзтай. Тэр нь бас өөрөө транс залуу бусадтай нь бол тэгээд тамирчин байх үедээ энгийн найз байж байгаад тамирчин байхаа болиод нэг их найзлахаа больсон гэх үү дээ.

А: Гэр бүлийн хувьд ямар байна?

Э: Одоогоор бол ганц бие байгаа.

А: Ажлынхны хүрээнд ямар байдаг вэ?

Э: Үйлчлүүлэгч, ажлынхны хувьд бол тэд нарт би хувийнхаа амьдралаа яриад байх шаардлагагүй. Тэд нар намайг ямар хүнээр минь харна тэрүүгээр нь л харьцдаг.

А: Таньд ил гарах нь хэр чухал вэ?

Э: Ер нь бол маш их эрсдэлтэй шүү дээ. Энд тэндээс маш их дарамт ирнэ. За гэр бүл ойлгоод зарим найз нөхөд ойлголоо гэхэд нөгөө нэг хэсэг бүлэг, Даяар Монгол нөгөө бусад спортын нөхдүүд гээд маш их дарамт байна. Хэрвээ миний ажил яг өөрөө энэ чиглэлийнх байсан бол олонд өөрийгөө нээхэд илүү боломжтой. Гэхдээ миний ажил тийм биш, яагаад гэвэл би өөрөө маш олон хүнтэй харьцдаг, олон үйлчлүүлэгчтэй тэгэнгүүд ил гараад ирэнгүүт тэр хүмүүс надаас зайгаа барих ч юмуу миний дор ажиллаж байгаа хүмүүс за ийм багшаар ч яахав дээ, ажлаас нь гаргая гэх ч юмуу тийм зүйл байж магад гэсэн дарамт бий. Гэхдээ энэ нь миний л бодол.

А: Таны хувьд гэр бүл, найз нөхдийн хувьд ил гарч давсан ч гэсэн нийгмийн хувьд эрсдэл бол бодитой байсаар байгаа  юм байна тийм үү?

Э: Тийм.

А: Одоо тэгвэл дараа нь тань шиг замаар явья гэж бодож байгаа хүмүүст хандаж өгөх зөвлөгөө байна уу?

Э: Хүн ер нь тэгээд гишгэсэн мөрөө л харж явах ёстой. Дан ганц урагшаа харж явах биш арагшаа ч гэсэн харж явах хэрэгтэй. Би яг ямар замаар яаж яваад  байна. Хаана юун дээр алдаад яг ямар амьдралыг туулаад ирсэн юм бэ? Нэг алдсан алдаагаа дахиад битгий давтаарай л гэж.

А: Өөртэй чинь адилхан хүйсийн шилжилтэнд орох гэж байгаа хүнд өгөх зөвлөгөө байна уу?

Э: Энэ тал дээр би А-тай ярьж байгаа. Ерөнхийдөө ийм транс залуучуудад зориулсан гарын авлага маягийн юм гаргая гэж. Энэ эмнэлэг ийм тарифтай, ийшээ очиж ингэж бичиг баримтаа бүрдүүлнэ гэсэн мэдээлэлтэй байвал ядаж л цаг хугацаа алдахгүй, миний хувьд бол маш их цаг хугацаа алдсан. Иргэний үнэмлэхээ солиулах гэж би бараг тав, зургаан сар болсон. Солиулах гээд өгчихсөн байсан бичиг баримтыг маань зүгээр юман доор гурван сар дараад орхисон байсан. Тэгээд би хариуцаж хийж байсан ажилтанг нь ажлаас нь халуулсан.

А: Хууль ёсны байгууллагын зүгээс асуудал их гардаг байдаг юм байна тийм үү?

Э: Энэ тал дээр манай энэ төвд ажилладаг байсан Б гээд залуу яг энэ чиглэлээр сураад одоо бараг төгсөж байгаа байх. Энэ тал дээр их ч мэдлэгтэй. Ийм хүмүүсийг ч сайн өмгөөлдөг.

А: Та өөрийгөө 10 жилийн дараа ч юмуу ирээдүйгээ хэрхэн харж байна?

Э: Яахав амьдрал их бэрхшээлтэй байвал арван жил урт, аз жаргалтай байвал арван жил маш хурдан л даа Тэгээд би арван жилийн дараа амьд байгаа ч бил үү, үгүй ч бил үү ёстой хэлж мэдэхгүй байна. Гол нь яагаад гэвэл бид нарын хэрэглэж байгаа тариа эрүүл мэндэд ялангуяа элэг, бөөрөнд маш их хортой. Тиймээс шилжилтэнд орох гэж байгаа залуус мань одооноос эрүүл мэндээ сайн бодох хэрэгтэй. Архи, пивоноос татгалзаж фитнесээр хичээллэх хэрэгтэй. Арван жилийн дараа гэвэл тэгээд амьд байвал та хэдтэйгээ ингээд байж байна байх даа.

Эх сурвалж: Монголын анхны ЛГБТ хүний эрхийн байгууллага

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • хөөрхий дөө хүний амьдрал,амьдрах гэж их л мэрийж яваа юм байна..эмч нар энэ асуудал дээр нь тусалсанд баярлаж байна..

Онцлох мэдээ