Харвардын их сургууль Монголд анх удаа Азийн манлайлалын чуулга уулзалт” зохион байгуулагдах гэж байна. Тус сургууль нь өнөөгийн байдлаар дэлхийн олон улсын оюутныг улстөрч, төрийн түшээ, хууль боловсруулагч, хөрөнгө оруулагч, бизнесийн удирдах ажилтан бэлтгэдэж, түншлэлийн харилцаа бий болгодог хамгийн хүчирхэг стратегийн сүлжээ бүхий боловсролын байгууллага болжээ. Тиймээс Хурлын үеэр Харвардын их сургуулийн Азийн манлайллын төвийн захирал Самуел Хунгсоо Ким, дээрх сургуулийн төгсөгчидтэй өнөөдөр хэвлэлийн хурал хийв. Энэ үеэр Самуел Хунгсоо Кимтэй ярилцлаа.
-Танай төв өмнө нь ямар улстай хамтран ажилласан бэ?
-Хонг-Конг, Малайз, Тайланд, Филиппин, Солонгос зэрэг Азийн оронд харьяалагддаг улстай жил бүр хамтран ажилладаг. Энэ жил танай улсын Глобал менежерүүдийн нийгэмлэгтэй хамтрахаар боллоо.
-Чуулга уулзалтад хэдэн орны иргэн оролцох вэ?
-Харвардын их сургуулийн дэргэдэх Харвард Бизнесийн сургууль, Жон Кеннедийн нэрэмжит Харвардын төрийн удирдлагын сургууль, Харвардын боловсролын сургууль зэрэг салбар сургуулийн энэ онд төгсч байгаа 16 орны 33 манлайлагч залуу оролцоно. Тэд улстөр, батлан хамгаалах, засгийн газар, эрүүл мэнд, боловсрол, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө, урлагийн салбарт ажиллаж байсан туршлагатай. Өөрсдийн мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвараа 21-р зууны Монголын хөгжлийн суурийг тавих Монголын залуу төрийн түшээ, бизнесмен, оюутан, сурагчдад хуваалцана.
-Ингэснээр манай залуучуудад ямар ашигтай вэ?
-Чуулга уулзалтад оролцох 33 залуугаар дамжигдаж, Харвардын их сургуульд заагддаг тэргүүлэх хичээлүүдийг заалгахын зэрэгцээ тэдэнтэй танилцана. Мөн хүсэл зорилгоо хуваалцах, түншлэлийн харилцаа бий болгох, бүс нутаг дамнасан оюуны болон эдийн засгийн хамтын ажиллагааны үндэс суурийн эхлэлээ тавина.
-Та нар энэ үйл ажиллагаагаа зөвхөн нийслэл зохион байгуулах уу?
-Үгүй ээ. Орон нутаг, гэр хороололын залуучуудтай ч харилцана.
Манай улсаас хэдэн оюутан дээрх сургуулийг өнөөдрийг хүртэл төгссөн байдаг вэ?
-Яг нарийн тоо одоогоор гараагүй байна.
-Тэгвэл энэ жил таван оюутан төгссөн. Энэ тоо бусад орныхтой харьцуулахад хэр өндөр вэ?
-Хүн амын хувьд харьцуулвал чамлахааргүй. Гэхдээ улам нэмэгдүүлэх л шаардлагатай. Ер нь цаашид нэмэгдэх шинжтэй байна шүү. Дээрх таван оюутан бизнес, хууль, улстөр зэрэг мэргэжилээр төгссөн.

-Төгсөгчид улсдаа ажиллах боломж, чадвар бий гэж та бодож байна уу?
-Энэ жил төгссөн таван оюутны хоёр нь саяхан ирсэн байна билээ. Ер нь хэн нь ч мэргэжилээрээ ажиллах боломжтой, чадвартай. Өмнөх төгсөгчид ч одоо ажиллаад явж байгаа гэсэн.
-Нөгөөдөр “Чингис” зочид буудалд “Investing Global Mind for Better Mongolia” уриан дор зохион байгуулагдах чуулга уулзалтад оролцох залуучуудаас ямар нэгэн шалгуур авах уу?
-Авахгүй. Зөвхөн бүргүүлхэд л хангалттай. Дашрамд дуулгахад өнөөдөр Тусгаар тогтнолын ордны долдугаар давхарт 15:00 цагаас дунд сургуулийн хүүхдүүдэд зориулсан лекцтэй.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сургуульд элссэн оюутнуудыг тэтгэлэгт хамруулна гэж хоёр жилийн өмнө ярьсан. Тэр яриа хэрхэн хэрэгждэг бол. Та манайхнаас энэ талаар дуулав уу?
-Мастер ангилалд гэж заасан юм билээ. Гэхдээ тийм ч бүрэн хэрэгжиж байна гэж сонсогдоогүй. Энэ жил төгссөн оюутнуудын ихэнхи нь хувиараа зохицуулж байгаа.
У.БАЯР
www.breakingnews.mn