УИХ өнгөрсөн баасан гарагт сайд нараа баталлаа. Ингэснээр шинэ сайд нар бямба гарагт үүрэгт ажлаа хүлээн авч Мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газар 13 яам, 16 сайд, 13 дэд сайдын бүтэц бүрэлдэхүүнтэйгээр өнөөдрөөс шинэ ажилдаа ханцуй шамлан орлоо. Харин дөрвөн сайдын хувьд, "АТГ-аас хувийн ашиг сонирхлын зөрчил байна” гэдэг дүгнэлт ирсэн учраас түдгэлзүүлээд байгаа билээ.
Тодруулбал, Эрчим хүчний сайд Ц.Цэнгэлийн эхнэрийг Дарханы шугам сүлжээг хувьчилж авсан, Эрүүл мэндийн сайд Ж.Цолмонг охиндоо эм, эмнэлгийн чиглэлийн компаниа шилжүүлсэн гэж үзжээ. Харин Барилга, хот байгуулалтын сайд Г.Өнөрболорыг хувьдаа барилгын чиглэлээр олон компанитай, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Анандбазарыг зарим эд хөрөнгөө мэдүүлээгүй, мөн төрсөн дүү нь ургацын компанитай хэмээн үзсэн байна. Иймээс энэ долоо хоногт МАН-ынхан дээрх сайдуудын асуудлыг дахин хэлэлцэх учиртай. Ингэж гэмээн шинэ засаг элэг бүтэн болох юм.
МАН хэлсэн үгийнхээ эзэн болохын тулд мэргэжлийн засгийн газраа байгуулж чадсанаар туйлдаа хүрээд буй эдийн засаг, улс орноо сэргээх эхний алхамд ойртлоо гэсэн үг юм.
Ажлаа хүлээн аваад буй 11 сайдын хэн нь хэн болохыг товч өгүүлбэл, Хууль зүйн дотоод хэргийн сайд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Монголын Улсын засгийн газрын гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нараас бусад нь улс төрийн хувьд шинэхэн боловсон хүчнүүд гэж хэлж болно. Сайн, муу нийлж сав дүүрдэг хойно болох биз ээ.
ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Ж.Мөнхбат
Улс төр судлаач мэргэжилтэй, яруу найрагч Ж.Мөнхбатад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын албыг өглөө. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд намдаа чухал үүрэг гүйцэтгэсэн хүний нэг. Уналт, ялалтын аль ч үед нь ачааны хүндээс нь үүрэлцэж ирсэн нэгэн. Тиймээс ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатыг Засгийн газрын "гал тогоог” авч явахад алзахгүй хэмээн үзэж байгаа юм.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил
Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1964 оны 10 дугаар сарын 18-нд төрсөн, эхнэр, хоёр хүүхэдтэй. Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургуулийг 1982 онд, Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр 1988 онд, АНУ-ын Харвардын их сургуулийн Хуулийн сургуулийг 1996 онд тус тус төгссөн. Орос, англи, франц хэлтэй. 1988 онд сургуулиа Олон улсын эрх зүйч мэргэжлээр төгсөөд, гадаад харилцааны яамнаас ажлын гараагаа эхэлж байсан гэдэг. Үүний дараа АНУ дахь монголын элчин сайдын яаманд атташегээр томилогдож гурван жил ажиллаад, залгуулаад Монгол улсаас НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчийн газарт 2-р нарийн бичгийн даргаар дөрвөн жил томилогдон ажилласан байдаг. Харин 2004 онд Гадаад харилцааны яамны сайдын албанд томилогпож байв. Түүний хувьд 12 жилийн дараа дахин Гадаад харилцааны яамны сайдын суудалд сууж байгаа нь энэ. Түүний хувьд МАН-ын намын хүн гэхээсээ илүүтэй Харвардад суралцсан түүхээрээ олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол
Үндсэн чиг үүргийн яамдын нэг болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам чухал салбаруудын нэг юм. Энэ салбарыг өмнө нь сайдаар нь ажиллаж байсан туршлагатай хүн удирдан авч явах хэрэгтэй. Д.Оюунхоролын хувьд УИХ-д дөрвөн ч удаа сонгогдсон туршлагатай эмэгтэй гишүүдийн нэг юм. Мөн тэрбээр өнгөрсөн засгийн үед тус яамны сайдаар найман сарын хугацаанд ажиллаж байсан багагүй туршлага түүнд бий учир нүдээ олсон сонголт болсон.
Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт
С.Бямбацогт 1992 онд Ховд аймгийн 10 жилийн дунд сургууль, 1998 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Тэрбээр 1998-2000 онд “ Ховдын өргөө” ХХК-ний ерөнхий захирал, 2000-2006 онд “Нью Прогрес” ХХКомпаний захирал, 2006-2008 онд “Нью Прогресс” группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Нью Прогресс” группын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад улмаар 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. С.Бямбацогт 2016 онд УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдоод байна.
С.Бямбацогт гишүүн нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сөрөг хүчний бүлгийн даргын ажлыг тун чадварлаг хийсэн гэж үнэлэгдэж байгаа.
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ
Б.Бат-Эрдэнэ 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль,1990 онд Цэргийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн магистрын зэрэгтэй. Тэрбээр 1983-2000 онд Биеийн тамир спортын “Хүч” нийгэмлэгт тамирчин, орлогч дарга, дарга, 1999-2004 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан.
2004 оноос хойш 4 дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан зэрэг туршлагатай улс төрч хэдийнээ болсон билээ.
Зам, тээврийн сайд Д.Ганбат
Энэ салбартаа олон жил ажилласан бөгөөд харьцангуй туршлагатай нэгэн.Политехникийн дээд сургуулийн Инженер-эдийн засгийн факультетийг "Тээврийн эдийн засаг, зохион байгуулалт" мэргэжлээр төгсжээ. Тэрбээр төрийн өмчит МТЗ компанийн гүйцэтгэх захирлаар мөн тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Худалдааны асуудал эрхэлсэн орлогч захирлаар тус тус ажиллаж байжээ.Мөн 2009-2011 онд Засгийн газрын тохируулагч агентлаг МХЕГ-ын дэд дарга тус тус ажиллаж иржээ.
Сангийн сайд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн
Монголын урдаа барьдаг татвар төлөгч томоохон компанийг удирдан ирсэн тэрээр Монголын эдийн засагт эргэлдэж буй мөнгөний томоохон хэсгийг бүрдүүлдэг "Хурд" группыг үүсгэн байгуулагч юм. Сайдад нэр дэвших үеэрээ тэбээр, “өнгөрсөн жилүүдэд худлаа тоо баталж байсан. “Сайн оюутан”, “Сайн хашаа”, “Сайн малчин” хөтөлбөрийн хөрөнгө төсөвт суугаагүй. Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 1.3 их наяд шаардлагатай гэсэн хэвлэлийн мэдээлэл байгаа. МАН-ын мөрийн хөтөлбөрийг үнэлэх шаардлагатай. Үүний дараа асуудал яригдана. 2017 онд хөрөнгө зарцуулах бололцоо гарахгүй байхыг үгүйсгэх аргагүй” хэмээн мэдэгдсэн. Тиймээс түүнийг эдийн засгийн уналтыг хөл дээр нь босгож чадна хэмээн олон нийт үзэж буй.
Шадар сайд У.Хүрэлсүх
МАХН-ын бүлгийн ажлын албаны Зөвлөхөөс МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал болсон гэдэг. Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн гээд түүний намтар арвин.
МАН-ын генсек байхдаа намынхаа ууган нэрийг сэргээж, үүнээс үүдэн гарах сөрөг үр дагаварын хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж хэлж байсан. Тиймдээ ч УИХ-ын 2012 оны сонгуулиар намаа ялуулж чадаагүйнхээ төлөө хамгийн түрүүнд Намын Ерөнхий нарийн бичгийн даргын албанаасаа огцрох хүсэлтээ өгсөн.У.Хүрэлсүхийг намын нөхөд ажлын арвин туршлагатай. Цочмог зан, шийдмэг араншинтай гэж дүгнэдэг. Түүнд Төрийн ордонд гишүүн асан Г.Баярсайхантай заамдалцаж явсан түүх ч бий.
Үлдсэн дөрвөн сайдын тухайд Д.Цогтбаатарын нэрийг, Барилга хот байгуулалтын сайдад, Д.Сумъяабазарыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвших магадлалтай байгаа бөгөөд үүнийг МАН Удирдах зөвлөлөөрөө ярилцаж сайдын асуудлаа цэгцлэх юм.
Ямартаа ч мэргэжлийн засгийн газрын нэн түрүүнд хийх ажил нь эдийн засгаа сэргээх явдал юм.Ерөнхий сайд эдийн засгийн хямралыг хэрхэн гэтлэх талаар “Эхний ээлжинд эдийн засгийн хүндрэл юунаас болов гэсэн дүгнэлт гаргана. Дүгнэлтдээ үндэслэн хямралыг давах хөтөлбөр боловсруулна. Төсвийн орлогын төлөвлөгөө биелэхгүй байгаа. Тиймээс төсвөө зөв төлөвлөж сурах хэрэгтэй байна” хэмээсэн.
Ийнхүү шинэ засаг бүрдлээ. Олон нийтийн хардаад байгаа шиг тэдэнд улсын төсвөөс илүү харж билүү долоох нөөц байхгүй.Харин тэднийг нөр их ажил хүлээж байна.
Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn
мэргэжлийн хулгайч авилгачдын мөн албан тушаал болон газрын наймаачдын засгын газар бол мөн
Цогтбаатарыг бол дэмжинэ харрин Сумъябазар бол биш шүү
Ардын нам хүч түрж Д.Сумъяабазар гишүүнд давхар дээл өмсөгвөл буруудна шүү
Бямбацогтын Санхүүгийн сургуульд суралцаж төгссөн он анхаарал татахаар байна шүү. Босоо Гамбаатай адилхан сургууль төгсөөгүй , суралцаж байсан гэх нөхөр юм биш үү
Tsogtbaatar bolj b.na shuu.