...
...

Долоохон хоногт л салхинд хийссэн 495 тэрбум төгрөг

Уул уурхайн баялгийг иргэн бүрт тэгш хүртээх үүднээс Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан билээ. Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ногдсон юм.  Тодруулж хэлбэл, “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт 1.5 сая төгрөгийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр олгохоор өмнөх засгийн үед шийдвэрлэсэн билээ.

Гэвч дөрвөн жил таг чиг байсан 1072 хувьцаа сонгуулийн өмнө дахин амь орж Сайханбилэгийн засгийн газар  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг худалдаж авах шийдвэрийг гаргасан.  

Энэхүү шийдвэр нь  элгээрээ хэвтсэн ардуудад  сайхан хэрэг болж байгаа хэдий ч эдийн засагчид төдийлөн сайнаар хүлээж аваагүй. Арга ч үгүй биз. Учир нь төсвийн алдагдал он гарсаар эхний таван сарын байдлаар 700 орчим тэрбум төгрөгт хүрээд байхад  дээрх хувьцаанд  495 тэрбум төгрөгийн бонд гаргаж, иргэддээ өгөхөөр болоод байгаа нь юм. 

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугар хэлэхдээ "Монголбанк макро эдийн засгийн тэнцлээ хадгалахын тулд улстөр, сонгуулийн циклээс хол явдаг. Мөнгө тараах уу, иргэдийн хувьцааг худалдаж авах уу гэдэг нь цэвэр Засгийн газрын үйл ажиллагаанд хамаарна. Монголбанкинд бол хамааралгүй, манайх оролцохгүй. Засгийн газар ямар зарчмаар хөрөнгө босгож, иргэдийн хувьцааг санхүүжүүлэхээ тодорхой болгох ёстой болов уу. Төсвийн хөрөнгөөс, эсвэл бонд босгож иргэдийн хувьцааг худалдан авах уу гэдгийг сайн мэдэхгүй байна" гэж хэлсэн байдаг.  Ийм байтал Засгийн газар хувьцааг худалдан авах болсон нь олон хардлагыг дагуулж байгаа юм. 

Ямартай ч 13-наас эхлэн Засгийн газарт хувьцаагаа зарах хүсэлтэй байгаа иргэд  арилжааны банкуудад бичиг баримтаа бүртгүүлж, дансаа нээлгэж даваа гарагаас эхлэн мөнгөө авч эхэллээ. Урьдчилсан байдлаар нийт иргэдийн 80 гаруй хувь нь хувьцаагаа зарах хүсэлтэй байгаа гэсэн тооцоо судалгаа бий. 

Ингэхдээ хувьцааны мөнгийг  бөөнд нь биш, гурав хуваан иргэдэд  олгох юм. Тодруулбал данс нээлгэснээс хойш долоо хоногийн дараа  дансанд нь эхний 100 мянга нь байрших юм.

Угтаа иргэдэд тарааж буй  495 тэрбум төгрөгөөр төсвийнхөө алдагдлыг нөхcөн бол ард иргэдийн нуруун дахь ачаа нэг өдрөөр биш нэлээн олон өдрөөр хөнгөрөх байсан юм даг.

 

Ш.Аагий

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ