Засгийн газраас Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааны 322 ширхгийг нь 300 мянгаар худалдан авах шийдвэрийг гаргасны дагуу хоёр хоног арилжааны банкууд урт дараалалд даруулчихаад байгаа.
Харин энэ үйл явдлыг эсэргүүцсэн Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос өнөөдөр 1072 хувьцааны асуудлаар мэдээлэл хийв.
Хуулийн дагуу брокер, диллерийн компаниар дамжуулах хэрэгтэй. Ингэхдээ хөрөнгийн зах зээлийн хууль дүрмийг шууд зөрчин, арилжааны банкийг илт дэмжсэн үйл ажиллагаа явуулж байна. Яагаад брокер, диллерийн компаниуд байсаар байхад арилжааны банкаар өгч байгаа талаар асуухад, хугацаа байхгүй. Банкаар өгсөн нь арай хурдан гэсэн хариулт өгсөн хэмээв.
ҮЦАЭХ-ны Удирдах зөвлөлийх гишүүн Б.Өлзийбаяр:

-Компанийн хувьцааг борлуулах, арилжаалах аливаа үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон журмын дагуу явуулдаг ба энэ үйл ажиллагааг зохицуулах ёстой хуулийн эдгээдүүд хийх ёстой. Нэг үгээр хэлбэл үнэт цаасыг борлуулах тусгай зөвшөөөрөлтэй үнэт цаасны компаниуд хийдэг үйл ажиллагаа юм. Тэгэхээр хувьцааг арилжаалах үйл ажиллагааг банкуудаар зуучлуулж хийж байгаа нь энэ хуулийг зөрчсөн үйлдэл юм. Банкуудын тухай хуульд ч ашиг олох зорилгоор энэ төрлийн үйл ажиллагааг хориглосон байдаг.
Тавантолгойн хувьцааг 2011 оны УИХ-ын тогтоолоор олгосон байдаг. Түүнээс хойш бүхэл бүтэн таван жил өнгөрчээ. Энэ хугацаанд энэ компани яагаад хууль дүрмийнхээ дагуу бүртгүүлээгүй юм бэ? Өчнөөн хугацаа өнгөрчихөөд байхад яагаад заавал өнөөдөр гэж? Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд төр өөрөө ямар бодлого баримталсан юм бэ? Компани өөрөө яагаад хууль ёсны дагуу Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төв болон Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээгүй юм бэ? Яагаад хөрөнгийн бирж дээр арилжааг нь эхлүүлээгүй юм бэ? Энэ тогтоолд эдийн засаг сайжирсан тохиолдолд үлдсэн 70 хувийг эргэлтэнд оруулна гэж байгаа юм. Эдийн засаг хэзээ сайжирна гэж бид хүлээх юм бэ?
Санхүүгийн зохицуулах хороо гэдэг төрийн байгууллагад бид бас зохицуулдаг шимтгэлээ төлсөөр ирлээ. Сүүлийн үед төлбөр тооцооны 4 банк орж ирсэн, тэдэнд бас шимтгэлээ төлдөг. Хоёр хувийн шимтгэлээсээ бид энэ олон шимтгэлийг төлсөөр өдий хүрлээ. Гэтэл өнөөдөр банкууд хүсэлтийг нь аваад дансанд нь мөнгө байршуулсныхаа төлөө нэг хүнээс гурван хувийн шимтгэл авах нь. Өөрөөр хэлбэл нэг хүнээс есөн мянган төгрөг авна гэсэн үг хэмээсэн юм.
Монгол улсын эдийн засгийн 95% нь дан ганц банкны салбар дээр, үлдсэн таван хувийг хөрөнгийн зах зээл болон даатгалын салбар эзэлдэг. Тэгвэл эдийн засгаа солонгоруулахын тулд даатгал болон хөрөнгийн зах зээлийн оролцоог нэмэгдүүлэх ёстой. Үүнийг ч шийдвэр гаргах түвшинд хэлж ярьсаар байгаа. Гэтэл Тавантолгойн хувьцааг арилжихдаа хөрөнгийн зах зээлийг ашиглах бус банкуудыг ашиглаж, дээрээс нь хэт өндөр буюу гурван хувийн шимтгэл төлж байгаа нь шударга бус бөгөөд буруу бодлого хэмээн мэдэгдэв.
ҮЦАЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Хуяг:

-Эрдэнэс Тавантолгойн бүртгэлийн асуудал буюу санхүүгийн тайлан нь компанийн өөрийнх нь дүрмэнд тусах асуудал яригдаж байна. Тухайн компани иргэдийн 2,8% буюу 3 сая иргэний бүртгэлийг өөр дээрээ хийгээгүй байгаа. Энэ бол өнөөдрийн байдлаар хууль зөрчсөн бөгөөд зарим нэг хууль тогтоомж шийдвэрүүдийг гүйцэтгэхгүй байгаа асуудал байгаа. Санхүүгийн тайландаа ч гэсэн үүнийг тусгаад явах ёстой гэлээ.
Түүнчлэн анх Эрдэнэс Тавантолгойн хувьцааг иргэдэд тараахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнууд болон оюутнуудаас нэг сая төгрөгөөр төр худалдан авч байсан нь хууль бус гэдгийг мэргэжлийн холбоод хэлэв. Хувьцаа нэрийдлээр ард түмэнд бэлэн мөнгө тарааж байгаа үйлдэл гэж ойлгогдож байгаагаас гадна хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хойш нь чангааж байгаа үйлдэл хэмээн үзлээ.
Н.Цэнгэл
Эх сурвалж: Breakingnews.mn