”Монголбанк", “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2016 оны 5 дугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцуулж байна. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 5,006 орон сууцны үнийг хамруулсан болно.
2016 оны 5 дугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.1%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 11.4%-иар тус тус буурчээ.
Тухайн сард зах зээл дээр өндөр өртөг бүхий шинэ орон сууц нийлүүлэгдсэнтэй холбоотойгоор шинэ орон сууцны үнэ өмнөх сараас бага зэрэг өссөн ч хуучин орон сууцны үнэ үргэлжлэн буурсан нь орон сууцны үнийн индексийг бууруулахад нөлөөлжээ.
2013 оны 1 дүгээр сараас эхлэн орон сууцны үнийн индексийг тооцсон бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны 3 дугаар сард хамгийн өндөр буюу 23.7%-тай гарсан байна. 2014 оны 12 дугаар сараас орон сууцны үнэ (өмнөх оны мөн үетэй харьцуулахад) буурч эхэлсэн бөгөөд орон сууцны үнийн бууралт үргэлжилсэн хэвээр байна.
Жишээ: БЗД-ийн “Баянзүрх” хотхонд 2015 оны 5 дугаар сард 1 м2 дундаж үнэ 1,613,000 төгрөг байсан бол 2016 оны 5 дугаар сарын байдлаар 1,411,000 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 12.5%-иар буурсан байна.
Шинэ орон сууцны үнэ
Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2016 оны 5 дугаар сарын байдлаар 2,040,000 төгрөг болж өмнөх сараас 0.7 хувиар өссөн бол, өнгөрсөн оны мөн үеэс 6.1 хувиар буурсан байна. Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.
Хуучин орон сууцны үнэ
Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ3 нь 2016 оны 5 дугаар сарын байдлаар 79,869,000 төгрөг болж өмнөх сараас 0.2 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 15.3 хувиар тус тус буурсан байна.
Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.
Ш.Аагий
Эх сурвалж:Breakingnews.mn