Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл удтал яригдсаны эцэст энэ оны эхээр батлагдсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжих боломж нөхцөл нь бүрдээгүй байна.
Энэхүү барилгын тухай шинэчлэн батлагдсан хуулинд барилгын салбарт оролцогчдын эрх, үүрэг, норм нормативыг шинэчилснээс гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн барилгын эрх, зүйн орчин бүрдсэн. Мөн барилгын ажлын тусгай зөвшөөрлийг олгоход 2008 онд батлагдсан хуулиар 505 өдөр, 124 гарын үсэг авдаг байсныг уг хуулиар 56 өдрийн дотор 35 гарын үсгийг нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан олгодог болж байна. Мөн Барилгын салбарт ажиллаж буй 95 мянга гаруй ажилтан даатгалд хамрагдах боломжтой болох юм. Түүнчлэн захиалагч нь, гүйцэтгэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг даатгуулахыг шаардах эрхтэй зэрэг олон шинэчлэл уг хуулиар хийгджээ. Ингэснээр барилгын компаниудын хариуцлагыг илүү нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Засаг дарга нарын чиг үүрэгт оруулж, барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, хамгаалалтын горим тогтоох үйл ажиллагааг барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хариуцахаас эхлээд олон шинэчлэл уг хуулинд тусгагдсан болохыг салбарын мэргэжлтнүүд онцлон хэлж байсан нь саяхан.
Тэгвэл барилгын салбарын төрийн бус мэргэжлийн байгууллагууд, холбоод уг хуулийн төсөлд холбогдох зүйл заалтуудад санал тусгаж, идэвхтэй оролцоотой ажилласан. Гэсэн ч хуулийг хэрэгжүүлэхэд зайлшгүй дагаж мөрдөх ёстой шинэчлэн боловсруулсан 30 гаруй дүрэм, журам Засгийн газар, Төрийн захиргааны төв байгууллагаар батлуулан мөрдөх ажил удаашралтай байгаа.
.jpg)
Энэ нь хуулийн шинэчилсэн найруулгын үр дүн, ач холбогдлыг бууруулж, хуучин дүрэм журмуудаар барилгын аливаа үйл ажиллагааг зохицуулж байгаа нь өөрөө хууль зөрчсөн асуудал болж байгааг Барилгын Хөгжлийн Үндэсний нэгдсэн төвийн УЗ-ийн дарга Г.Мягмар мэдэгдээд, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай хүсэлтийг Барилга, хот байгуулалтын Сайд З.Баянсэлэнгэд хүргүүлжээ.
Тэрээр салбарын сайдад Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу шинээр болон шинэчлэн боловсруулж мөрдөх дүрэм журмуудыг яаралтай албан ёсны болгож, хэрэгжилтийг хангах тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллахыг хүссэн байна.
Мөн шаардлага гарсан тохиолдолд Барилгын Хөгжлийн Үндэсний нэгдсэн төв болон түүний гишүүн байгууллагууд, холбоодын хамтаар дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлжээ.

Ш.Адъяамаа
Эх сурвалж:Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250