...
...

Жэй Си Ай Импакт ТББ "шинжлэх ухаан, инженерчлэлийн музей" байгуулна

Жэй Си Ай Монгол байгууллагын отгон салбар болох Жэй Си Ай Импактын залуучууд Монгол Улсад Шинжлэх ухаан, инженерчлэлийн музей байгуулахаар зорьж байгаа аж.

Тус ажлын хүрээнд өчигдөр /2016.05.13/ Монголын эмэгтэй инженер, технологич, эрдэмтэн, математикчдын нэгдсэн холбоотой хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Шинжлэх ухаан, инженерчиллийн музей нь олон салбарыг хамрах, томоохон төсөл учраас төрийн, бизнесийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж, бэлтгэл ажлаа хийж байна.

Шинжлэх ухаан, технологийн шийдэлд тулгуурлан үйлдвэрлэл эрхэлдэг компаниудтай, мэдлэгийн эдийн засаг бүхий улс орнууд бодлогоор ийм музей байгуулж байгаа юм байна. Жишээлбэл, БНХАУ-д Ази тивд одоогоор хамгийн томд тооцогддог Шанхайгийн шинжлэх ухаан, технологийн музейг 2001 онд байгуулж өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 65 сая гаруй хүн хүлээн авчээ.

Монгол улсын их, дээд сургууль, коллежид 2015-2016 оны хичээлийн жилд 140,000 суралцагчид дээд боловсрол эзэмшихээр сурч байгаа бөгөөд тэдний зөвхөн 22 хувь нь л байгалийн шинжлэх ухаан, инженерчилэл, зохион бүтээх чиглэлийн хөтөлбөрөөр боловсрол эзэмшиж байна.

Харин нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн чиглэлээр 60 хувь нь суралцаж тэр дундаа эрх зүй, бизнес, гадаад хэлний хөтөлбөрт хамгийн сурлага сайтай хүүхдүүд өрсөлдөн орж суралцдаг гэсэн статистик гарсан.

Жэй Си Ай Монгол байгууллагын Жэй Си Ай Импакт салбарын хийх гэж буй Шинжлэх ухаан, инженерчиллийн музей байгуулах төслийн зорилго нь 5-аас дээш насны хүүхэд, багачууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, насанд хүрэгчид ганцаараа, эсвэл анги, хамт олноороо зочилж, шинжлэх ухааны нээлтүүд, инженерчиллийн шийдлүүдийг энгийнээр загварчилсан хөдөлгөөнтэй, хөдөлгөөнгүй, виртуаль, бодит зэрэг үзмэрүүдээр дамжуулан ойлгож, зарим үзмэрүүд дээр өөрийн биеэр туршилт хийж үзэх боломжийг бүрдүүлэх аж.

2016-2021 оны урт хугацаанд үргэлжлэх энэхүү төслийн үйл ажиллагаа энэ сараас Төрийн болон Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаагаар эхэлж байна.

Дашрамд дуулгахад, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Жэй Си Ай Монгол ТББ-тай “Шинжлэх ухааны инженерчлэлийн музей” байгуулахад хамтран ажиллах санамж бичгийг тавдугаар сарын 4-ний өдөр байгуулж, цаашид хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ