...
...

"ТАВАНТОЛГОЙ"-г гацаанаас хэн гаргах вэ?

Оюутолгойн далд уурхайн төсөл хэрэгжиж, олон залуус ажилтай болох чимээ чих дэлсэв. Хэдэн жилийн өмнөөс ихэрлэж яригдсан Оюутолгой, Тавантолгой төслүүдээс ганц нь ч гэсэн зогсчихолгүй, үйл ажиллагаагаа явуулж буй нь сайн хэрэг. Гэвч Монголын 100 хувийн мэдлийн Тавантолгой төслийг хэзээ, хэн хэрэгжүүлэх вэ?

Сүүлийн үед иргэд Тавантолгойн 1072 ширхэг хувьцаагаа эгээ л зах дээр бараа зарж буй мэт гар дээрээс худалдах болсон.

Энэ нь хууль бус, хувьцааг зарах боломжгүй хэмээн мэдэгдсэн ч найман шарга, урт цагаан, 100 айлын хавиар бөөнөөрөө эргэлдсээр, эргэсээр.

Хэрэв 100 хувь төрийн өмчит, монголын ард түмний өмч энэхүү компаний н үйл ажиллагаа эхэлчихвэл хичнээн монгол залуус ажилтай болж, хэдэн айл хоногийн хоолтойгоо залгах бол? Гэвч үүн дээр төр засгаас анхаарч байгаа зүйл одоогоор алга.

Ямар нэгэн шуум сонссон Хятад, Солонгосчууд Тавантолгойн хувьцааг ийнхүү цуглааж байна гэсэн хардлага олон нийтэд бий. Сонгуулиас өмнө УИХ Тавантолгойн хувь заяаг шийднэ ч гэж ярьцгааж байна. Гэвч ойрын таван жилдээ нүүрсний салбар сэргэхгүй гэсэн оноштой байгаа. Чухам ямар учраас иргэд хувьцаагаа зарж, хэн гэгч этгээд хувьцаа худалдаж аваад байгааг одоогоор шалгасан, тодруулсан зүйл алга байна.


Мэргэжилтнүүдийн хийсэн тооцоогоор Тавантолгойд үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн Тавантолгой, төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” компаниуд жилд дунджаар  зургаан сая тонн нүүрс олборлодог аж.


Гэтэл үүнийх нь 30 хувь буюу хоёр сая тонн орчим нь овоолго болж хаягдан, уугиж шатсаар дуусч байна. Хаягдал бүр мөнгө гэдгийг бодох хэрэгтэй. Баялгийг сорчлолгүй олборлох хуулийн заалт бий. Гэтэл төрийн өмчит Тавантолгой дээр энэ хуулийн заалт огт мөрдөгдөж хэрэгжээгүйгээс жилд  хоёр сая тонн нүүрсийг Хятадууд хаягдал болгон Монголд үлдээж байна. Үүнийг хамгийн багаар 25 ам.доллараар тооцоход хоёр сая тонн буюу жилд 50 сая ам.доллараар үнэлэгдэх  нүүрсийг овоолон шатааж байна.

Гологдол болон үлдэж буй овоолго буюу хаягдал нүүрс үнэ цэнэгүй шороо биш. Ийм “шороог” хятадууд Өвөр Монголын Жинчуаны нүүрс баяжуулах цогцолбортоо манайхаас сорчилж авсан коксжих нүүрстэйгээ хольж хутгаад Тяньжины  боомт дээрээ 71 ам.доллараар тонн тутмыг нь үнэ хүргэн зарж байна.

Нүүрсээ сорчлон олборлолгүйгээр бүгдийг нь баяжуулж боловсруулдаг болбол бид одоогийнхоосоо хоёр дахин их орлого олох боломжтой. Орлогоос гадна олон зуун хүн ажлын байртай болох боломж бий. Гэвч энэ талаар  сүүлийн 4-5 жил ярьж, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого болон холбогдох хууль, шийдвэр, тогтоомжуудад тусгасан ч өнөөдрийг хүртэл нүүрсний салбарт энэ бүхэн огт хэрэгжсэнгүй.

Нүүрсээ баяжуулах боломж бий юу  гэвэл бүрэн боломж байна. Төрийн өмчит Тавантолгойн хажууханд хаяа нийлдэг Ухаа худагийн уурхайд  жилд 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай том үйлдвэр бий.

Гэтэл энэ бүгдээс харахад Тавантолгойд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа хятадуудын бүрэн хараат болгожээ.

  • Манай улс 2015 онд 14.5 сая тонн нүүрс экспортолжээ. 

Хэдхэн жилийн өмнө Тавантолгойг монгол орны эдийн засгийн “зvрх” хэмээн харж байлаа. Гэвч одоо хүн бүр нүүрс бол эдийн засгийг аврах гарц биш аж үйлдвэр юм байна хэмээн хошуурах болж. Тэгээд ч нүүрсний уналтыг дагаад хөрөнгө оруулагч нар ч талийж өгсөн.

Ямар ч ой санамжгүй төрийн бодлого, хэзээ ч хувирч, өөрчлөгдөж магадгүй хууль дүрэм, хатуу чанга бизнесийн орчин гээд нэг талаараа гадныханд халтай орон.

Ямар сайндаа л энэ оны Дарханы "Эдийн засгийн чуулган" дээр Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаан "хөрөнгө оруулагч нараа шүүр барьж хөөх биш, хадаг барьж угтдаг болмоор байна" гэж байхав дээ.

Тэгэхээр Тавантолгойд боловсруулсан өнөөх сайхан төсөл чинь хэзээ хэрэгжих нь ийн тодорхойгүй болжээ. Монголчууд Тавантолгойг улс орны эдийн засаг, хүн амын амьжиргаа өсөх нэг боломж хэмээн хардаг. Тэгээд ч Оюутолгой шиг талаас илүү хувь нь гадны эзэмшлийнх биш, 100 хувь биднийх гэхээр нэг л сайхан. Харамсалтай нь хэн нэгэн гадны компанид өгчих гээд, эсвэл би тэрэнд өгөөгүй, тэр өгсөн гээд хорын үг чулуудалцаж, төслийг гацаахаас хэтрэхгүй байна.

Гадны хөрөнгө оруулалттай ч Оюутолгой өнөөдрийг хүртэл огсчихолгүй хөдөлсөөр л байна. Харин одоо  УИХ, Засгийн газар болон төрийн мэдлийн ЭТТ компанид Тавантолгойг  Монголдоо ашигтай байлгах талаар  ямар бодлого хэрэгжүүлж, юу хийх гэж байна вэ.

Ард түмэндээ өгөөжтэй, олборлолт болгоноо шатаах биш зарж чаддаг менежмэнтийг хэн энэ нүүрсний салбарт хийх вэ.

Хоёр төсөл хэрэгжсэн цагаас гадны хөрөнгө оруулагчдын шүлсийг гойжуулсан салбар манайд НҮҮРС байлаа. Харамсалтай нь одоо тэд шүлсээ залгиад буцацгаасан. Бид алдаж, Хятадууд хожив.  Хэзээ өөрсдийн зүйлдээ эзэн болж, ашиглагдах боломжтой, үр өгөөжөө өгөх энэ салбарыг өөрсдийн хүчээр эргэлтэнд оруулах вэ. Олон жилийг гадны компанийн гарыг харж өнгөрүүллээ. Улс орны эдийн засаг ч шалдаа буулаа. ДНБ-ий 200 хувьтай тэнцэх өр зээлэнд баригдаж, дампуурлаа зарлалаа. Одоо хөдөлгөх цаг болсон юм биш үү. 

Б.Энх-Уянга

www.breaingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ