...
...

Монголын Үндэсний музейг 10-р ангийн сурагчид үнэ төлбөргүй үзнэ

Монголын Үндэсний музей нь Монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлжалт зан заншилтай холбогдох 56,000 гаруй үзмэртэй бөгөөд байнгын үзүүллэгийн  9 танхимдаа үзмэрүүдээс дээжлэн харуулсан Үндэсний хэмжээний тэргүүлэх музей юм.

Тус музейн үзүүллэгт Хүрэл зэвсгийн үеийн хос янзага, хүрэл сэлэм, Хүннүгийн үеийн ширмэл ширдэг, авсны алтан чимэглэл, алтан нар сар, Түрэгийн Билгэ хааны алтан титэм, алтан чимэглэлүүд, алтан гүц, хундага, таваг, мөнгөн буга,  Хятаны үеийн ясан шүдний сойз, XIII зууны үетэй холбогдох  нум, сум, үйсэн хоромсого, эмээлийн мод, Монголын эзэнт гүрний үеийн зооснууд, чамин тансаг хийц, загвартай Богтого малгайн алтан чимэглэл, Япон тэнгисээс олдсон Хубилай хааны цэргийн усны сав, XIII-XIY зуунд холбогдох  Язгууртны дээл, XIY-XY зууны үеийн Байлдааны ширэн хөө хуяг, Ялтсан гутал,  Өндөр Гонгорын хөөрөг, даалин,  таван ханатай Монгол гэр,  Жанжин Д.Сүхбаатарын хувцас хэрэглэл, Ж.Гүррагчаагийн сансарт нисэхдээ өмсөж байсан хувцас,

МУ-ын 2 дахь ерөнхийлөгч Н.Багабандийн ёслол хүндэтгэлийн хувцас зэрэг ховор, хосгүй үнэт үзмэрүүдийг хүүхэд багачууд  сонирхон үзэж, эх түүхээрээ аялах  боломж бүрдлээ.

Тодруулбал, дэлхийд тамгатай түүх, соёлоо хүүхэд багачууддаа сурталчилан таниулах зорилгоор Монголын Үндэсний музей нь Нийслэлийн Ерөнхий Боловсролын Сургуулиудтай  хамтран ажиллахаар болжээ. Энэ ажлын хүрээнд ЕБС-ийн түүхийн хичээлтэй холбогдуулан 10 дугаар ангийн сурагчдад үнэ төлбөргүй музей үзэх боломжийг нээж өгч буй юм.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 118 гаруй Ерөнхий боловсролын сургууль байгаагаас 50 гаруй сургуультай гэрээ байгуулан ажиллаж байна.

Музейтэй гэрээ байгуулсан сургуулийн 10 дугаар ангийн сурагчид зохион байгуулалтайгаар 1-6 дугаар саруудад  үнэ төлбөргүй музей үзэх болон бусад хэд хэдэн хөнгөлөлттэй заалтууд гэрээнд тусгагджээ.

Нэг ангийн 25-аас дээш сурагч музей үзсэн тохиолдолд үнийн дүнгийн 10%-д хөнгөлөлт үзүүлэхээс гадна захын дүүргийн сургуулийн нэг ангийн 20-иос дээш сурагч үзсэн тохиолдолд 5 хүүхдийг  үнэ төлбөргүй музей үзүүлэх аж.

Сурагчдаа дагуулж ирсэн багш нар болон цэцэрлэгийн насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчилж байна.

Түүнчлэн хүүхдэд зориулсан “Музейн Боловсролын өрөө” үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэхүү танхимд бүх насны хүүхдэд зориулсан олон сонирхолтой боловсролын хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Эртний түүх соёлоо илүү сонирхолтой хэлбэрээр танилцаж, танхимаар олгож буй түүхийн хичээлээ  музей дээр ирж бататгаж  байгаагаараа онцлогтой юм.

 

Ш.Адъяамаа

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ