Эдийн засгийн хямрал нүүрлэсэн өнөө үед зээл, зээлийн хүү, төгрөгийн ханш суларсан зэргээс үүдэн бизнес эрхлэгчдэд хүндрэл бэрхшээл тулгараад байгаа билээ. Эдгээр асуудлыг хэлэлцэн, гарах гарцаа хайх зорилгоор МҮХАҮТ-ын удирдлага, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат болон бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцсон уулзалтыг саяхан зохион байгуулсан билээ. Энэхүү уулзалтад яригдсан гол, гол асуудлыг тоймлон хүргэж байна. Дээрх
“Монголбанкинд шүүмжлэлтэй хандмаар байна”
“БСБ сервис” ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан “Монголбанктай хамааралтай асуудлаар нэг зүйл ярих гэсэн юм. Өнөөдөр картаар дэлгүүр дээр гүйлгээ хийхэд Монгол банкнаас баталсан гэх нэг хувийн шимтгэл аваад байна. Үүн дээр шүүмжлэлтэй хандмаар байна. Өнөөдөр манай компанийн кассын нийт борлуулалтын 40 хувь нь картаар хийгдэж байгаа. Нэг хувь гэдэг худалдаа хийдэг хүмүүст ямар их дүн тоо гэдгийг мэдэх байх. Борлуулалтынхаа 5 хувийг ажилчдын цалинд зарцуулдаг гээд бод. Тэгэхээр цалингийнхаа 20 хувьтай тэнцэх мөнгийг учир битүүлгээр Монголбанкинд хураалгаж байна. Энэ өндөр байна. Хоёрдугаарт, ер нь Монгол банкнаас баталж тогтоодог нь буруу. Энийг чинь арилжааны банкнуудтай өөрсдөө үйл ажиллагааны зардлаа тооцоод хоорондоо тохирч байх ийм шимтгэл шүү дээ. Гэтэл өнөөдөр арилжааны банкууд их өрөвдөлтэй байдалд байгаа. “Монгол банк дээрээс тогтоосон. Бид үүнийг өөрчилж чадахгүй. Бид шимтгэлийн хувийг буулгамаар байна. Даанч тэгэх боломжгүй. Тийм учраас нэг заль хэрэглье. Та нар нэг хувиа өгдөгөөр нь өг. Ар хударгаар нь яахав урамшууллын гэрээ хийе. Буцаан олголт өгье” гэж байх жишээтэй. Төрийн оролцоо арай хэтэрч байна. Шаардлагагүй юм руу гүйж ороод би зохицуулдаг. мундаг мэддэг гээд холион бантанг хутгаад байна шүү дээ. Тэгэхээр энийг эргэж харж үзээч ээ. Манайх бол электрон бараа зардаг болохоор дундаж барааны үнэ нэг сая төгрөг байдаг. Мэдээж бэлнээр тооцоо хийхгүй, ихэвчлэн картаар тооцоо хийдэг. Бидний үзэж байгаагаар манай одоогийн 40 хувь бол ойрын хугацаанд 80 хувь руу орох байх. Гадаадад таксины мөнгөө картаар хийж байгаа. Энэ цаг бол манай улсад удахгүй ирнэ.
Хоёрдугаарт бас л төрийн оролцооны талаар шүүмжлэлтэй хамдмаар байна. Жишээлбэл, төрийн оролцоо гольдролоороо явж байсан зүйлийг алдагдуулж байсан. Эрэлт нийлүүлэлтээр эдийн засаг чинь өөрөө зохицуулагддаг хуультай шүү дээ. Өөрийгөө эмчлээд, өөрийгөө хөгжүүлээд явдаг эдийн засгийг төр засаг хажуунаас нь хөндлөн оролцоод явсны тод жишээ бол Ипотекийн зээл. Өнөөдөр тодорхой хэмжээнд мэдээж үр дүнгээ өгнө. Гэхдээ хэрээс хэтэрч байна. Эдийн засгийн даах чадвараасаа хэтрэхээрээ сөрөг үр дагаварт авчирна. Жишээлбэл, 80 мянган зээлдэгч байна гэж байна. Тэгэхээр эдгээр иргэд цалингаа аваад л банкиндаа өгдөг. Хувцас авахгүй, телевизор авахгүй, хоол хүнсээ хүртэл хасаж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг суурин газрын 20 хувь нь ийм байалтай байна. Тэгэхээр энэ 20 хувь нь эдийн засгийн эргэлтээс гарчихаж байна шүү дээ. Бусад бараа авдаггүй. Олсон мөнгөө хэдэн барилгын компанийн халаас руу хийж байгаа хэрэг шүү дээ. Зээл гэдэг чинь түр хугацаанд мөнгөний эргэлтийг хаах зүйл шүү дээ. Буцааж заавал өгөх ёстой. Орлого байхгүй. Орлоггүй хүнд зээл өгөөд байна шүү дээ. Ингээд бид өөрөө өөрсдийгөө баллаад байна” гэсэн юм.
“Монголбанкны Н.Золжаргал 1 хувийг 0,1 хувь руу шилжүүлэх ёстой”
Б.Лхагважав “НӨАТ-ын хуулийн хэрэгжилттэй холбоотой надад маш нарийн статистик мэдээлэл ирсэн. Өнгөрсөн жилийн хугацаанд манай нийт гүйлгээний долоон хувьтай банк бусын гүйлгээ байсан. Энэ долоон хувиас манай арилжааны банкууд 10 тэрбумын ашиг олсон байдаг. Гэтэл НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээр нийт гүйлгээний 40 хувь картын системд орно гэсэн тооцоо байгаа. Тийм тохиолдолд Монголбанк энэ нэг хувийн шимтгэлээ 0,1 хувь руу оруулах хэрэгтэй. Тийм захирамжийг Монгол банкны Золжаргал шууд гаргах ёстой. Өнөөдөр арилжааны банкны системээс НӨАТ-ын систем давуу болчихсон байгаа юм. Бүх мөнгөний урсгал тэнд хянагдаж байгаа гэсэн үг” гэсэн юм.
“Санхүүгийн зохицуулах хороонд их асуудал байдаг”
Уулзалтын үеэр Банк бус санхүүгийн байгууллагад тулгарч буй бэрхшээлийн талаар бас яригдлаа. Тодруулбал, “Үлэмж мэлмий” ББСБ-ийн захирал С.Отгонбат энэ талаар “Өнөөдөр төрийн дарамт үнэхээр их байна. Сав л хийвэл компанийн дансийг хаах, үйл ажиллагааг нь зогсоох болов. Энэ тал дээр ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй байна” гэлээ. Үүний хариуд Б.Лхагважав”Банк бус санхүүгийн байгууллага буюу ломбардны асуудал. Манай жижиг дунд бизнесийнхэн хамгийн үнэтэй мөнгө авдаг. Ломбарднаас, банк бусаас, хамгийн томчууд нь арилжааны банкнаас зээл авдаг. Өнөөдөр арилжааны банк 10 саяаас доош мөнгөнд зээл олгохгүй. Шаардлага байх ч үгүй. Нөгөө талаасаа сүүлийн гурван жил арилжааны банкуудыг төрөөс сайн дэмжсэн. Ний нуугүй хэлэхэд арилжааны банкууд зах зээл рүү мөнгө гаргаж байхаар Засгийн газрын бондны мөнгө авчихсан нь хамаагүй амар. Бас эрсдэлгүй. Тийм юм руу хандчихаад банк бус, ломбард руу мөнгө гаргахгүй байгаа юм. Банк бус санхүүгийн байгууллага яг нарийндаа бол өөрийнхөө хөрөнгөөр баталгаа гаргаад явдаг юм байна лээ шүү дээ. Гэхдээ мөнгө гаргаж байгаа энэ систем маань Төв банкны бодлоготойгоо нэгдсэн уялдаа холбоотой баймаар байгаа юм. Энд Санхүүгийн зохицуулах хороонд их асуудал байгаад байгаа юм байна лээ шүү. Тэнд баахан хуульчид байдаг. Санхүүгийн систем ойлгодоггүй, банкны систем ойлгодоггүй, эдийн засаг ойлгодоггүй, ерөөсөө хуулийнхаа модон хэлээр л зүтгээд байдаг. Манай танхим дээр бас банк бус санхүүгийн зөвлөл байгаа. Тэднээс олон санал ирдэг. Биднээс маш олон асуудал асуудаг. Мөнгөний асуудал бол Монголын л асуудал. Хамтраад гарц хайя” гэж байлаа.
Ийнхүү тэнд ирсэн бизнесийн төлөөлөгчид олон асуудлыг ярьж байсан юм. Энэ бүхнийг сонссон Монголын банкуудын холбооны Ерөнхийлөгч Ж.Үнэнбат “Асуудлыг нухацтай судалж, холбогдох газруудад нь уламжилъя” гэсэн хариуг өгч байлаа.
С.Өлзий
Эх сурвалж: Breakingnews.mn
Монгол банк зээлээ өгч чаддаггүй юм бол долларын ханшийг навс унгаж хэлсэн амандаа хүргэж барьж байгаач.1000-д барьвал сайхнаа энэ ч зүүд байх даа.