“Coal & Metals Mongolia 2016” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн Корпорэйт Конвэйнш төвд эхэллээ.
Чуулганд уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид, УУЯ, Эрчим хүчний яамны төлөөлөгчид оролцож байна. "Гложекс" компаниас тус олон улсын хөрөнгө оруулагчдын чуулганыг 6 дахь жилдээ зохион байгуулав.
Энэ жилийн хувьд “Coal Mongolia”, металлын салбарын Metals Mongolia болон уул уурхайн тоног төхөөрөмжийн “MineTech” үзэсгэлэнг нэг дор зохион байгуулж байгаагаараа онцлогтой.
Чуулганд Хятад, Казахстан, Австрали, Японы төлөөлөгчид түлхүү оролцож байна.
Уул уурхайн сайд Р.Жигжид хурлыг нээж үг хэлэв.
“COAL and METALS MONGOLIA-2016” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтанд уригдан оролцож байгаа
Хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо!
Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Энэ удаагийн чуулга уулзалтыг Нүүрс болон Метал ашигт малтмалын чиглэлийг хамруулан өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж байгаа нь түүний хамрах цар хүрээг тэлж, хөрөнгө оруулалт хийх болон хамтран ажиллах сонирхол бүхий гадаад дотоодын харьцангуй олон тооны аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцох боломжийг хангаж байгаагаараа онцлогтой болж байна.
Монгол Улс 1990 оноос хойш ардчиллын замаар тууштай замнаж, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлсэн ардчилсан нийгмийг эргэлт буцалтгүйгээр бодит зүйл болгож, чөлөөт зах зээлийн эдийн засгийн зарчмаар амжилттай хөгжиж байгаа орны нэг болж чадлаа.
Хэдийгээр сүүлийн жилүүдэд олон улсын зах зээлд эрдэс түүхий эдийн үнэ уналттай байгаа боловч манай улсын уул уурхайн салбар 2015 онд идэвхтэй үйл ажиллагаа явуулж төсвийн орлогын 18 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувь, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 80-аад хувийг дангаараа бүрдүүлсэн. Энэ нь чамлалтгүй амжилт бөгөөд уул уурхайн салбарт ажиллаж байгаа нийт уурхайчид, аж ахуй нэгжүүдийн хүчин зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүн юм.
Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөхүүлэн дэмжих, урт хугацаанд тогтвортой харилцан ашигтай хамтран ажиллах бодлого баримтлан, хууль эрх зүйн орчныг тогтвортой, ойлгомжтой болгож гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд өрсөлдөхүйц нөхцөл олгох чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч ажиллаж байна.
Тухайлбал, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг боловсруулж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчилж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал болон ашигт малтмалын нөөцийг олон улсын жишигт нийцсэн аргачлалаар тооцох алхмуудыг хийлээ.
Дээрх бодлогын хүрээнд стратегийн ач холбогдол бүхий орд газрууд болон ашиглалтад бэлтгэгдсэн уурхай, зах зээлд эрэлт өндөртэй байгаа ашигт малтмалыг тэргүүн ээлжинд эдийн засгийн эргэлтэд оруулах, ингэхдээ гадаад дотоодын хөрөнгө оруулагч нартай харилцан ашигтай хамтран ажиллах зарчмыг Монгол Улсын Засгийн газар, Уул уурхайн яам тууштай баримтлан ажиллаж байна. Тийм ч учраас Оюутолгойн алт, зэсийн ордын ил уурхай амжилттай ажиллаж, далд уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл хангагдаад байна. Мөн Цагаан суваргын зэс, Гацууртын алт, Таван толгойн коксжих нүүрсний зэрэг стратегийн орд газруудыг хөгжүүлэх, алт олборлолтыг хөхиүлэн дэмжих бодлого явуулж ирлээ.
Манай улсын хувьд эрдэс баялгийн арвин их нөөцтэйн зэрэгцээ ОХУ болон БНХАУ хэмээх хоёр том зах зээл бүхий улсуудтай өргөн уудам нутаг дэвсгэрээр хиллэдэг нь уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг татах бас нэгэн чухал хүчин зүйл болж байдаг. Салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, зах зээлээ тэлэхэд үйлдвэрлэлийн дэд бүтцийг хөгжүүлэх шаардлага бидэнд тулгарч байна. Тиймээс төмөр замын сүлжээг нэмэгдүүлэх, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийн хангамжийг сайжруулах, дамжин өнгөрөх тээврийн асуудлыг шийдвэрлэх, татварын бодлогоор дэмжих зэрэг бодлогын арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх болно.
Ингээд та бүхнийг Монгол Улсын нүүрсний болон метал ашигт малтмалын салбартай сайтар танилцаж, улмаар хөрөнгө оруулалт хийж харилцан ашигтай хамтран ажиллахыг уриалж байна.
Чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье. Мөн энэ чуулга уулзалтыг зохион байгуулагчид болон ивээн тэтгэгчдэд талархал илэрхийлье. Та бүхэнд аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!"
УУЯ-ны Хэвлэл мэдээллийн алба