...
...

Х.Амгаланбаатар: Сонгуулийн өмнө тэтгэвэр нэмэгдэх хандлагатай байгаа

Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хороо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмэх шийдвэр гаргасан талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан. 192 мянган төгрөг байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг болж өсөж байгаа. Энэхүү шийдвэр хэзээнээс хэрэгжих болоод ойрын хугацаанд тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэх эсэх талаар  МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа.

-“Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ” гэдэг ойлголтын  талаар та манай уншигчдад ярихгүй юу?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдгийг бид нэлээн сайн ойлгох хэрэгтэй. Энэ бол ямар нэгэн ажил мэргэжил үл шаардагдах ийм ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүст өгдөг цалингийн доод хэмжээ юм.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөхөд МҮЭХ хэзээнээс оролцдог болсон юм бэ. Өмнө нь Засгийн газраас дангаараа шийддэг байсан ?

-2008 оноос өмнө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар өөрөө тогтоодог байсан. Харин 2008 оноос хойш Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох хууль эрхзүйн орчин буй болсноос хойш Засгийн газар, МҮЭХ, Ажил олгогч эздийн холбоо хамтарч тодорхой итгэлцүүрийг харгалзаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх ийм  эрхзүйн орчинтой болсон. Өнгөрсөн 2013 оны 4 сарын 5-ны өдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хамгийн сүүлд нэмсэн.  Тухайн үед 140400 төгрөг байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянган төгрөг болгож байсан. Энэ нь 36,7 хувиар нэмж байсан гэсэн үг. Харин энэ удаагийн зөвшилцлөөр 25 хувиар нэмж, 192 мянга байсныг 240 мянга болгох шийдвэрт хүрсэн.

-Эдийн засаг хямралтай, төсвийн алдагдал нэг их наядаар тасарч буй энэ үед Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх эдийн засгийн боломж бий гэж үү. Хэр судалгаатайгаар энэ шийдвэрт хүрсэн юм бэ?

-Хүн амын амьжиргааны төвшин, инфляцийн төвшин, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг хэд, хэдэн үндсэн хүчин зүйлийг харгалзаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоодог. Бид уг нь өнгөрсөн 2015 оны 4 сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох ёстой байсан. Харамсалтай нь жилийн дараа бид шинэчлэн тогтоож байгаа. Энэ бол тодорхой шалтгаантай. Яагаад гэвэл, өнгөрсөн жил нэлээн хүндрэлтэй байсан. Тооцоо судалгаа нэлээн шаардлагатай байсан учраас бүтэн жил бид эдийн засгийн нөхцөл байдлаа харгалзаад хүн амынхаа амьжиргааны өртөг, инфляцийн төвшин зэрэг хэд, хэдэн хүчин зүйлийг судлах ажлын хэсгийг  ажиллуулсны эцэст өчигдөр Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоож чадлаа. Энэ удаад бол гурван талаасаа гаргасан ажлын хэсгийн саналыг эхлээд сонссон.  Талууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтооход  18-22 хувиар нэмэгдүүлэх бодит боломж байна гэсэн саналыг оруулж ирсэн. Энэ саналыг МҮЭХ хүлээж авах боломжгүй гэдэг утгаар асуудлыг нэлээн сайн ярилцаад 25 хувиар нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг хүмүүс манайд хэр байдаг вэ. Энэ талаарх судалгаа МҮЭХ-нд байдаг уу?

-Манай дээр байгаа судалгаагаар бол нийт ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 6-8 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг гэж гарсан байгаа. Гэхдээ цаана нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалинждаг, нийгмийн даатгалын шимтгэлд хамрагддагүй энэ хүмүүсийг нэмж тооцвол нэлээн тоо гарах тооцоог манай ҮЭХ гаргасан байгаа. Ер нь хөдөө орон нутаг, алслагдсан дүүргүүдэд өмнөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгнөөс доогуур цалинждаг хүмүүс их байдаг ш дээ.  

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр дээр дурьдсан хүмүүсийн цалин бодитоор өсөх юм байна. Харин нийт хөдөлмөр эрхлэгчдэд ямар ач холбогдолтой байдаг юм бэ?

-Ганцхан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг хүмүүст хамаатай биш. Хөдөлмөр эрхлэгч бүх хүмүүст хамаарна гэж ойлгож болно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өссөнөөр салбарын цалинг нэмэгдүүлэх бололцоо шууд утгаараа бүрдэж байгаа юм. Хөдөлмөрийн хөлсний улсын хэмжээг харгалзаад салбарууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх хууль эрхзүйн орчин буй учраас цалин нэмэгдэх бодит бололцоог бид буй болгосон гэсэн үг. Энэ утгаараа давхар, давхар ач холбогдолтой. Ер нь бол  Монгол Улсын хөгжил, монгол хүний үнэлэмжийг дэлхий нийтэд илэрхийлдэг том үзүүлэлт  бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ байдаг. Энэ хэмжээг 25 хувиар өсгөхөд хөдөлмөрийн хөлсний цагийн үнэлгээ 70 орчим цент болж байгаа юм.

Энэ үзүүлэлтээрээ бол дэлхий хэмжээнд монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж маш муу үнэлэгдэж байгаа юм. Америкт гэхэд,  15-18 доллар байх жишээтэй. Яахав, манайхтай ижил хөгжлийн  төвшинтэй явж байгаа улс оронд хөдөлмөрийн хөлсний цагийн үнэлгээ 8 доллар байх жишээтэй.

Үүнтэй харьцуулахад, манайх асар бага. Гэхдээ бид эдийн засгийн хүнд ийм нөхцөлд бага ч гэсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж чадлаа.

-Ажил олгогчид ямар байр суурьтай байна вэ?

-Ажил олгогчдын хувьд хүнд байгаагаа учирлаж, цалинг нэмэх талаар эсрэг байр суурьтай байсан. Гэхдээ Засгийн газар, Хөдөлмөрийн сайдын хувьд нэлээн дэмжиж, энэ 240 мянга гэсэн саналыг дэмжиж, бид дундын хувилбараар шийдсэн.

-Торгууль шийтгэлийг төрөөс тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулдаг. Иргэд торгууль нэмэгдэх вий дээ гэсэн болгоомжлол байна л даа?

-Ажил олгогчдын хувьд дургүйцэж байсан нэг шалтгаан нь янз бүрийн торгууль шийтгэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаж байдаг.гэхдээ энэ 9 сарын нэгнээс хойш буюу жишээ нь, жолоочийн торгууль зэргийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулдаг байсныг өөрчилж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбохгүй зөвхөн нэгжээр торгуулийн арга хэмжээ тооцдог болж байгаа. Тэгэхээр иргэд, аж ахуй нэгжид хүндрэл учрах нь бага.

-Хөдөлмөийн хөлсний доод хэмжээг 240 мянгаар тооцох хугацаа болон төсөвт тусгагдсан талаар?     

--Төсвийн тухай хуулиар тухайн жилийн цалин хөлстэй холбоотой тооцооллыг төсөв тодотгосны дараа буюу шинэ оны төсвөөс эрэгждэг гэдэг хуулиа бид баримтлаад 2017 оны 1 сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг мөрдөөд явна. Тэгэхээр төсөвт дарамт учруулаад ямар нэгэн байдлаар улс эх орныхоо эдийн засагт хүндрэл дарамт болохгүй. Ажил олгогч нарт ч хүндрэл шууд учрахгүй.

-МҮЭХ-ноос авч хэрэгжүүлэх дараа дараагийн ямар ажил байна?

-Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг 90 тэрбум төгрөгийн эх үүсвэрт нэмэгдүүлэх 2015-1016 оны хэлэлцээр байгаа. Бид үүнийг хэрэгжүүлэх чиглэлээр УИХ-аас гаргасан 108 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх асуудал руугаа удахгүй орно.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмчихлээ. Тэтгэвэрийн асуудал яригдаж байна уу. Ойрын хугацаанд нэмэгдэх төлөв байна уу?

--Тэтгэвэрийг ярихаас өмнө хөдөлмөрийн хөлсний энэ удаагийн шинэчлэлийн талаар дахиад ярих хэрэгтэй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг болгоход гол нөлөөлсөн хүчин зүйл бол тэтгэвэр.

-Тодруулбал...

-Өнөөдөр бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 230 мянган төгрөг байна. Тэгэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байсан. Ажил хийж байгаа хүн тэтгэвэрийн хүнээс бага цалин авч байгаа нь хөдөлмөр эрхлэж байгаа хүмүүсээ  үнэлж чадахгүй, хөдөлмөрийн үнэлэмж, цалингийн тогтолцоо бол уналтад орсон, сайжруулах шаардлагатай болсон гэдгийг илэрхийлж байгаа юм. Тийм учраас бүрэн тэтгэвэрийн доод хэмжээнээс дээгүүр бид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг аваачиж тавьлаа.

Энэ хүрээнд тэтгэвэрийн хэмжээ бас хөдөлнө. Миний баримжаагаар  сонгуулийн өмнө тэтгэвэрийн хэмжээ нэмэгдэх хандлагатай  гэж бодогдож байгаа. Сонгууль ойртож байна. Мэдээж сонгуулийн шоу гэж бидний ярьдгаар бол тэтгэвэр нэмэгдэх байх.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

С.Баяр

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ