...
...

АСЕМ нэрээр арай л тансаглаад байгаа юм бишүү, эрхмүүд ээ!!!

Монгол  Улс АСЕМ-ийн 11 дэх уулзалтыг эх орондоо зохион байгуулах их ажлыг  өрнүүлээд байна. Ази, Европийн дээд хэмжээний уулзалт Монгол Улсад зохион байгуулагдаж байгаагийн ач холбогдол арвин ч АСЕМ нэрийн дор тансаглах төрийн үйл ажиллагаа хэрээс хэтэрсэн санагдана. Хамгийн гол нь хөнжлийнхөө хэрээр л хөлөө жиймээр байгаа юм. Хэрээг дагаж галуу хөлөө хөлдөөнө гэгчээр бусдад таалагдахын тулд байдгаа барахын хэрэг байна уу.  2016 оны төсөвт АСЕМ-ийн хурлыг зохион байгуулахад нийтдээ 20 тэрбум төгрөг төсөвлөжээ. 

АСЕМ-д зориулж, түргэн тусламжийн 10 машин худалдан авна

АСЕМ-ын уулзалтад ирсэн зочид, төлөөлөгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн үйлчилгээнд явах 10 машиныг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс худалдан авахаар шийдвэрлэжээ.

Эдгээр машиныг нийт 1 тэрбум 30 сая төгрөгөөр худалдан авах урьдчилсан тооцоо байгаа бөгөөд энэ нь Эрүүл мэндийн яамнаас гаргасан үнэлгээ юм байна.Шинээр авсан түргэн тусламжийн машинуудыг АСЕМ-ын уулзалтын үеэр дүүргүүдийн түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх цэг болон зочид төлөөлөгчдийн байрлах газруудад байршуулах аж.Харин АСЕМ-ын уулзалтын дараа  түргэн тусламжийн машинуудыг дүүргүүдэд хуваарилан өгөх юм байна. 

АСЕМ-д зориулж “Хьюндай”-гаас автобус авна

Ази, Европын дээд хэмжээний уулзалтын  үеэр хэрэглэх автобусны захиалгыг БНСУ-ын “Хьюндай” компанид өгчээ. Автобусуудыг Солонгосын “Экзим” банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр худалдан авах  гэрээ хэлэлцээрийг саяхан байгуулсан байна. “Экзим” банкнаас 5.5 сая ам.долларын зээл авч байгаа бөгөөд анх 50 автобус авахаар төлөвлөж байсан ч 43-г авахаар болжээ.  “Хьюндай” компани автобусуудыг туулах чадвар сайтай, хямд өртөгтэй, 45 хүний суудалтай, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохируулан үйлдвэрлэж байгаа юм байна. Эдгээр автобусыг АСЕМ-д зориулан авч буй ч  цаашид Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/-өөр дамжуулан, улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн автобусны парк шинэчлэлтэд зориулах  ажээ.  Нийтийн тээврийн компаниудад дамжуулан зээлдүүлэх гэрээгээр, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 30 жилийн хугацаатай, 0.25 хувийн хүүтэйгээр дээрх  автобусуудыг өгөхөөр төлөвлөжээ.

АСЕМ-д зориулж агаарын хөлгийн есөн зогсоол шинээр барьжээ

АСЕМ-д оролцох зочдыг хүлээн авах, нислэг үйлдвэрлэлийн бэлэн байдлыг хангах төлөвлөгөө, зочдыг хүлээн авах, аюулгүй байдлыг хангах, зохион байгуулах ажлын төлөвлөгөөг ИНЕГ-аас баталжээ. Уг төлөвлөгөөний хэрэгжилт 74 хувьтай байгааг албаны хүмүүс мэдээллийн эхэнд онцоллоо. Эдгээр ажлын хүрээнд нисэх буудлын хөөрч, буух хатуу хучилттай зурвасын хүчитгэлийн 500 метрийн өргөтгөл болон перроны өргөтгөлийн ажлыг хийж дуусгасан байна. АСЕМ-ын зочдыг хүлээж авахад зориулж 4C ангиллын 9 онгоцны зогсоол нэмж барьсан, ингэснээр олон улсын онгоцны буудал 34 зогсоолтой болжээ. Нисэх буудалд зочдын аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюул эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Төрийн тусгай хамгаалалт, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.АСЕМ-ын дээд түвшний уулзалт болох өдөр буюу долдугаар сарын 15-16-нд орон нутгийн нислэгийг Налайх дүүрэгт байрлах Батлан хамгаалах яамны харьяа аэродромыг ашиглаж зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгаа аж.

АСЕМ-д зориулж ААН-үүд 350 автомашин оруулж ирнэ

Засгийн газрын 142 дугаар тогтоолоор шийдвэрлэж (АСЕМ)-ын үйлчилгээнд ашиглах зориулалтаар импортлох онцгой албан татвар болон гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тусгай зориулалтын автомашины жагсаалтыг хавсралтаар баталсан байна. Тус тогтоолын хавсралтад зааснаар АСЕМ-д зориулж "Тоёота Приус-30" загварын машин 52 ширхэгийг оруулж ирэхээр болжээ. Эдгээр машинуудыг “Хэт Моторс" импортлохоор болсон байна. Ингэхдээ төсвөөс мөнгө гаргахгүй бөгөөд татварын дэмжлэг аж ахуйн нэгжид үзүүлснийхээ хариуд АСЕМ-ын уулзалтад ашиглах аж.

Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гааль болон НӨАТ, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ. Уг хуулийг баталснаар аж ахуйн нэгжүүд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад зориулж тусгай тоноглол бүхий автомашинуудыг татваргүйгээр оруулж ирэх боломж бүрдэх юм. Энэ хүрээнд эхний ээлжинд 350 тусгай тоноглол бүхий автомашиныг аж ахуйн нэгжүүд оруулж ирэх бөгөөд төрөөс АСЕМ-ын хурлын үеэр ашиглаад, буцаан хүлээлгэж өгөх аж. Нэг автомашинд ногдож буй хөнгөлөлт нь 35 орчим сая ам.доллар болж байгаа юм байна.

АСЕМ-ийг угтаж гудамж талбайд гурван тэрбумыг зарцуулах нь

Нийслэлийн Хот тохижилтын  газраас энэ зургаадугаар сарыг хүртэл нэр заасан 13 гудамж талбайг тохижуулах ажээ. Энэ нь АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтыг угтахаас гадна Үндэсний их баяр наадмаас өмнө Улаанбаатар хотын гудамж талбайг тохижуулж, өнгө үзэмж оруулах зорилготой ажил юм. Тохижилт, Хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оджаргал энэ тухай “Тохижилтын ажлууд гуравдугаар сарын 10-наас хойш эхэлчихсэн явж байна. Газар шорооны бэлтгэл, суурь талбай бэлтгэх зэрэг ажлуудыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл хариуцаж, мэргэжлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр ажиллаж байна. Ерөнхийдөө 13 гудамжны нэр бүхий хэсгүүдэд явган замыг шинэчлэх, гэрлийн шон тахийж муруйсныг тэгшлэх, өнгө үзэмжтэй болгох, будах ажлыг гэрэлтүүлэг хариуцсан компаниуд нь хийнэ. Товчоор бол орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын дэмжлэгтэйгээр энэ ажлыг хийж байна. Дээрх ажлыг хийхийн тулд нийслэлийн төсвөөс 3 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

АСЕМ-ын зочдод зориулж гар утасны аппликейшн гаргана

 

Улаанбаатар хотын мэдээлэл, газрын зургийг агуулсан гар утасны аппликейшн бэлтгэхээр болсон байна. АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаар ирэх зочид төлөөлөгчид болон гадаадын жуулчдад зориулсан гар утасны аппликейшны эхний хувилбар англи, монгол хэлээр бэлэн болсон байна. Улаанбаатар хотын кафе ресторан, үзвэр үйлчилгээ, аялал зугаалга, урлаг соёл гэх мэт 1471 үйлчилгээний байгууллагын мэдээлэл,  хаяг бүхий уг аппликейшн  нь АСЕМ-ын  Дээд түвшний уулзалтын  дараа ч Монгол Улсыг зорин ирэх жуулчдын гол хөтөч болох учраас агуулга, хаяг байршил, нэршлийн үнэн бодитой, баталгаатай байдалд голлон анхаарахыг ажлын хэсгээс үүрэг болгов. Мөн уг хөтөч мэдээллийг хятад, орос хэлээр орчуулж гаргах, үүнд шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдэх  асуудлыг  Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэхээр тогтсон байна.

 

АСЕМ-ын зочдыг хүлээн авах зочид буудалд 150 тэрбум төгрөг зарцуулна

АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр ирэх 4000 орчим зочид, төлөөлөгчдийг байрлуулахаар 40 гаруй зочид буудал сонгогдоод байгаа юм. Эдгээр зочид буудлуудын үйл ажиллагааг чанаржуулах, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, менежментийг сайжруулах, үйлчилгээний чанар, өнгө үзэмжийг дээшлүүлэх, ажлын шинэ санал санаачлагыг дэмжих нөхцөл бүхий болзолт уралдааныг хүртэл зарлаад байгаа юм. Гадаадын өндөр дээд түвшний зочид төлөөлөгчдийг ая тухтай байлгаж, тэдний аюулгүй байдлыг хангахад чиглүүлэн зочид буудлуудын үйл ажиллагааг дээшлүүлэх зорилгоор 150 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байна.

Энэ мэтчилэнгээр АСЕМ-ийг угтсан олон ажил ид дундаа өрнөж байна. Зохион байгуулалтын ажлыг сайн хийх нь чухал ч хэрээс хэтэрсэн тансаглал хэрэггүй гэдийг хэлэх хэрэгтэй. Дашрамд дурдахад, зочид буудлын чиглэлээр П.Цагаан даргатай ажлын хэсэг, аюулгүй байдал ёслол, улсын хил дээр сайд Д.Дорлигжавын ахалсан ажлын хэсэг ажиллаж байгаа бол зам тээвэр, харилцаа холбоо нисэх буудлын асуудалд М.Зоригт сайд, үйлчилгээ соёл урлаг, хоол хүнсний  аюулгүй байдлын чиглэлээр хотын дарга Э.Бат-Үүлийн ахалж байгаа ажлын хэсэг, дээд түвшний уулзалтаас гарах баримт бичгүүд зохион байгуулалтын хэсгийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ахалсан, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн зөвлөх Ганбаатар удирдаж байгаа ажээ. Бүтцийн хувьд Гадаад хэргийн яам голлон ажиллах ажээ

С.Баяр

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ