НӨАТ-ын хууль хэрэгжиж эхлээд дөрвөн сар болж байна. Өнгөрсөн хугацаанд НӨАТ-ын баримтаа цуглуулан сугалаанд оролцоод нэлээд олон хүн азтан болсон. Ес дэх удаагийн тохирол маргааш буюу дөрөвдүгээр сарын 24-нд MNB нэгдүгээр сувгаар шууд дамжуулна. Сугалааны тохирлыг дөрөвдүгээр сарын 1-15-ны хоорондох худалдан авалтын баримтаар шалгаруулах юм. Сугалаа явуулсан дөрвөн сарын хугацаанд хамгийн багадаа 20 мянган төгрөг, харин хамгийн ихдээ 400 саяын азтан тодорсон. Гэвч сугалаанд хожсон иргэдийн ихэнх нь тохирлын мөнгөө авч чадаагүй, авах нь бүү хэл супер азтанаар тодорсон 400 саяын эзэн бүтэн сар болчихоод байхад өнөөдрийг хүртэл тодроогүй байгаа юм. Уг нь НӨАТ-ын баримтаа бүртгүүлсэн, бичиг баримтын зөрчилгүй иргэдийн тохирлын мөнгө ажлын 20 хоногт багтаж орох учиртай ч хугацаандаа орохгүй байгаа нь иргэдийг төөрөгдүүлсээр байгаа юм. Иймээс энэ ажлыг удирдан зохион байгуулж буй Гааль татварын ерөнхий газрын “Мэдээлэл технологийн газар”-т хандан хэлэхэд, ар араас нь азтан тодруулах яахав. Хамгийн гол нь азтануудынхаа тохирлын мөнгийг цаг тухайд нь дансанд нь оруулах тал дээр анхаарвал сайнсан. Тэгэхгүй бол НӨАТ-ын сугалаанд итгэх иргэдийн итгэл алдарч, “НӨАТ-ын суйлаа” гэсэн шүүмжлэлийн бай болох вий дээ.
С.Баяр
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250