...
...

Х.Амгаланбаатар: Ирэх оны нэг сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ

Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хороо өчигдөр хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмэх шийдвэр гаргажээ. Энэ талаар  МҮЭХ-ны  Ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас дараах тодруулгыг авлаа.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд, хэдэн онд өсгөж байв?

-2008 оноос өмнө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар өөрөө тогтоодог байсан. Харин 2008 оноос хойш Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох хууль эрхзүйн орчин буй болсноос хойш Засгийн газар, МҮЭХ, Ажил олгогч эздийн холбоо хамтарч тодорхой итгэлцүүрийг харгалзаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх ийм эрхзүйн орчинтой болсон. Өнгөрсөн 2013 оны 4-р сарын 5-ны өдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хамгийн сүүлд нэмсэн. Тухайн үед 140400 төгрөг байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянган төгрөг болгож байсан. Энэ 36,7 хувиар нэмж байсан гэсэн үг. Харин энэ удаагийн зөвшилцлөөр 25 хувиар нэмж, 192 мянга байсныг 240 мянга болгох шийдвэрт хүрсэн. Энэ шийдвэр ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ.

-Эдийн засаг хямралтай байгаа энэ үед Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх боломж бий гэж үү. Хэр судалгаатайгаар энэ шийдвэрт хүрсэн юм бэ?

-Хүн амын амьжиргааны түвшин, инфляцийн түвшин, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг хэд, хэдэн үндсэн хүчин зүйлийг харгалзаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоодог. Бид уг нь өнгөрсөн 2015 оны 4 -р сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох ёстой байсан. Харамсалтай нь жилийн дараа бид шинэчлэн тогтоож байгаа. Энэ бол тодорхой шалтгаантай. Яагаад гэвэл, өнгөрсөн жил нэлээн хүндрэлтэй байсан. Тооцоо судалгаа нэлээн шаардлагатай байсан учраас бүтэн жил бид эдийн засгийн нөхцөл байдлаа харгалзаад хүн амынхаа амьжиргааны өртөг, инфляцийн түвшин зэрэг хэд хэдэн хүчин зүйлийг судлах ажлын хэсгийг бүтэн жил ажиллуулсны эцэст өчигдөр Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бид шинэчлэн тогтоож чадлаа. Энэ удаад гурван талаасаа гаргасан ажлын хэсгийн саналыг сонсоод бид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоож байгаа  18-22 хувиар нэмэгдүүлэх бодит боломж байна гэсэн саналыг оруулж ирсэн. Энэ саналыг МҮЭХ хүлээж авах боломжгүй гэдэг утгаар асуудлыг нэлээн сайн ярилцаад 25 хувиар нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг хүмүүс манайд хэр байдаг вэ. Энэ талаарх судалгаа МҮЭХ-нд байдаг уу?

-Манай дээр байгаа судалгаагаар бол нийт ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 6-8 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг гэж гарсан байгаа. Гэхдээ цаана нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалинждаг, нийгмийн даатгалын шимтгэлд хамрагддаггүй энэ хүмүүсийг нэмж тооцвол нэлээн тоо гарах тооцоог манай ҮЭХ гаргасан байгаа. Ер нь хөдөө орон нутаг, алслагдсан дүүргүүдэд өмнөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгнөөс доогуур цалинждаг хүмүүс их байдаг шүү дээ.  

-Цаашид МҮЭХ-ноос ямар ажил хэрэгжүүлэх гэж байна?

-Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг 90 тэрбум төгрөгийн эх үүсвэрт нэмэгдүүлэх 2015-1016 оны хэлэлцээр буй. Энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэх чиглэлээр УИХ-аас гаргасан 108 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх энэ асуудал руу бид удахгүй орно.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмчихлээ. Тэтгэврийн асуудал яригдаж байна уу. Ойрын хугацаанд нэмэгдэх төлөв байна уу?

--Тэтгэврийг ярихаас өмнө цалингийн хөлсний энэ удаагийн шинэчлэлийн талаар ярих хэрэгтэй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг болгоход гол нөлөөлсөн зүйл бол тэтгэвэр.

Өнөөдөр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 230 мянган төгрөг байна. Тэгэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байсан. Ажил хийж байгаа хүн тэтгэврийн хүнээс бага цалин авч байгаа нь хөдөлмөр эрхлэж байгаа хүмүүсээ үнэлж чадахгүй, хөдөлмөрийн үнэлэмж, цалингийн тогтолцоо уналтад орсон, сайжруулах шаардлагатай болсон гэдгийг илэрхийлж байгаа юм. Тийм учраас бүрэн тэтгэврийн доод хэмжээнээс дээгүүр бид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг аваачиж тавилаа.

Энэ хүрээнд тэтгэврийн хэмжээ бас хөдөлнө. Миний баримжаагаар  сонгуулийн өмнө тэтгэврийн хэмжээг нэмэгдэх байх гэж бодогдож байгаа. Сонгууль ойртож байна. Мэдээж сонгуулийн шоу гэж бидний ярьдгаар бол тэтгэвэр нэмэгдэх байх.

С.Баяр

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ