Энэ жил барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг өнөөдөр зохион байгуулж байна.
БХБЯ, Барилгын хөгжлийн төвөөс жил болгон зохион байгуулагддаг тус зөвлөгөөн нь барилгын ажил эхэлдэг энэ үед Барилгын компаний удирдлагууд нэгэн дор чуулж салбарынхаа алдаа, оноо асуудлуудаа хэлэлцдэгээрээ онцлогтой юм. Чуулга уулзалтанд салбарын 1000 гаруй хүн нэгэн дор цуглаж барилгын салбарын хууль эрхзүйн орчин болоод салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулав. Мөн барилгын салбарт хамгийн их асуудал дагуулдаг ХАБ-ын хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр БХБЯ-ны БЧААБГ-ын дарга З.Энх-Оргил илтгэл тавилаа. “Барилгын удирдах ажилтны зөвлөгөөн”-д БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ, Сангийн сайд Б.Болор, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, БХТ-ийн захирал Б.Баярсайхан болон албаны бусад хүмүүс оролцож байна. Барилгын салбарын 90 жилийн ойн хүрээнд хийж, хэрэгжүүлсэн онцлох ажлуудыг товчхон дурдъя.
Өнгөрсөн онд яамны хэмжээнд 16 давхраас дээш барилгыг барих зөвшөөрлийг олгосон. Тухайлбал, он гарсаар “Шангри-Ла” зочид буудал 16-аас дээш давхар баригдсаныг улсын комисс хүлээж авлаа. Мөн зах зээлд 28 мянган айлын орон сууц бүрэн ашиглалтад ороод байна. Энэ салбарт 2 мянган барилгын компани үйл ажиллагаа явуулж байгаагаас 400 орчим нь идэвхтэй ажиллаж байна.
Иргэд газраа байраар солив
Нийслэлийн агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2013 онд НИТХ-аас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршилд, 75 хэсэгчилсэн талбайг баталсан. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2014 онд 588, 2015 онд 1651 айлын орон сууц ашиглалтад орж нийт 2239 өрх харин 2016 оны эхний хагас жилд 1104 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ. Одоогийн байдлаар 7000 гаруй айлын орон сууцын барилгын ажил эхэлснээс 1040 айлынх нь ирэх зургаадугаар сардаа багтан ашиглалтад орох аж.
"Барилгын тухай хууль" шинэчлэн батлагдав
Барилгын тухай шинэчлэн батлагдсан хуулинд барилгын салбарт оролцогчдын эрх, үүрэг, норм нормативыг шинэчилснээс гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн барилгын эрх, зүйн орчин бүрдсэн. Мөн барилгын ажлын тусгай зөвшөөрлийг олгоход 2008 онд батлагдсан хуулиар 505 өдөр, 124 гарын үсэг авдаг байсныг уг хуулиар 56 өдрийн дотор 35 гарын үсгийг нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан олгодог болж байна. Мөн Барилгын салбарт ажиллаж буй 95 мянга гаруй ажилтан даатгалд хамрагдах боломжтой болох юм. Түүнчлэн захиалагч нь, гүйцэтгэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг даатгуулахыг шаардах эрхтэй зэрэг олон шинэчлэл уг хуулиар хийгджээ. Ингэснээр барилгын компаниудын хариуцлагыг илүү нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Засаг дарга нарын чиг үүрэгт оруулж, барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, хамгаалалтын горим тогтоох үйл ажиллагааг барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хариуцахаас эхлээд олон шинэчлэл уг хуулинд тусгагдсан болохыг салбарынхан онцлон хэллээ.
Барилгын компаниудад шар, улаан, ногоон өнгийн гэрчилгээ олгодог болно
Мөн энэ оны хоёрдугаар сард барилгын тухай хууль шинэчлэн батлагдсан. Тус хууль нь 9 бүлэг, 50 зүйлтэй. Энэхүү шинэчилсэн найруулгад барилгын салбарт тулгамдсан болон зайлшгүй шийдвэрлэвэл зохих олон асуудлуудыг тусгасан. Тодруулбал хуулийн наймдугаар бүлэгт барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлын харгалзан үзэж гэрчилгээ олгох тухай тусгагдсан байдаг. Ингэхдээ гэрчилгээг улаан, шар, ногоон гэсэн гурван өнгөөр үнэлэх юм. Тухайлбал ногоон өнгийн гэрчилгээг шинээр баригдаж ашиглалтад орсон болон цаашид ашиглалтын шаардлага хангасан барилга байгууламжид олгох бол шар өнгө нь засвар шинэчлэлт хийгдэж ашиглалтын шаардлага хангах боломжтой нь тогтоогдсон ашиглагдаж буй барилга байгууллага хамаарна. Улаан гэрчилгээ нь ашиглалтын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон ашиглагдаж буй барилга байгууламж хамаарна гэж заажээ. Гэрчилгээг Барилгын улсын хяналт хэрэгжүүлэгч эрх бүхий байгууллага олгоно. Тухайн барилгыг улсын комисс хүлээж авснаас хойш долоо хоногийн дотор ашиглалтын гэрчилгээг олгох зохицуулалтыг оруулж өгсөн байна.
Гэвч дээрх өнгө бүхий гэрчилгээг олгож эхэлбэл энэ салбарт хүнд суртлыг бий болгох мөн барилгын компаниуд манайх, танайх ийм өнгийн гэрчилгээтэй гэдгээрээ дотроо хагаралдах цаашлаад орон сууц худалдан авагчид төөрөгдөлд орох зэрэг сөрөг талууд ихтэй юм.
Барилгын тусгай зөвшөөрөл авахад хүндрэл, чирэгдэлгүй боллоо
Шинэчлэн батлагдсан тус хуулиар барилгын салбарт оролцогчдын эрх, үүрэг, норм нормативыг шинэчилснээс гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн барилгын эрх, зүйн орчин бүрдсэн. Түүнчлэн барилгын ажлын тусгай зөвшөөрлийг олгоход 2008 онд 505 өдөр, 124 гарын үсэг, 2010 онд 188 өдөр 57 гарын үсэг, 2012 онд 84 өдөр, 46 гарын үсэг байсан бол энэхүү шинэчлэгдсэн хуулиар 56 өдрийн дотор 35 гарын үсгийг нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан олгох болсон.
28 мянган айлын орон сууц бүрэн ашиглалтад оров
Өнгөрсөн жил 28 мянган айлын орон сууц бүрэн ашиглалтад оржээ. 2016-2018 онд ХУД-т хамгийн өндөр буюу 13,587, БЗД-т 7006 айлын орон сууц байна. Эдгээр орон сууцыг зэрэглэлээр нь авч үзвэл стандарт зэрэглэл нь 50 хувь, стандарт сайн зэрэглэл 35 хувь, тансаг зэрэглэлийн орон сууц 15 хувьтай байна. Борлуулалтын хувьд тансаг зэрэглэлийн орон сууц хамгийн бага буюу 47 хувь байгаа бол бусад орон сууцны борлуулалтын явц 61 хувьтай байгаа юм.
Орон сууцны зээлийн хүү зарим байршлуудад 5 хувь руу шилжив
УИХ-аас ипотекийн зээлийн шинэ эрх зүйн орчныг бүрдүүлснээр зээлийн хүүг найм биш тав болгож бууруулах боломжтой гэж үзсэн.
Тэгвэл өнгөрөгч гуравдугаар сарын эхээр ипотекийн зээлийн хүүг бууруулах тухай журмыг Засгийн газраас гаргасан. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэж, “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг баталсан юм.
Үүнд Улаанбаатар хотын шинэ болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт хөтөлбөрийн хүрээнд баригдсан орон сууцуудаас худалдан авбал ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох боломжтой, бусад байршилд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг цаашид үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж үзсэн юм. Эрх баригчид иргэдээ алагчилсан дээрх шийдвэрээ эдийн засгийн нөхцөл байдалтай холбон тайлбарласан юм.
Энэ сарын 12-ны өдрийн байдлаар, банкууд 3579 иргэний 222.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 847 иргэний 5%-ийн хүүтэй 40.2 тэрбум төгрөгийн, 1937 иргэний 8%-ийн хүүтэй 126.6 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн дээрх байршлуудад сууц худалдан авсан 570 зээлдэгчийн 23.3 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8%-иас 5%-д шилжүүлжээ.
“Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжив
Засгийн Газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд 2015-2021 оны хооронд нийслэлд 16 мянган өрхийг, орон нутагт 4 мянган өрхийг Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулна гэж тусгасан байдаг. Эхний ээлжинд ТОСК-ийн хөдөө орон нутаг болоод Улаанбаатар хотод барьж ашиглалтад оруулсан 929 айлын орон сууцыг түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр болсон. Үүнээс нийслэлд 350, хөдөө орон нутагт 579 айл тус тус дээрх хөтөлбөрт хамрагдах юм.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэлийг ил тод, шуурхай явуулах зорилгоор зорилтот долоон бүлэгт ангилж 3-р сарын 21-30-ний өдрийг дуустал бүртгэсэн юм. Нийт 4,000 орчим иргэн хандсанаас 2,262 иргэн бүртгэлд хамрагдсан байна. Энэ салбарт ийн ажлууд хийгджээ. “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-өөр хийсэн бүхнээ дүгнэн цэгнэж, цаашид хийж хэрэгжүүлэх олон шийдлүүд гарах биз ээ.
Ш.Адъяамаа
Эх сурвалж:Breakingnews.mn