Дэлхийд нүүрс олборлох хэмжээгээрээ хоёрт ордог “Peabody Energy” корпораци дампуурлаа зарлаж, энэ сарын 13-нд шүүхэд албан ёсоор өргөдлөө өгчээ. 1983 онд байгуулагдсан Peabody Energy корпораци нь АНУ, Австрали, Хятад, Энэтхэг, Монголд үйл ажиллагаа явуулдаг, төв байр нь Сент-Луисед байрладаг аж. АНУ, Австралид 26 уурхай эзэмшдэг тус компанид нийтдээ 7600 хүн ажилладаг юм. Тавантолгойн ордын хоёр дахь уурхай буюу Баруун Цанхийн уурхайг нээсний дараагаар “Эрдэнэс Тавантолгой” гэрээт олборлогчоор хамтран ажиллах хүсэлтийг Peabody-д илгээснээр тус хоёр компани гэрээ үзэглэхэд тун ойрхон байсан ч зогссон билээ.
Энэхүү корпораци АНУ-ын эрчим хүчний хэрэгцээний 10, дэлхийн эрчим хүчний 3 орчим хувийг үйлдвэрлэдэг том корпораци. Корпорацийн албан ёсны мэдээнд өгүүлснээр бол эдний өр нийтдээ 10,1 тэрбум доллар болсон гэнэ.
Дампуурч байгаа гол шалтгаанаа Peabody “үйлдвэрлэл нь унаж, өрийн дарамтад орон мөнгөний урсгал нь хумигдаж, бүхий л нөөц бололцоогоо шавхсан болохоор цаашдын нөхцөл байдлаа сайжруулахын тулд шүүхийн хамгаалалтад орж ажиллахад хүрсэн” хэмээн тайлбарлажээ. “Энэ бол хүнд шийдвэр байлаа, гэхдээ манай корпорацийн хувьд хамгийн зөв зам. Өнөөдөр бид маргааш дэлхийн лидер байхын тулд маш өндөр түвшинд ажиллах шаардлага урган гарч байна” гэж Peabody корпорацийн ерөнхийлөгч, ерөнхий захирал Г.Келлоу хэвлэлийн хурал дээр хэлжээ. Уг нь өнгөрөгч сарын 16-нд Peabody дампуурлаа зарлах нь хэмээн олон нийт шуугиж байсан ч дахин зээл авбал улам хүнд байдалд орно хэмээн дүгнэж ийнхүү дампуурлаа зарлалаа.
Б.Энх-Уянга
www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250