Жил болгон зохион байгуулагддаг “Барилгын удирдах ажилтны зөвлөгөөн” энэ сарын 18-нд болох юм. Үүнтэй холбогдуулан Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвийн мэргэжилтнүүд мэдээлэл хийсэн юм. Энэ жил барилгын салбар үүсэж, хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг зохион байгуулахаар болжээ.

Хурлын үеэр салбарын зарим асуудлын талаар тодрууллаа.
БХБЯ-ны БНААБГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Чинзориг: 28 мянган айлын орон сууц бүрэн ашиглалтад орсон
-Барилгын салбарын бүтээн байгуулалтын улирал ирлээ. Үүнтэй холбогдуулан яам хэрхэн ажиллаж байна вэ?
-Энэ жил барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. БХБЯ-наас энэ жилийн хувьд барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж гаргасан. Үүнтэй холбогдуулан зайлшгүй дагаж, мөрдөх журмуудыг Барилгын хөгжлийн төв үндсэн 25 журмыг төслийн шатанд нь боловсруулан БХБЯ-нд хүргүүлсэн байгаа. Өнөөдрийн байдлаар яам Төрийн захиргааны төв байгууллагаас батлах журмууд мөн Засгийн газрын тогтоол гаргуулах журмуудыг тус тусад нь ялгаад ангилчихсан байна. Мөн бид барилгын ангиллын асуудлыг шийдсэн байгаа. Бусад холбогдох газруудаас санал авах хэмжээнд байна гэж хэлж болно. Мөн дөрөвдүгээр сарын 18-нд болох Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөр өнгөрсөн оны алдаа оноо болон цаашид хийх бүтээн байгуулалт, түүнийг хэрхэн шийдэх талаар салбарын хүмүүс нэгэн дор цугларч санал, бодлоо солилцож, шийдвэр гаргагчдын түвшинд хүргүүлэх юм.
-Барилгын салбарт хамгийн их хөндөгддөг асуудал яах аргагүй хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал зөрчигдөж байгаа талаар яригддаг. Энэ тухайд?
-Тийм ээ. Энэ сарын 15-нд Монголын Барилгачдын Холбоотой хамтран ХАБ-ын зөвлөгөөн улсын хэмжээнд болно. Энэхүү зөвлөгөөнөөр барилгын талбайд болдог осол, эндэгдлийг хэрхэн багасгах талаар хэлэлцэх юм.
-Барилгын салбарын өнгөрсөн оны томоохон бүтээн байгуулалтын тухайд нэрлэвэл?
-Өнгөрсөн онд яамны хэмжээнд 16 давхраас дээш барилгыг барих зөвшөөрлийг олгосон. Тухайлбал, он гарсаар “Шангри-Ла” зочид буудал 16-аас дээш давхар баригдаж улсын комисс хүлээж авлаа. Мөн зах зээлд 28 мянган айлын орон сууц бүрэн ашиглалтад ороод байна. Энэ салбарт 2 мянган барилгын компани үйл ажиллгаа явуулж байгаагаас 400 орчим нь идэвхтэй ажиллаж байна.
Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ж.Бурмаа: Байршлыг тодорхой зааж өгөх хүсэлтийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина
-Энэ салбарын эрэлт, нийлүүлэлт хол зөрүүтэй зөрсөн. Эрэлтийг дэмжихийн тулд яам хэрхэн ажиллаж байна вэ?
-Орон сууцны 5 хувийн зээлийн журамтай холбоотой асуудал нэлээдгүй гарч байна. Эрэлтээ дэмжихийн тулд орон сууцны зээлийн хүү 8%-иас 5% руу шилжсэн байгаа. Ингэхдээ хоёр төрлийн буюу стандарт болон амины орон сууц гэсэн төрлөөр буурсан. Үүний хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд Багахангай, Багануур, Налайх гэсэн алслагдсан 3 дүүргийн 24 байршилд мөн шинээр хот төлөвлөгдөж шинэ суурьшлын бүс байгуулахаар болсон.
-Хэдийгээр дээрх байршлуудын орон сууц 5 хувь руу шилжинэ гэж байгаа ч бодит байдал дээр биелэлт хангалтгүй байгаа. Арилжааны банкууд дээр очихоор байршлуудыг дотор нь дахин нарийн зааж өгнө гэх хариултыг иргэдэд өгч байна. Яг хэзээ 5 хувьд хамрагдах байршлууд тодорхой болох юм бэ?
-Байршлыг тодорхой зааж өгөх хүсэлтийг ирэх долоо хоногт бид УИХ-д өргөн барина. Ингэснээр аль байршил 5 хувьд хамрагдах боломжтой вэ гэдэг нь тодорхой болно.
-“Буянт-Ухаа 2” хороолол 5 хувийн зээлэнд хамрагдах уу?
-“Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцанд орох, гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон иргэн 5 хувийн зээлэнд хамрагдах боломжтой. Төрийн бодлого хотын төвлөрлийг сааруулах учраас 5 хувийн зээл эхний удаад хотын төвөөс гадагш хэрэгжинэ гэдэг ойлголт авах хэрэгтэй. Харин цаашид эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан тохиолдолд Нийслэлийн төвд ипотекийн зээлийг 5 хувь болгох асуудал үе шаттайгаар шийдэгдэнэ.
Ш.Адъяамаа
Эх сурвалж:Breakingnews.mn