Монгол Улсын эдийн засаг хүндэрсэн гэдгийг хэн, хүнгүй л ярьцгааж байна. Харин шалтгааныг нь уул уурхайн экспорт багасч, валютын нөөц хомсдож, долларын үнэ өссөнтэй холбон тайлбарлаж буй. Мэдээж энэ бүхэн эдийн засаг хүндрэх үндэслэл нь мөн үү гэвэл мөн. Гэхдээ “даарин дээр давс” гэгчээр эдийн засаг хүндрэх өөр нэгэн шалтгаан нь төрийн албан хаагчдын тоо өссөн явдал юм. Төсвийн мөнгөнөөс цалинжигчид сүүлийн жилүүдэд мянга, мянгаар өссөн гэдгийг бичигч би ч биш бусад олон эх сурвалж өгүүлж байна.
Төрийн албан хаагчийн тоо 2800-аар өсөв
Өнөөдрийн байдлаар төрийн албанд 186 мянган хүн ажиллаж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад 2800 төрийн албан хаагч нэмэгджээ. Мянга, мянгаар нэмэгдэх төрийн албан хаагчийн тоо өслөө гээд Монголын нийгэмд юу нэмэгдэв гээд бодоод үзье. Болж бүтэж, өөдөлж сэхсэн зүйл лав алга. Цаашлаад төрийн албанаас жилд дунджаар 15-20 мянган хүн чөлөөлөгддөг гэж байгаа. Хууль бусаар ажлаас халагдсан гэх гомдолтой 300 албан хаагч одоогоор байгааг баттай эх сурвалжаас сонслоо. Хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээс тогтоовол дээрх хүмүүсээр төрийн алба бэл нэмнэ.
Үүгээр ч зогсохгүй өнөөдөр манай төрийн албанд түр орлон гүйцэтгэгчээр 4 мянга гаруй хүн ажиллаж байна. Тэр дунд гурван жилийн турш түр орлон гүйцэтгэж байгаа хүмүүс ч бий. Ийнхүү түр орлон гүйцэтгэгчийн тоо нэмэгдэж байгаа шалтгаан нь төрийн албаны сонгон шалгаруулалтыг тойрох арга ч байж болох талтайг учир мэдэх хүмүүс хэлж ярьж буй.
Улаанбаатар хотын захиргаа 2900 албан хаагчаар бүл нэмжээ

Улаанбаатар хотын захиргааны дэд бүтэц тэлж, сүүлийн гурван жилийн хугацаанд 2900 албан хаагчаар бүл нэмжээ. Ингэснээр нийт ажилчдын цалин хоёр жилийн өмнө 25,8 тэрбум байсан бол өдгөө 50,2 тэрбум төгрөг болжээ. Энэ нь нийслэлд ажилладаг төрийн албан хаагчдын нэг жилийн цалингийн хэмжээ нь хоёр жилийн хугацаанд 94,5 хувиар өссөн гэсэн үг юм. Бүр тодруулбал, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага буюу хотын захиргаа нь 2012 онд 3809 албан хаагчтай байсан бол 2014 онд 5210, нийслэлийн төсвөөс санхүүждэг байгууллага 2012 онд 6860 байсан бол 2014 онд 8359 болж, бүтэц орон тоо нь 27,2 хувиар өсчээ. Харин цалингийн зардал нь 2012 онд 25,8 тэрбум байсан бол 2014 онд 50,2 тэрбум төгрөг болж өсчээ. Энэ бүхэн нь нийслэлийн бүтэц хэрхэн данхайсныг харуулж байгаагийн тод жишээ юм.
Үүнээс гадна Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар 2012 онд 57 байсан бол 2014 онд 74 болж 17 нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг шинээр нээжээ. Үүнээс гадна нийслэлийн хэмжээнд дарга нарын орон тоо нэмэгдсэн бөгөөд Нийслэлийн Засаг дарга зургаан орлогчтой, харин дүүргийн Засаг дарга нар нэгээс дөрвөн орлогчтой байгааг юу гэж ойлгох вэ. Өмнө нь нэг, хоёр хүн хийгээд болоод байсан ажлыг өдгөө гурав дөрвөн хүн хийж байгааг юутай холбон тайлбарлах вэ. “Магадгүй нийслэлийн хүн ам өссөн” гэсэн тайлбарыг өгч болох ч дарга нарын тоог нэмснээр иргэдэд үйлчлэх үйлчилгээ сайжрахгүй нь баттай. Харин ч гар хөлийн үсэг зуруулах нэг хүн нэмэгдэж, тэр чинээгээр иргэдэд чирэгдэл учрах нь гарцаагүй. За тэр ч бүр дүүрсэн хэрэг гэхэд дарга болгоныг дагаад унах машин, машиныг нь барих жолооч, үүдэнд нь суух нарийн бичиг бусад орон тоо нэмэгдэж байгаагаас энэ төрийн бүтэц данхар гэж нэрлэгдэхэд хүрээд байгаа юм. Данхар төрийн бүтцийг дагаад төсвийн үргүй зардал төдий чинээгээр нэмэгдэж байгааг анхаараад үзээч, төрийн түшээд ээ.
С.Баяр
Эх сурвалж: Breakingnews.mn
ЗӨВ ШҮҮ
ТАТВАРЫН НЭГ ЦЭГИЙН АЖИЛГҮЙ СУУГАА ОЛОН АВГАЙ НАРЫГ ЦОМХОТГООЧ