...
...

Г.Баярсайхан Хөдөлмөрийн яамыг хувьдаа ашиглаж байна

Сонгууль дөхөж буй дохио хаа сайгүй “дуугарах” боллоо. Нам гүм байсан төрийн түшээд найр тавин иргэдтэй уулзах болжээ. Сурсан зангаараа амлалт өгч, “76-ийн суудалд дахиж сонгоод өгөөч ээ” хэмээн сийх ч үгүй гуйж явна. Эдгээр түшээдийн нэг бол УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан.

Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Чингэлтэй дүүргийнхээ иргэд сонгогчидтой уулзжээ. “Залуучуудыг Японд сургана. Төсөл бичээд ирсэн хүнд санхүүжилт олгоно, төрийн ажлыг иргэдэд ойртуулна” гэж ирээд л эхлэх болоогүй сонгуулийн сурталчилгааг аль хэдийнэ “эхлүүлчихсэн” яваа дуулдлаа.

Гэхдээ маш зальтай. Төрийн ажил хийж яваа нэрийн дор сонгуулийн сурталчилгаагаа сэмхэн хийж байгаа юм. Иргэдтэй уулзахдаа Хөдөлмөрийн сайд гэсэн нэрээ барьж байгаа ч начир дээрээ  УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргоос (Чингэлтэй дүүргээс) нэр дэвшигч Г.Баярсайханы үйлдлийг гаргаж байгаа нь хачирхалтай. Тэрбээр Монгол Улсын Хөдөлмөрийн сайд болохоос бус Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн ажилтан биш байлтай. Гэтэл иргэдэд тараасан гарын авлага, сурталчилгааны хуудсыг харсан хэн ч Г.Баярсайханыг “хэн бэ” хэмээн гайхмаар байгаа юм.

 Хөдөлмөрийн яамнаас боловсруулсан хөтөлбөрийн тараах хуудасны эхний нүүрэн дээр Г.Баярсайхан сайдын зурагтай мэндчилгээ байх хэнд хэрэгтэй юм бэ. Тараах хуудас бүрийн эхний нүүрэнд түүний мэндчилгээ байлаа гээд ямар үр өгөөжтэй юм. Үнэхээр иргэдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөө танилцуулахыг хүссэн бол мэндчилгээ байрлах тэр хэсэгт нэмэлт мэдээллийг яагаад оруулж болохгүй гэж.

Г.Баярсайхан гишүүний хийж буй энэ үйлдлийг юу гэж ойлгох вэ. Хөдөлмөрийн яамны нэрийг барьж, хувийнхаа ажлыг амжуулж байгаа хэрэг биш гэж үү. Тийм биш бол Г.Баярсайхан гишүүн та, нийслэлийн бүх дүүргүүд цаашлаад Монгол Улсын 21 аймаг, түүний сумдад хүрч ажиллаач. Иргэдтэй нь уулз. Хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрөө танилцуул. Яагаад ганцхан Чингэлтэй гэж. Өнөөдөр Монгол орон даяар  хөдөлмөр эрхлэлтийн асуудал хурцаар яригдаж байна. Энэ салбар уналтад орж гүйцлээ. Ийм байхад Монгол Улсын Хөдөлмөрийн сайд та зөвхөн нэг дүүрэгт тусгайлан ажиллаж, Хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөр нэрийн дор өөрийнхөө мэндчилгээтэй “сурталчилгаа”-ны хуудсыг иргэдэд тарааж байгаа нь хэр зохилтой зүйл вэ. “Ахиад яажшуухан УИХ-д сонгогдох вэ” гэсэн амин хувийн ашиг сонирхлоо төрийн  нэрээр гүйцэлдүүлэхээ боль, эрхэм Хөдөлмөрийн сайд аа. Таны энэ үйлдэл иргэдэд таалагдахаасаа илүүтэй, эгдүүг нь хүргэж байгааг ч ойлго, Г.Баярсайхан гишүүн ээ!!!  

С.Баяр

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ