Зах зээлд 2015-2018 онд борлуулагдаагүй орон сууц 28 мянга орчим байна. 2016-2018 онд ХУД-т хамгийн өндөр буюу 13,587, БЗД-т 7006 айлын орон сууц байна. Эдгээр орон сууцыг зэрэглэлээр нь авч үзвэл стандарт зэрэглэл нь 50 хувь, стандарт сайн зэрэглэл 35 хувь, тансаг зэрэглэлийн орон сууц 15 хувьтай байна. Борлуулалтын хувьд тансаг зэрэглэлийн орон сууц хамгийн бага буюу 47 хувь байгаа бол бусад орон сууцны борлуулалтын явц 61 хувьтай байгаа юм.
Өнөөдөр бүгд л тансаг зэрэглэлийн орон сууц гэж ярих болжээ. Яг үнэндээ ямар орон сууцыг тансаг зэрэглэл гээд байгаагаа ч тэд мэддэггүй. Зүгээр л өнгө үзэмжээр нь ийн хэлдэг болчихсон. Үүн дээр нь дөрөөлөөд барилгын компаниуд ч үзэмжээр өөрсдөө орон сууцаа ингэж нэрлээд сурталчилгаагаа хийдэг.
Иймд тансаг зэрэглэлийн орон сууцны хангасан байх ёстой гол үзүүлэлтүүдийг товчхон дурдъя.
Нэгдүгээрт, чанар гэх ойлголтод хаанахын, ямар байгууллагын бүтээгдэхүүнийг ашиглаж, ямар түүхий эдийг хэрэглэсэн, хэдэн жилийн туршлагатай байгууллага юм гэдгийг хамгийн түрүүн мэдэж байх ёстой.
Хоёрдугаарт, орчны хувьд ногоон байгууламж нь хотхоны хэдэн хувийг эзлэх ёстойг мөн байршлын хувьд агаарын чанар, утааны үзүүлэлтээр, түгжрэлээр нь үнэлэлт өгч болно. Гадны улсад тансаг зэрэглэлийн орон сууцыг байршлаар нь хотын төв үү, хотын зах уу гэхээс илүү үзэгдэх орчныг илүү чухалчилдаг байна. Гол, нуур, далай, тэнгис зэрэг байгалийн үзэгдлүүд, эсвэл хөшөө, дурсгалт газар, олонд танигдсан барилга байгууламж, цэцэрлэгт хүрээлэн зэрэг тэмдэглэлт газруудтай хэр ойрхон байрлалтай, тэдгээр нь цонхоор яаж харагдах вэ гэдгээс хамааран зэрэглэлийг үнэлдэг аж.
Гуравдугаарт, оршин суугчид аюулгүй, тайван орчинд амьдрахаас эхлээд болзошгүй халдлага, хулгайд өртөхөөс сэргийлэх системээр орчин үеийн тансаг зэрэглэлийн орон сууцнууд тоноглогдсон байх ёстой.
Мөн орон сууцны төлөвлөлтөд дараах хэмжүүр тавьдаг. Үүнд: ариун цэврийн өрөө 70 мкв-аас багагүй, нэг өрхийн орон сууц 930 мкв-аас багагүй талбайтай, амины орон сууц бол 4000 мкв-аас дээш газартай, хотхон бол 40000 мкв-аас дээш талбай бүхий газартай байх гэсэн заалттай байхаас гадна , хүн амын нягтаршил, үйлдвэржилт, түгжрэлийн бүс зэрэг гол үзүүлэлтийг чухалчилдаг байна.
Монгол улсын нийгмийн давхраажилтын судалгаагаар Улаанбаатар хотын нийт хүн амын 2 хувь нь чинээлэг өрх. Сүүлийн үеийн байдлаар, Улаанбаатар хотод 352 мянга орчим өрх амьдардаг гэсэн статистик мэдээлэлд тулгуурлавал хотын чинээлэг өрх нь 7000 орчим гэж үзэж болно. Зах зээлд энэ зэрэглэлд хамаарах 7650 орчим өрхийн орон сууцыг нийлүүлж байна гэсэн үг юм.
Тансаг зэрэглэлийн орон сууцны хувьд ХУД-т хамгийн их буюу 13 төсөл хэрэгжиж байна.

Ш.Аагий
Эх сурвалж. Breakingnews.mn