...
...

Ч.Хашчулуун: Шатдаг занарыг ашигласнаар Монгол Улс шатахууны хэрэглээгээ бүрэн хангах боломжтой

Уул уурхай гэхээр л зөвхөн алт, зэс, нүүрс боддог цаг ард хоцорчээ. Хөгжингүй орнууд  газрын тос, байгалийн хийг орлох өөр эх үүсвэрийн эрэлд нэгэнт гарч, үр шимийг нь ч хүртээд эхэлсэн байна. “Шатдаг занар” хэмээх эрдэс баялаг уул уурхайнхны анхаарлын төвд аль хэдийнэ оржээ. Харин манай Монгол Улсад шатдаг занар хэр их нөөцтэй, хэрхэн ашигладаг талаар сонирхлоо. Энэ талаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш доктор, профессор, Монголын шатдаг занарын ассоциацийн гүйцэтгэх захирал Ч.Хашчулуунтай уулзаж ярилцлаа.

-Занар маш олон төрөл байдаг гэж сонссон. Манай улс хэр нөөцтэй, стратегийн ач холбогдол бүхий орд газар бий юу?

 -Дэлхий  дээр занарын төрлийн олон бүтээгдэхүүн байдаг. Жишээ нь, занарын хий, занарын газрын тос гэж буй. Манайд байдаг нь шатдаг занар. Энэ нь харахад нүүрстэй жаахан төстэй хатуу бодис байгаа. Байгалийн хүчин зүйлээсээ болж жинхэнэ нүүрс, газрын тос болж амжаагүй ийм нэг эрдэс бий. Монголчууд бол эртнээс их хэрэглэдэг байсан. Жишээ нь Хэнтий аймагт гэхэд малчид хоол хийхдээ түлш болгон ашигладаг жишээтэй. Шатдаг занар бол  манай улсад маш их нөөцтэй. Тийм учраас үүнийг ашиглах юм бол Монголын эдийн засгийг авч явах эрдэс баялаг, том нөөц гэж үздэг. Манайд 700 тэрбум тонн байдаг гэсэн судалгаа байдаг. Гэхдээ тэрийг сайн баталгаажуулж судлах ёстой. Яг энэ төрлийн технологид тохируулсан хайгуулын судалгаа сүүлийн хоёрхон жилд л хийж байгаа байх. Тийм учраас хуучин социализмын үед болоод сүүлийн жилүүдийн судалгааны үр дүнгийн тоог улам эцэслэх хэрэгтэй.

-Шатдаг занарыг дэлхийн улс орнууд хэзээнээс ашиглаж эхэлсэн. Харин манай улсын хувьд?

-Шатдаг занарыг дэлхий дээр ашиглаж эхэлсэн нь их эртний түүхтэй. Манайд бол түрүүн миний хэлдгээр малчид эрт дээр үеэс хэрэглэдэг байсан. Яг аж үйлдвэр, технологи гарч ирсэн нь сүүлийн 60-аад жилийн хугацаанд юм билээ. Газрын тосны нөөцгүй улсууд ийм шатдаг занараас түлш үйлдвэрлэдэг технологийг дэлхийн хоёрдугаар дайны үед их хөгжүүлсэн. Тухайн үеийн Герман, Япон, Швед улс байна. 1940-өөд оноос хойш бол манай хойд хөрш ЗХУ ашиглах эхний үйлдвэрийг барьж байсан бол, манай урд хөрш БНХАУ газар нутаг дээр нь 1920-оод онд Япончууд анхны үйлдвэрүүдийг байгуулж байсан түүхтэй. Монголд шатдаг занарын судалгаа 1950-аад оноос эхэлсэн юм билээ. Ер нь тэр үед ЗХУ-ын геологичид судалж байсан. Ингээд 70, 80-аад оноос манай Монголын геологичид өөрсдөө судалж эхэлсэн. 2000 оноос хойш ШУТИС, МУИС дээр Занарын судалгааны анхны лабораторийн судлаачид ажиллаж эхэлсэн. Ингээд 2010 оноос хойш яг аж үйлдвэрийн зориулалттай хөрөнгө оруулалтын объект гэдэг утгаар хөрөнгө оруулагч нар сонирхож эхэлсэн. Занарын судалгаа дөрвөн  үе шаттай гэж хэлж болно.

-Манай шатдаг занарыг хөрөнгө оруулагчид хэр сонирхож байна вэ?

-Анх геологичид сонирхож ирсэн. Дараа нь хөрөнгө оруулагчид сонирхсон учраас Монголд занарын холбоог байгуулах хэрэгтэй юм гэсэн санаачлага гарсан. Энэ чиглэлээр ажилладаг эрдэмтэд байна. Жишээ нь, манай анхны ерөнхийлөгч П.Очирбат, ШУТИС-ийн, МУИС-ийн, академийн төлөөлөл мөн улс төр, бизнесмэний төлөөлөл нийлээд 2013 оны эхээр энэ ассоциацийг байгуулсан юм.

Монголд байгаа шатдаг занарыг ашиглахад хоёр төрлийн технологи хэрэгтэй юм байна лээ. Нэг нь нүүрстэй адил том уурхай байгуулаад түүнийгээ ачиж гаргаад дараа нь химийн боловсруулалт хийх арга байна. Энийг манайхтай төстэй занар ашигладаг Эстони, Польш гэсэн улсууд их хэрэглэдэг. Сөрөг тал нь боловсруулалт хийхэд газар шороонд том нүхнүүд үүсдэг, тоос их гардаг. Манайд төдийлөн тохирохгүй.

Нөгөө нэг төрөл нь сүүлийн үед Швед, Германд хөгжиж ирсэн. Технологи нь занарыг хөрсөн доороос ухаж гаргахгүй, харин занарт агуулагдаж байгаа химийн бодисуудыг газар доороос халаах маягаар гаргаад газар шороог нь тэр чигээр нь үлдээдэг тийм технологи байгаа. Гэхдээ боловсруулалт нь нэлээн хүнд. Бараг 400 метрийн гүнд хийгдэх онцлогтой.

-Занарыг ашиглах юм бол улс орны эдийн засагт үр нөлөө үзүүлэх ямар эрдэс баялгийг буй болгож болох вэ?

-Шатдаг занараас  3-4 төрлийн бүтээгдэхүүн гарах юм билээ. Үүнд, бензин, дизель, байгалийн хий, бусад төрлийн химийн бүтээгдэхүүн орж байгаа. Эхний ээлжинд бензин шатахуун үйлдвэрлэхэд ашиглах хэрэгтэй гэсэн судалгаа байгаа. Өөрөө угаасаа чулуун хад учраас түүнийг жаахан халаахад л тэр гүнд процесс нь явагдаад тэр гарч байгаа химийн бүтэц бүрэлдэхүүн нь чанарын хувьд их өндөр чанартай бензин гаргаж болох нь тогтоогдсон байна лээ.

-Занарыг боловсруулаад бензин гаргаж болно гэж байна. Үйлдвэрлэлийн өртөг зардлын хувьд ямар байдаг вэ?

-Манайд байгаа занарын нөөц түүний ашиглалтын технологийг харахад  газар доор боловсруулалт хийдэг нь харьцангуй зардал бага гарах тооцоо гарсан. Яг  ийм технологийн үйлдвэр дэлхийд хэд хэдэн газар байгуулагдсан байна. Жишээ нь АНУ, Израйль, Австралид сүүлийн 20-иод жил энэ технологийг ашиглаж байна. Манай Монголын компаниуд ч сонирхож байгаа, гадны компаниуд ч байна.

-Манай улсын хувьд занар шинэ зүйл. Энэ эрдэс баялгийг боловсруулах боловсон хүчний хувьд ямар вэ?

-Ер нь боловсон хүчин бэлдэх хэрэгтэй. Гэхдээ манай геологичдийн хувьд маш  сайн бэлтгэгдсэн. Харин боловсруулах технологийн мэргэжилтнүүд, химийн төрлийн инженерээ идэвхтэй бэлтгэх хэрэгтэй. Дээрээс нь орон нутгийн иргэдтэй сайн тохиролцох хэрэгтэй.

-Дээр ярьсан бүхнийг бодит биелэл болгох цаг хугацаа хэзээ гэж харж байна вэ?

-Ер нь манай холбоонд байгаа мэдээллүүдээр эхний ээлжинд МАК, гадаадын хөрөнгө оруулагч нараас Татал, Жени гэх компаниуд хайгуулын үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байсан. Ерөнхийдөө Монгол орны зүүн, төвийн хэсэгт занарын нөөц их буй. Тэнд үндэслээд үйлдвэр байгуулах ажил эхэлж байна. Нэг квадрат жижигхэн талбайгаас бараг манай улсын бензиний хэрэглээний дийлэнх хувийг үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоо гарсан байгаа. Хайгуулын ажлаа идэвхтэй явуулж байгаа. Түүний дараа аль нэг орд дээр түшиглээд үйлдвэр байгуулаад хөрөнгө оруулалт хийгээд явах байх. 2017-2018 он гэхэд манайд занарын үйлдвэр баригдана гэж харж байгаа.

-Занарыг ашиглаж байгаа гадаадын улсаас Монголд жишиг болговол та ямар улсыг нэрлэх вэ?

-Миний бодлоор АНУ. Хэдий газрын тосны нөөцтэй ч гэсэн өөрийнх нь хэрэглээ өндөр учраас их хэмжээгээр газрын тосыг импортоор авдаг. Сүүлийн үед занарын хувьсгал хийлээ гэж байна. 2020 он гэхэд бүрмөсөн импортын бензин авахаа болино гэж байгаа. АНУ шиг том улс ингэж чадаж байхад манайх шиг бага улс ийм их нөөцтэй юм чинь шатахуун үйлдвэрлэх бүрэн боломжтой.

С.Баяр

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ